logo
2012 оныг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

2012 оныг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

2012/01/05
Монгол Улсын Засгийн газар 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил  болгон зарлаж 70 гаруй мянган байнгын ажлын байр шинээр бий болгосон. Энэ ажлыг үргэлжүүлж, ажилгүйдэл, ядуурал гэсэн ойлголтыг бүрмөсөн халахын тулд 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгож байгаагаа өчигдөр болсон шинэ оны анхны хуралдаанаараа албан ёсоор зарлалаа.
“Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл өрх юм. Өрхийн амьжиргааг бүх шатандаа дэмжих ёстой. Тиймээс ч 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хөгжлийн хөтөлбөрийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Өрхийн амьжиргааг бүх шатанд дэмжих ёстой. Энэ бол Засгийн газрын үндсэн үүрэг. Тэр тусмаа бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого баримталсан хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Бага орлоготой өрхийг дэмжихдээ дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус байнгын ажлын байраар хангах, тэтгэлэг, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа эсэх, чадаагүй бол хэрхэн хамруулах зэрэг асуудлыг бүхэлд нь авч үзнэ. Мөн хүмүүсийн идэвх санаачилгатай ажиллах амьдралын арга хэлбэрийг илүүтэй урамшуулна. Энэ нь халамжийг хавтгайруулах биш, илүү үр дүндтэй, өгөөжтэй зорилтот бодлого болж хэрэгжих ёстой. Энэ бүхэн “Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн гол цөм байх болно.  Санхүү, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулсан бодлогоо ойрын үед тодорхой болгоно” гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд мэдэгдэв. Энэ хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн улсын зөвлөлгөөнийг ирэх сард хийнэ гэдгээ тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ зарласан.
Өрхийн хөгжлийг  дэмжих хөтөлбөрийг ажил болгох, үр дүнд хүргэх эсэх нь дан ганц Засгаас бус нөгөө талаас иргэдээс шууд хамаарна. Хамтын зүтгэл, хамтын хариуцлагаар бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог Засгийн газрын тэргүүн С.Батболд ахлах аж.
Өрхийн хөгжлийг дэмжих энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ. 
Энэ оноос нийт өрхийн 60 хувийн мэдээллийг багтаасан санг ашиглалтад оруулах аж. Ингэснээр нийгмийн халамж төдийгүй нийгмийн зориулалттай бусад хөтөлбөр, төсөлд хамруулах өрхийг амьжиргааны түвшинг нь үндэслэн бодитой, оновчтой тодорхойлох боломж бүрдэх гэнэ.
Мөн нийгийн суурь тэтгэврийг бий болгож дундаж тэтгэврийн хэмжээ доогуур, тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа ахмадуудад байгалийн баялгийн орлогоос хүртээхийн тулд холбогдох хуулиин төслийг УИХ-д өргөн барьжээ. Төсөл батлагдсанаар нийгмийн даатгал, түүний дотор тэтгэврийн шнэчлэлийн тулгамдсан асуудлуудыг тэтгэвэр авагчид, ахмад настнуудад  ээлтэй байдлаар шийдэх боломж бүрдэх аж.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш