logo
Эхэд урамшуулал олгох хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжихгүй байна

Эхэд урамшуулал олгох хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжихгүй байна

2012/01/05
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Дээрх хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцээд дэмжихгүй гэж үзсэн учир тус намын бүлгийн гишүүд хуралдаанд оролцсонгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хуралдаа оролцоогүйд шүүмжлэлтэй хандаж байлаа.
Хууль санаачлагчийн танилцуулгын дараа гишүүд саналаа хэлэх болоход хуралдааны ирцийг бүрдүүлж байсан МАН-ын бүлгийн гишүүд “Ардчилсан намын бүлгийн гишүүд, Хүн ам зүйн бодлого дээр ингэж гацаа үүсгэх оролдлого хийж болохгүй. Ер нь хамтарсан Засгийн газрыг байгуулахад бий болгосон гэрээгээ эргэн нягталж, хойш суугаад байгаа бүлгийнхэнд асуудлыг нь сануулах хэрэгтэй” гэж байлаа. Хуралдаан даргалагчийн зүгээс Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж буйгаа илэрхийлж, УИХ-ын даргад төсөл өргөн мэдүүлээд байгаа. Гэтэл Ардчилсан намын бүлгийнх гишүүд дэмжихгүй сонгуультай холбож ойлгож байгаад харамсаж буйгаа ч хэлж байв.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс санаачилсан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөлд зааснаар 3-аас дээш 0-16 насны хүүхэдтэй эхэд 70200, дөрвөөс дээш хүүхэдтэй бол 105300, 5-аас дээш хүүхэдтэй эхэд 140400, 6-гаас дээш хүүхэдтэй бол 175500, 7-гоос дээш хүүхэдтэй бол 210600, 8 ба түүнээс дээш хүүхэдтэй бол 280800 төгрөгийг сар тутамд олгож байхаар тусгасан юм. Жилдээ улсын төсөвт 30 тэрбум төгрөг суулгах шаардлага тулгарна. Энэ бол төсөвт нэг их ачаалал үүсгэхгүй гэж үзэж байгаа юм.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш