logo
Алтан гариг /Ёгтлол/

Алтан гариг /Ёгтлол/

2012/01/04
Алт үнэд орж байгаа одоо цагт үүн шиг сайхан мэдээ гэж юу байх вэ? Тэдний өөрсдийнх нь ярьдагчлан “амны билгээс ашдын билэг” гэдэг шиг алт сандайлдаг гэдэг хочтой, азийн нэгэн орны төлөөлөл ар Монголын газар нутаг дээр алтан гариг унана гэсэн дэлхийн одон судлаачдын таавар биелэлээ олж, агаар мандалд задарч бутарсан алтан гаригийн арван мянган тонноор хэмжигдэх аварга том хэсэг төв азийн цээжин дээр түмэн жил түрэмгийлсэн тэрхүү нүүдэлчдийн удам болох алтны “нинжа” нарын нутаг дээр буух цаг хугацаа дойль дойлиор хэмжигдэх алтан агшинд манай сурвалжлах хэсэг тус орны нийслэл хотод хөлгийн жолоогоо залан ирлээ.

Манай мэдээллийн агентлагтай зэрэгцэн орон орны дэлхийд алдартай мэдээлийн том гигантууд хэдийнэ ирчихсэн Монголын засгийн газрын алтан гаригийг хүлээж авах комиссын үйл ажиллагаатай танилцаж байв. Урт гартнуудад алтаа алдана гэж айсан уу, ерөнхийлөгч нь комиссын дарга, ерөнхий сайд нь шинээр байгуулагдсан “Монгол Алт” хэмээх улсын компаний гүйцэтгэх захирлаар сонгогджээ.

Монгол орон алт эрдэнэсийн хувьд шаггүй баялагтай ч алт олборлогчид нь улсынхаа банкинд тушаахаас илүү хөрш зэргэлдээ орнуудад дамлан худалдаж их ашиг олохыг чармайдаг болохоор олсон алтаа буруу гараар гулгуулсаар улсдаа төдийлөн ашиг өгдөггүй ажээ. Дөчин тонн алт ухлаа. Дөрвөн тонн нь улсынхаа сан хөмрөгт очвол их юм. Тэдний нэг нэртэй зохиолч “Яндаж болдоггүй далай шиг яасан сайхан нутаг вэ? Ямар их хувь заяагаар бид нар эзэн болж төрөв өө?” гэж дуу зохиож, тэр дуугаа дуулаад хувиараа алт олборлогчид буюу эднийхэн өөрсдөө өгсөн нэрээр “нинжа” нар ханцуй шамлан, хүрзээ барин дайрахад хүссэнийг нь өгдөг нүнжигтэй газар шороотой.

Татвар төлөөд улсаас зээл аваад алт ухдагуудгыг нь “Их гарын нинжа”, татвар төлөхгүй хаа байгаа дуртай газраар хууль бусаар хулгайгаар тоногчидыг нь “бага гарын нинжа” гэж хуульчлан баталсан гэнэ. Хулгайн аргаар борлуулсан алтаа хатуу валют болгоод их гарынх нь гадаадын банкуудад таг дарна. Тэгсэн атлаа бөөн өр ширтэй, өр ширээ барагдуулна гэдэг ойлголт мөнгөгүй битгий хэл мөнгөтэй Монгол хүнд бараг байхгүй. Хуулийн болон хилийн цоорхойгий нь ашиглаад хоёр талд нь байрласан хомхой хоёр хөрш нь хулгайгаар гаргасан Монголын алт эрдэнэс, үнэт баялгаар баяжсаар гэдэс нь хариугүй хагарах дөхсөн гайхлууд. Юун Япон, Америк л гэж ярина. Далайн цаадах чөтгөрүүдийнхээ дээр гарах гэж хошуу амаа дэвсэж, хоорондоо “хор” найруулаад, хорвоо ертөнцийг эзэгнэх хорт санаагаа лавшруулна.

Хоёр зуун дамжиж, хошуугаа холбон нөхөрлөсөн хирнээ хойд хөрш нь хөөрхий муу Монгол ахан дүүсийнхээ хөл дүүжлэх унааных нь бензин шатахуун дээр хөмхий зууж, хүйтэн харцтай ерөнхий сайдаараа хөлийнхөө чигчий хурууг үзүүлж  даажигнана. Хоёрдугаар дайны турш хонины нэхийнд дулаацаж, хонины сүүл идээд чацга алдаж явсанаа мартан, аян замд тэсвэртэй агт морийг нь унаж, аюулт дайсных нь үүрэнд аваачиж өгсөнийг санахгүй гэдийнэ...Урд зүгийнх нь яах вэ, угаасаа “нүүдэлчдийн” аллергитэй шаарнууд. Урьж залж уушаар дайлаад уяхан дуутай турьхан бөгстэй хүүхнүүдээр уруул амыг нь долоолгож байгаад уух архинд нь ухаан мансуурах хор хийж, уургын морио болгох гэж урхи тавьж сурсан улс. Уугаад ухаан санаагаа алдаад урваж урхидуулсан Монгол ч бий. Урхинд нь орохгүй уурлаж тэрслээд улаан цусаа юүлсэн Монгол ч байдаг.

Хэдэн мянган оны турш хэрзийсэн яс булаалдсан хээрийн ноход шиг хэрэлдэж, хил дээсээ булаалцалдан хэмэлдсэн улсад өнгөтэй өөдтэй яваг гэж өөрийгөө бодохоос өчнөөн жил жаргал зовлонгоо хуваалцсан өрөөл бусдыгаа бодох өчүүхэн ч гэсэн өмөг түшсэн сэтгэл өр зүрхэнд нь байхгүй байх нь тодорхой шүү дээ...Хил хязгааргүй улс болоод хамаг байдагаа гадагш нь тавиад туучихдаг юм бол уу гэтэл хээрийн шувууг хүртэл хэл амыг нь сугалчих гэсэн хилийн албатай гэж байгаа. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн бурхан л хэлж чадах тангарагтай бузгай сайн гаальтай мөртлөө бусармаг хэргээр дүүрсэнийг нь чөтгөр хүртэл ухаж бодоод ойлгохгүй,сүнс нь төөрч мэдэхээр гэнэ.

Улсын их хурлаараа “Алтан хувьцаа” гэдэг хууль батлаад ард түмэндээ хишиг тараана гэж албан ёсоор мэдэгдсэн тул гудамж талбай хаа бол хаа тооны машин, гар утсаараа тоо бодсон хүмүүс том жижиггүй дайрчих шахан алхацгаана. Энд тэндгүй “тэрбумтнууд”-ийн нийгэмлэг байгуулагдаж,”Тоо бодвол толгой сэргэнэ”,”Тэрбумаас дээш бодож сурцгаая” гэсэн уриа лоозон хавтгай гадаргуутай хана болгон дээр наасан харагдана. Үндэсний телевизээр нь “Алтан Монгол” гэдэг хөгжөөнт нэвтрүүлэг гарч байна. Асуулт нь нэг унци алт хэдэн доллар вэ, Лондонгийн хөрөнгийн бирж дээр ямар ханштай байна гэж асуух юм. Харамсалтай нь мэддэг нэг ч оролцогч тааралдсангүй. Учир юу вэ гэвэл Монголчууд хар захаар хамаг наймаагаа хийж сурсан улсууд аж. Нэг грамм алт хар зах дээр тавин мянган төгрөг. Килограмм алт тавин сая төгрөг. Ингээд бодоход алтан гаригийн хэсэг Монголд унах алтны ноогдол арван мянган тонн алт бол эдний ханшаар таван зуун миллиард төгрөг болох юм. Үүнийгээ хоёр сая долоон зуун тавин мянган хүндээ хуваахаар  нэг хүнд зуун наяад тэрбум төгрөг оногдоно.

Бүгдээрээ долларын саятнууд болж байгаа хэрэг л дээ. Яасан амны хишигтэй улс гэж ийм байдаг байна вэ. Зүгээр хоорондоо хэрэлдэж суугаад тэнгэрээс өөрөө сая саяараа доллар тэдний толгой дээр унаад ирлээ гэсэн үг биз дээ. Гадаадынхантай гэрлэсэн нүд ам нь хөхөрсөн олон мянган Монгол хүүхнүүд энэ өдрүүдэд гэрлэлтээ цуцлуулан эх орондоо эргэн ирж байгаа баярт мэдээний сацуу харь газар барлагийн ажил хийдэг түм түмэн Монголчууд “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон минь” гэж дуулцгаан нэмэгдэл нислэгээр буцан ирж байгаа олон үйл явдал зурагтын дэлгэцүүдээр эрээлжилнэ.

Тэр байтугай оросын нүүрс ачсан транзит ачааны вагон дотроос нүүрсэн дотор нуугдаж ирсэн яах аргагүй Монголоор ярьдаг хүн гэхэд нүүрснээс дор тас хар, хүүр гэхэд ам шүд нь яралзсан хэдэн хүнийг цагдаагийн газар шалган, нэр хаягыг тодруулж байгааг харав. Монголын иргэн болох хүсэлтэй олон мянган жуулчин энэ өдрүүдэд Монголын бүх хилийн гарц, боомтоор цүнх сав, ачаа тээшээ чирэн ядуучуудад үнэгүй хоол өгдөг сүмд дугаарлаж байгаа мэт бөөн бөөнөөрөө бүчив. Улаан арьстнаас гаралтай Холливудын нэг нэрт жүжигчин миний өвөг дээдэс арван мянган жилийн өмнө энэ нутагт амьдарч байсан тул би Монгол улсын иргэн болох ёстой гээд зургаан авгайгийнхаа жаран хүүхдүүдийг дагуулаад ирчихсэн, Чингис зочид буудалд хөлслөх сул өрөө байхгүй учир хурлын танхимд нь пүүгээгээ чирчихсэн хэрүүл хийнэ.

Хурлын танхимд үнэхээр зайгүй байлаа. Дэн Сяо Пиний ач хүү миний өвөө Юннаны Монголчуудаас гаралтай гэсэн намтар зохиолоо сэтгүүлчдэд танилцуулах гээд “байр”-ны “шум” тарина. Жириновскийн хамаатан орос залуу оросыг сайн “ухвал” татаар гарна гэдэгчлэн бидний овог бол “Жирийн” гэдэг монгол үгнээс үүсэлтэй гэж сэтгүүлчдэд мэдэгдэж, өнөө муу нагац ахыгаа тархинд нь тал цус харвуулж, сүйдлэхээ дөхөв. Казакстан явсан Баян-Өлгийчүүд “Бид Кэрэйдийнхээ голомтыг оркиж явсан түмэн буруугаа күлээе” гээд Шинжаанаар хил давж,визгүй орж ирээд бас дахиад нэг Байтаг Богдын мөргөлдөөн үүсгэхээ дөхлөө. Буриадууд эльхэн төрөлдөө харнийш гэм гээд Улаан-Үдээ орхиод явахад нь Оросын шинэ маягийн “өлөн” удирдагч нар Буриадын бүгд найрамдах улсыг Байкал муж болгож, хойд Солонгос руу хоолой тавь гээд Ходорковскийг шоронгоос гаргаж, захирагчаар томилов.

Өвөрлөгчид шүдээ сайн угааж угааж Эрээнээр хилийн дээс алхтал өмхий хужаа нар байна гээд өөдөөс нь салаавч өгөөд буцаалаа. Энэтхэг, Афганистанаас хэдэн хазаар, мөн төдий тооны моголчууд ирсэн боловч “терорристууд” гээд нэг нүдээрээ харсангүй. Тэгсэн атлаа африкаас ирсэн хэдэн харуудыг Анагаахын сургуульд сексийн хичээлийн үзүүлэнд ашиглана гээд удаан хугацаагаар амьдрах эрх өгчих юм. Таван тив дөрвөн далайгаас хүмүүс ирж, хэлтэй нь хэлхэлдэж, хөлтэй нь хөлхөлдсөн ийм том үйл явдлыг Монгол байтугай дэлхий нийт шүлсээ савируулан харж байв. Америкчууд бол бүр идэвхтэй харж байлаа. Монголд “долоон сарын нэгэн” дахиад болбол хуурай замын десантынхан “Ардчилал”-ыг аврах нэрээр Монголд цэргийн хүчээ явуулахад бэлэн байгаа нь илт харагдана.

НҮБ ч бас цэнхэр дуулгатнууддаа Монгол руу марш гэж команд өгөхөөр, хятад жолооч өвөр монгол малчныг том даацын ачааны тэргээрээ дайрахыг хүлээж байжээ. Монголын өмнөд хил дээр урд хөршийн арми хээрийн сургууль хийвэл хариу хээрийн сургууль хийхээр НАТО-гийн удирдах бүрэлдэхүүн Брюссельд байгаа Монголын элчин сайдын яамтай гэрээнд гарын үсгээ зуржээ. Эл хэдэн өдөр дэлхий нийт Монгол гэдэг аз нь шовойсон “нүгэлтнүүд”-ийг тэнгэр бурхан хэрхэн өршөөн соёрхож буйг Ромын папын хэлсэн үгнээс сонсож, Папаугийн ширэнгэн ойн дотор амьдардаг хүний мах иддэг нүцгэн хүмүүс Монгол монгол гэж алгаа ташин ангийн хоолоо “цохих” болжээ. Америкийн сансар судлаачид шинээр нээсэн шинэ эрхэст Монголалт гэдэг нэр өгөв. Шведийн нэг фермерчин ихэр тугаландаа Монгол, Логном гэдэг нэр хайрлав. Эйпл-ийнхэн шинээр МГЛ гэдэг айпон зохиожээ.

Хондогийн шинэ цахилгаан үүсгүүр бас Монгор нэртэй. Хятадуудын хуулбарласан Форд машины шинэ загвар ч Монгү-2011 гэнэ. Төрж байгаа хүүхдүүд Монгоулиа гэж уйлж, хадан гэртээ харьж буй хөгшид үхэхийнхээ өмнө Монголай гэж хэлээд үхэж байлаа. Төрхөмдөө буцаж байгаа бэр хүртэл “Карл аа,би Монголд очиж амьдарнаа. Хүн яаж амьдардагыг чамд мэдүүлнээ” гээд явж байна. Вьетнам тариачин цагаан будааны чанамалаа чамлан түлхэж,”Донгыг дагаад Монголд очъё. Тэнд очоод гутал тослоод сууж байх нь тэнэг одсонд чирэгдэж шавартай ус туучихаас дээр юм” гэж өгүүлнэ.

Хорвоо ертөнц Монголоор амьсгалж, Монголоор амьдарч байгаа энэ хэд хоногт Монголын засгийн газрын хийж буй ажилтай дахин танилцъя. Байзаарай, Нью-Йоркт байдаг найз бүсгүй минь залгаж байна.”За, сайн уу хонгор минь, сонин юу байна? Монголын тухай асуулт хариултын тэмцээнд найз нь түрүүлээд Монголд хоёр жил амьдрах ногоон картаар шагнууллаа. Энэ бүхэн бол чиний минь ач тус шүү. Чамайг би Монгол явна гэхэд оросын монгол уу, хятадын монгол уу? гэж тэнэг асуулт тавьж байсанаа одоо бодохоор өрөвдөлтэй санагдаж байна. Чамайг явсанаас хойш би Монгол орны тухай англи хэл дээрхи бүх номыг уншлаа.”Өнөөгийн ертөнцийг үүсгэгч их эзэн Чингис хаан” үнэн гоё ном байна. Өнө эртний гайхамшигт түүхтэй Монгол оронд надаас түрүүлж очсон чамдаа бяцхан атаархах боловч удахгүй би тэр сайхан оронд очиж амьдарна гэхээс сэтгэл минь дэндүү догдолно.

Ертөнцийн талыг махир сэлмэн дороо захирч явсан хүчирхэг их гүрний алтан хөрсөн дээр ажиллаж амьдарч яваа чамаараа туйлын ихээр бахархаж байна” гэж мэгшлээ. Хойд туйлын цагаан баавгай хүртэл Монголоор хүрхэрч байх шиг байна даа...Уул нь тэр алтан гариг хуваагдаж бутралгүй Монголын нутаг дээр унах байсан бол жинхэнэ аймшиг болох байсан юм. Цохилтын хүчнээс болж, газрын гадарга хүчтэй доргиж, асар том тогоо үүсэж, тэр аварга нүх рүү хамаг юм урсан унаж осолдох байлаа. Тэгэхэдээ Монголчууд хэзээнээсээ чоно шигээ тэнгэрлиг хийморьтой байсан юм. Жаран хэдэн онд Монголын нутагт Икар гэдэг гариг мөргөлдөх гэж байсанаа гайхалтай сонин тохиолдлоор чиглэлээ өөрчлөн зайлсан гэдэг.

Эндэхийн бөө, удганууд нь зайлуулсан ч юм билүү. Лам хуврагууд нь шидэт тарни уншаад хөөсөн ч юм билүү. Дээр үед Монголд унах байсан аварга том солир Тунгуст унаж байсан түүхийн баримт ч байдаг. Гэвч алтан гариг бүхлээрээ унах байсан тохиолдолд Монголд бус өмнөд хөршид нь унах байлаа. Сая живаа хүмүүс тэр аймшигт ангал руу татагдан унаж, хот тосгон, улс үндэстэнээрээ орвонгоороо алга болох байгалийн аюулт гамшиг болох байв. Тэгээд хятадуудын шоргоолж шиг олныг юу гэх вэ, дэлхийн хүн амын ихээхэн хэсэг сүйрэх тавилан хүлээж байлаа. Тэгсэн нөгөө хятадууд бидний олноороо үхэх яах вэ, үлдэж л таарна.

Тайвань, Сингапураар дүүрэн байна. Дэлхийгээр нэг тарсан хятадууд Ванкуверээс эхлээд цугларна. Харин энэ алтыг хэнд ч алдалгүй өөрийнхөө газар шороон дээр унагаана гэдэг хятад хүний нэр төрийн хэрэг гээд шуудай тампуу, хүрз зээтүүгээ бэлтгээд өдөр шөнөгүй тэнгэр хараад гөлөрч л дээ. Алтанд даруулж үхвэл амьд явсаны минь гавъяа гэцгээн хүлээв. Тэгтэл тэнгэрт пис пас. Нөгөө алтан гариг нь нэг том солиртой мөргөлдөөд сансарт хагарч, тэнхлэгээ алдан, чиглэлээ өөрчилж, үлдэгдэл хэсэг нь Монголын нутагт газардах тавилантай болсон билээ.

Өчүүхэн хэсэг нь Ангараг дээр газардсан боловч орос, америкчуудын тавин жилийн өмнө хөөргөсөн сансрын хиймэл дагуул одоо болтол очоогүй замдаа яваа учир тэндээс алт зөөж авчирна гэдэг бол араб хүнийг загалмайтны шашинд оруулаад амьдаар нь тамлахаас хэцүү хэрэг болох ажээ. Болдог юм болдогоороо болно гэдэг аядуу диалетикийн дагуу сансрын алтан солир саарыг гээж, сайныг дагуулан Монголын эх нутгийг зорин яваа нь үнэхээр энэ ард түмний амны хишигтэйг дэлхий дахинаа харуулсан билээ. Хэдийгээр ихэнхи тал нь сансар огторгуйгаар тарж бутран сарнисан ч гэсэн үлдэгдэл хэсэг нь Монголын эдийн засгийг дэлхийд номер нэг болгон хүчрэхжүүлэх асар их алт байгаа нь Монголчууд хэзээнээсээ дэлхийд номер нэг ард түмэн гэсэн үзлийг дэлхий нийтэд тунхаглан харуулсан үйл явдал боллоо.

Монголд алтан гариг буухтай давхцан хятадууд “Монгол бол хятадын салшгүй хэсэг мөн. Чан Кай Ши л тусгаар тогтнолыг нь зөвшөөрсөнөөс ийм юм боллоо. Тайваньчүүд зөвшөөрсөн болохоос бид зөвшөөрөөгүй “ гэж бухаж үзсэн боловч үнэнд гүйцэгдээд цагаан хэрмийн араар нуугдан чимээ тасрав. Тэд НҮБ-д арын хаалгагүйгээ ойлгоод нэгмөсөн ичих шиг болов.

За эргээд алтан гаригыг хүлээж авах комиссын ажилдаа оръё. Монголын засгийн газар Гонконгийн бирж дээр үнэт цаас гарган,хувьцаагаа худалдсан боловч энэхүү үлдэгдэл хэсгийг хятадууд пуужин буудаад агаарт устгана гэж айсан уу, хувьцааны борлуулалт засгийн газрын хүссэн хэмжээнд очсонгүй. Иймд засгийн газар хуралдаж,олон улсын тендер зарлан,алтан гаригыг “тосч” авах үйл ажиллагаандаа хуримтлал үүсгэхээр болов. Тендерээ шалгаруулах гэж өдөр шөнөгүй маргалдаж байж, цаг нэгэнт оройтсон тул хамгийн их бэлэн мөнгө урьдчилгаанд өгч чадах “хоншоор”-той нэгийг нь нүдээ аниад баталж орхилоо. Алтан гариг унах газар нутаг нь Монголын говийн өмнө зүгийн нэг аймаг учир аюулгүйн ажиллагаанд зарцуулах хөрөнгө хөс тооны машинаар бодохоор их ч байсангүй. Харин засгийн газар болон хүлээж авах комиссоос иргэн бүрт олгох алтан хувьцааны алтан картаа англи улсад хийлгэсэн нь өндөр үнэтэй тусчээ.

Монгол алт улсын компаний удирдах зөвлөлөө сонгох гэж хэдэн өдөр хуралдаж цаг алдсаны эцэст авилгалын хэрэгт урд өмнө нь орооцолдож байгаагүй таван хүнийг арай гэж олж сонгов. Нэг хурал хийгээд цайллага хүлээн авалт. Идэж уух нь дийлдэхгүй яасан ч ходоод гэдэс сайтай хүмүүс вэ. Бүтэн хонины чанасан махыг хорин хул айргаар даруулаад нэг цагийн дотор хап гээд идэж байгаа нэгэн Монгол бөхийг би харсан юм. Миний хоёр жилд идэх махыг ганцхан цагийн дотор шүү дээ. Монголчууд өөрсдийгөө чононоос гаралтай гэж ярьдаг. Тэгвэл чононы ходоодыг хүртэл “өвлөж” авчээ. Банкныхаа нөөцөнд орж ард түмэндээ  арван сая төгрөгийг бэлэн мөнгөөр тараасан тул Улаанбаатарын гудамжинд машин тэрэг унасан хүнгүй боллоо. Учир нь хүн бүр уусан идсэндээ дийлдээд цэх явдаг хүн нэг ч алга. Согтуу хүн машин жолоодолтой биш бүгд явган явцгаана. Эрүүл хүн буюу гадаадын сурвалжлах албаны бид ч машин тэрэг унахаа болилоо.

Хэрэв машин барьвал согтуу хүмүүс гуйвж ирэн, дайруулчих гээд машин барьж явах ямар ч аргагүй болжээ. Удахгүй баян болохоороо тэдэн давхар байшинтай болно, төдөн машин морь худалдаж авна гэж ойворгон загнасан  хүмүүс гудамжаар дүүрэн. Үндэсний нэг нэвтрүүлгээр нь “Баяжсаны дараа” гэдэг нэвтрүүлэг гарчээ. Баяжсаны дараа юу хийх вэ гэсэн асуултыг нэвтрүүлэгт оролцогчдоос асууна.
Хөдөөний нэг малчин хариуллаа. Авсан мөнгөөрөө араб адуу худалдаж авна гэнэ. Төвд банхар худалдаж аваад хонио хариулгана гэнэ. Цирк шиг том гэр барина гэнэ. Сайн үүлдрийн эцэг мал худалдаж авна, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж,дулаалгатай хашаа байшин саравч барина гэж нэг ч дурьдсангүй. Худаг ч гэж ам нээсэнгүй. Дараа нь нэг жолооч байсан хижээлдүү хар хүн ярилаа. Зуун машин худалдаж аваад такси баазтай болно гэнэ.”Ингэж маш олон хүн саналаа хэлсэн шүү дээ. Хотоор дүүрэн такси болчихвол хэн танаар үйлчлүүлэх вэ?” гэхэд духаа маажсанаа,тэгвэл би зуун ачааны машин худалдаж аваад нүүрс урагш нь зөөнө гэлээ.”Наадах санааг чинь мянга гаруй хүн хэлсэн. Тэгээд ч төмөр замаар нүүрсээ зөөнө шүү дээ” гэхэд нөгөөх эр шилээ шөргөөсөнөө, машин засварын газар байгуулна гэв.”Өршөөнө үү,таны энэ саналыг одоогоор зуу гаруй хүн тавиад байна. Нэг нь дугуй засна. Нөгөө нь мотор засна. Гурав дахь нь цахилгааныг нь. Дөрөв дэх нь ачааны тэвш, кузовыг нь засна гэсэн.

Шил арчигч дангаараа засах засварын газар ч байгаа” гэхэд нөгөө эр нуруугаа нухсанаа, моторын тоос шороог нь цэвэрлэнэ гэж залхсан янзтай хариулав.”Угаалгын газар энэ асуудлыг шийднэ. Тэгээд мөнгөтэй хүмүүс тостой хуучин машин юу гэж унах билээ”гэвэл залхаж уйдсан нөгөө эр, ах нь яарч байна, дараа болъё гээд зугатахын түүс болов. Гурван настай хүүхэд хүртэл нэвтрүүлэгт оролцох аж.”Миний дүү мөнгөөрөө юу хийх вэ?””Мөхөөлдөс авч иднэ””Хэдэн мөхөөлдөс авах вэ?””Зуу...мянга””Яанаа,энэ хүүхдэд антарктидын цасыг элсэн чихэртэй холиод өгсөн ч цадахгүй юм байна”. Хүний нүдэнд зэрэмдэг хүн шиг харагдах араа шүдгүй онгорхой хар нүх болсон амтай архичин ярив. Юуны түрүүнд хиймэл шүдтэй болж байгаад хэдээр ч хамаагүй тарваганы хорхог худалдаж авч иднэ гэнэ. Өөртөө захиалгаар хувцас хунар оёулна. Тэгээд гадаадад жуулчнаар явж хамгийн үнэтэй архи болгоноос ууж үзнэ гэнэ.

Энэ шидэл далайд унаж үхэх нь илэрхий. Нэг бол архиндаа түлэгдэж үхнэ л дээ. Мөнгөтэй болоод ч хэрэг алга. Азтай Монгол хүн болж төрөөд ч ашиг алга. Бас нэг нүдээ цавчилсан аальгүйдүү охин хариулна. Муруй хамраа засуулна гэнэ. Түүнд засуулахгүй юм гэвэл хэл нь байх шиг байлаа. Нүдэндээ болор суулгана. Майга хөлөө тэгшлүүлнэ гэнэ. Махны худалдагч бүдүүн эмэгтэй ярина. Долоон хоногт долоон кило тураадаг эмчилгээнд очиж сувилуулна. Миамид очиж, наранд биеэ шарж хэвтэх юм гэнэ.
Мадоннатай зургаа даруулна. Майкл Жексоны шарил дээр цэцэг тавина гэнэ. Галзуугийн эмнэлгийн өвчтөнөөс хүртэл авсан мөнгөө юунд зарцуулахыг асуух юм. Нэг галзуу мөнгөөрөө дахиад шинэ галзуугийн эмнэлэг барина гэнэ. Тэгэхгүй бол нэг өрөөнд олуулаа байна гэж гомдоллов. Хоёр дахь галзуу нь тамхины ишээрээ “харж үздэг” хамгийн “сайн” сувилагчдаа бүх мөнгөө өгнө гэнэ. Гурав дахь галзуу нь бие хамгаалагч,гэрийн үйлчлэгчтэй болж, номтгох цамц өмсгөдөг эмчээсээ бие хамгаалагчаараа хамгаалуулна,нам унтуулдаг тариагий нь зарцдаа хийлгэнэ гэж хариулна. Хүн бүрийн хүсэл мөрөөдлийг харуулсан уг нэвтрүүлэг нь монголчуудын хамгийн их үзэх дуртай нэвтрүүлэг болжээ.

Гадаадын олон орноос нэр цуутай фирмийн бараа сурталчилгаа Монгол орныг халуун зуны нар мэт бүтээж алах гэж байх шиг байгаа бололтой. Хамгийн үнэтэй машин,хамгийн үнэтэй байшин,хамгийн үнэтэй рашаан сувилал,аялал жуулчлалын газрууд Монголчуудыг урин дуудаж,урилга зарлагаа хямдруулан,телевизийн нэвтрүүлгийн хажуугаар бор шувуу нисгэнэ. Монгол “Мода” болсон жинхэнэ оргил цаг нь энэ цаг мөч байлаа. Олон зуун жилийн өмнө орчлон ертөнцийг орвонгоор нь эргүүлж явсан Монголчууд одоогийн цаг үед ч гэсэн одот гаригийн илгээсэн олзны бэлгийг хүлээн авах цаг мөчийг долоон миллиард хүн төрөлхтөнийг догдлуулан атаархуулан хүлээн авах гэж байгаа нь юутай азтай, одтой хэрэг вэ...

Ёслолын ажиллагаанд оролцохоор Холливудын “одод” бүгд л урилгаар ирэх гэнэ. Хажуугаар нь спортын одууд бүгд л цугларчээ. Монголд зохиосон газрын теннисны “Алтан цохиур” тэмцээнд Шарапова, Жокович,Надаль, эгч дүү Уильмс бүгдээрээ ирлээ. Хөлбөмбөгийн “Алтан шаахай” тэмцээнд Роналдуг амьдаар нь харах завшаан тохиолоо. Харамсалтай нь Монголын шигшээ баг Реаль Мадридид 100:00-р хожигдов. Монголын хөлбөмбөгчид урьсан зочноо хүндэтгээд хожигдсон гэж бодсон ч тэмцээний дараа тэдний өмсгөлийг сольж өмсөөд хожсон мэт хөөр баяр болох нь нэг л хачирхалтай... Тендерт шалгарсан гадаадын компани алтан гариг буух газарт тусгай материалаар хийсэн зөөлөвчит матросуудыг олон үеээр давхарлан,байрлуулж,өдөр шөнөгүй хятад ажилчдыг гар амраахгүй ажиллуулав.

Алт худалдаж авах гэрээ хийсэн хятад улсын засгийн газар үүнийхээ баталгаа болгож Монгол улсад их хэмжээний зээл бага хүүтэй олгосноор Монголчуудын баяр цэнгэлийн ажиллагаа дээд цэгтээ хүрч,хүн төрөлхтөний түүхэнд дуулдаагүй хүчит арван хоёр мянган бөхийн “Алтан даншиг” гэдэг наадам арван өдөр,арван шөнө үргэлжиж,Хүй долоон худаг гэдэг газар араб морьдын тоосонд атар газар  хагалсан юм шиг дарагдан,агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд цоллуулав. Бай шагнал ч гэж аймаар. Сая долларын үнэтэй,тусгай захиалгаар хийлгэсэн сүүлийн үеийн загварын авто машинууд. Гадаадынхан бидэнд таалагдсан нэг зүйл бол үндэстэн ястан, хүүхэд хөгшидгүй оролцсон “Алтан аялгуу” гэдэг урлагийн их наадам байлаа. Энэ цаг үед төрсөн хүүхдүүд  бүгдээрээ “Алт”-тай холбогдсон нэртэй болов оо. Алтанбагана, Алтанцэцэг, Алтансүх,Алтанчимэг, Алтантөр, Алтансувд, Алтан-эрдэнэ, Алтантовч, Алтангариг, Алтан-од, Алтсайхан, Алтболд, Алтдорж...Шинээр төрж буй мянга мянган компаниуд ч адилхан.

”Алтанэрхи””Алтанлуу””Алтанговь””Алтанбөгж””Алтанталх””Алтанзууч””Алтангутал” гэх мэт. Үйлдвэрээс гарсан шинэ бүтээгдэхүүнүүд архи,пиво,ундаанууд “Алтанчингис””Алтан Хараа” ”Алтансоёмбо””Алтаннавч””Алтанбороо””Алтанзүрж””Алтанборгоцой”.Чихэр боовны нэр бүр ч тоймоо алдсан. Гуанзанд “Алтангуляш” идэж болно. ”Алтанбууз” идэж болно. ”Алтантранс” компаний “Алтан автобус”-анд сууж болно. Монгол хүн бүрийн амнаас “алт” гэдэг үг л сонсогдоно. Сайн харах юм бол хүмүүс түрүүчээсээ алтан шүдтэй болоод эхэлжээ. Яруу найргийн “Алтан цом” тэмцээн дээр шүлэг уншсан найрагчид бүгдээрээ алтан шүдтэй байж билээ. Сүүлчийн байранд шалгарч,тэрхүү “Алтан цом”-ыг авсан залуу найрагчийн “Аав минь намайг төрөхөд мөнгөгүй байсан юм. Алтан шүдээ булга цохиж ломбардад тавиад өлгий авч өгсөн юм. Аав минь одоо бурханы оронд бий. Араас нь би очихдоо алт аваачиж өгнөө” гэдэг шүлэг олон хүний сэтгэлийг татах шиг болно лээ.

Хөхүүрийн ам холдож,хүйтний ам наашилсан намар цаг болжээ. Энд тэндгүй уусан идсэн наргисан цэнгэсэн, баярласан хөөрсөн хүн ард. Радиогоор нь “Алтан намар” гэдэг дууг өдөр шөнөгүй давтана.”Ай даа намар цаг. Алтан сайхан цаг” гээд дахин дахин дуулах бөгөөд хөл дээрээ тогтохгүй хөлчүүрхэж найгасан улсууд нөгөө дууг дууриан давтаж дуулаад чихний хэнгэрэг хагалах шахна. Хэн нь өвөлдөө бэлдэж, өвс тэжээлээ авч,тариа будаагаа хураах вэ. Тэгтэл “мөнгөтэй” хүмүүс сайхан юм аа. Өмнөд Солонгосоос трактор, комбайн түрээсэлж аваад,хойд Солонгосоос тариаланчид хөлсөлж авчраад тариа будаагаа хураалгана. Өвөр Байгалийнханаар хадлангаа хадуулаад, өвөр Монголчуудыг ацаглаад малаа хариулгана. Хятадуудаар нүүрс, жоншоо ухуулна. Канад, австралиудаар зэсийн хүдрээ зөөлгөнө. Филиппенчүүдээр гэрээ цэвэрлүүлж, хүүхдээ асруулна.

Тайландчуудаар нуруундаа иллэг хийж сувилуулна. Вьетнамчуудаар хоолоо хийлгэнэ. Төвдүүдийг залаад бурхны номоо уншуулна. Энэтхэг дархчуудаар ээмэг бөгжөө цутгуулна. Сеулын эмч нар эрүүл мэндийг нь хариуцна. Токиогийн засварчид унаагий нь засна. Чингис хааны үед сэлмэн дор ажилладаг байсан бол цээж өвчтэй одоо цагийн Монголчууд тэднийг мөнгөн буулгаар боолчилно. Энэ Монголчууд чинь хэзээ язааны л эзэн дээд заяатай хүмүүс юм. Жаахан хамраа сөхөхөөрөө хүн зарахдаа дуртай гэж. Үнэхээр “алтан гариг” буухад хүрвэл мань мэтийн сурвалжлагч нарыг барьж аваад, гинжилж орхих вий дээ. Тэрүүндээ ч арай хүрэхгүй биз,хүн амын ерэн хувь нь бичиг үсэгт тайлагдсан хүмүүс, Женевийн тунхаглалыг уншсан гэж найдъя...

Тэгтэл алтан гариг тэнхлэгээ өөрчлөн Монгол байтугай дэлхийн агаар мандлаас чиглэлээ өөрчлөн өөр тийш даялав. Тэнгэр рүү ширтсэн арван дөрвөн миллиард нүд гайхшаа баран дүрлийв. Монголчуудын таван сая таван зуун мянган нүд бүр ч аймшигтай дүрлийх нь тэр. Удирдагч нарынх нь нүд бүр аймаар улаанаар эргэлдэж,харцанд нь галзуурах гэж байгаа хүнийх шиг амьгүй цог илэрсэнээ, аргаа барагдсан хилэнцэт нулимсаар солигдов. Харааны шилтэй дарга нарынх нь нүд мэлхийнээс өөрцгүй болсон харагдана. Хар шил зүүсэн “гангачууд” нь нулимсаа нуусан нь гарцаагүй. Ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л боллоо. Зонхилох намын дарга гэх нэгэн “Дараагийн сонгууль өнгөрлөө” гэж хэлээд муурч унав. Ерөнхий сайд огцорсоноо зарлаад газар түрүүлгээ харж хэвтээд, огиж гарлаа. ”Хоол нь ихэджээ. Муу ч гэсэн төр толгойлсон хүн байна. Хүүхдүүд минь нуруун дээр дараад өг” гэж нэг авгай түүнийг өрөвдөв. Огцорсон засгийн газрын сайдууд оршуулганд зогсож байгаа мэт толгой гудайлган түүнийг хүрээлэв...

Хэт баярлаж,олон хоног хундага тавилгүй архи ууж,хутга тавилгүй мах идсэн хүмүүсээс олон хүн муужирч унасан боловч алтан гаригыг хүлээж авахад бэлтгэсэн аюулгүй ажиллагаанд зориулсан авран хамгаалах тусгай ангийн түргэний машинууд унаж ойчсон хүн бүрд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байлаа. Засгийн газрын гишүүдээс олон хүн “ойч”-чээ. Арга ч байж уу дээ,удахгүй баяжина гэж баярхаад, хамаг улсын хөрөнгөө, дээрээс нь гадны зээл тусламжтайгаа шавхаад урьдчилаад “цохичихсон” хүмүүс. Тэднийг шүүхийн танхим,шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дамжин өнгөрүүлэх анги гээд олон олон хүндрүүлсэн нөхцөл байдалтай “халамжийн” газрууд шил шилээ харан хүлээж байгаа шүү дээ...Ай,хөөрхий,ус үзээгүй гутал тайлах,уул үзээгүй хормой шуух гэж өөрсдийнх нь үг байдаг даа. Нэг мөсөн ч амиараа хийлгэлээ дээ. Амаараа шороо үмхэнэ гэдэг боллоо...Олон хоног баярлан хөөрч, арабын баячууд шиг бийлэгжүү загнасан энэ орны ард түмэн л өрөвдөлтэй харагдана. Хүсэхэд хясна гэгчээр тэр алтан гаригны хэлтэрхий унатал бостол хуурч өгөөд сансрын хязгааргүй уудамд алслан оддог ч юув дээ...Гэтэл олны дундаас нэгэн хүн “Алтан гариг манай улсад бууна гэж анх аль улсын ямар эрдэмтэн хэлсэн бэ? НҮБ-т заргалдах хэрэгтэй биз дээ?” гэж хэлэхэд түүний эргэн тойронд ухаан санаа элийрсэн хүмүүс гэнэт сэхээ авах мэт түүнийг тал талаас бүчин,”Нээрээ үнэн үг.

Олон улсын шүүхэд хандаж, заргалдах хэрэгтэй””Бүхэл бүтэн улсаар тоглоод байхдаа яадаг юм бэ?Ямааны мах халуун дээрээ гэдэг. НҮБ-ын төлөөлөгчийн газар руу очицгооё.””Зөв зөв. Ингэж шархаа нөхөхөөс өөр арга алга. Тэгж байгаад ч бид амны хишигтэй улс шүү” гэцгээнэ. Хүмүүс тал бүрээс цугларан, зөвлөлдөн ярьж байгаад “НҮБ-тэй заргалдах хөдөлгөөн” гэдгийг тэр дор байгуулав. Тэгээд дарга сонгох болтол хэн нэг нь “Анх энэ санааг гаргасан хүн аль намын харъяалалтай хүн бэ?” гэж асуув. Түрүүнд дуугарсан хөхөөний ам гаргасан эхний хүн жаахан тээнэгэлзэж байсанаа зориг шулуудсан янзтай,”МАН” гэж эрсхэн хэлэв.”Даравч далдардаггүй МАН” гэж нэг хүн дурамжхан дуугарлаа.”Одоо яахав,хэргийн эзэн хэнгэрэгийн дохиураараа үзээд алд” гэж нэг настай өвгөн тушаах маягтай хэлсэнээ торгон дээлийнхээ өврөөс алтан утсаар шагласан даалингаасаа шүрэн толгойтой, оюу суурьтай, чүнчигноров хөөргөө гаргаж,алтан халбаган дээр хамрын шар тамхи багсайлган хамрынхаа нүх рүү чихэж, кайф аван уужраад, “Монголын буян яндашгүй баян. Амны билгээс ашдын билэг гэдэг. Бидэнд том сургамж боллоо. Гэхдээ бид удахгүй баяжнаа. Харж байгаарай.

Энэ Монголын хөрш шороон доор эзэн Чингисийн бидэнд хадгалж үлдээсэн үүнээс ч том “алтан гариг” зөндөө бий” гэж бахархалтай өгүүлэв. Хүмүүс ч “тийм шүү” гэх шиг толгой дохицгоов...Хэдийвээр “азгүй”-тэж дууссан ч гэсэн манай сурвалжлах багынхан он удаан жилийн түүхтэй,хөрсөн дороо хүн төрөлхтөнийг “тэжээх” тоймгүй  эрдэнэ агуулсан азийн энэ “баян” орноос сэтгэл өндөр буцсан юм. Шинээр байгуулах засгийн газраа “эрүүлжүүлж” чадвал энэ улсад хүнд хэрэгтэй бүх юм бий. Тэр үнэтэй хөөрөг барин эх орноороо бахархах тэр өвгөн шиг хүнд ардынх нь сэтгэл улс орныхоо ирээдүйд итгэл төгс байгаа гэдэгт онгоцны буудал чиглэн давхиж явахдаа би өөртөө итгэлтэй хэллээ.

Байгальтай буруу харьцвал байгаль ч бас биднээр даажигнан тохуурхаж болохыг хүн төрөлхтөнд алтан гариг сануулсан хэрэг. Амныхаа зоригоор чалчлаа гэж бүү бодоорой. Алтны үзүүрээс Монголчууд алдалж аваад алдсан энэ түүх үнэн юм шүү. Ахиад бүү алдаасай гэж залбиръя. 

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш