logo
Шинэ Дэли бол хамгийн их бохирдолтой нийслэлүүдийн нэг

Шинэ Дэли бол хамгийн их бохирдолтой нийслэлүүдийн нэг

2012/01/05
Энэтхэгийн нийслэл хотын удирдлагууд бохирдлын асуудлаа нэг мөр шийдэж чадахгүй байна. 250 сая орчим хүн амтай Шинэ Дэли дэлхийн хамгийн бохирдолтой нийслэлүүдийн нэг болжээ. Яагаад ийм байдалд хүрснийг замын хөдөлгөөнийг харахад ойлгомжтой юм. Эмчийн хэлснээр агаар бохирдолтой байгаагаас болж иргэд амьсгалын замын өвчнөөр өвдөх нь нэмэгдсэн бөгөөд эмнэлэгт хандагсдын тоо үлэмж өсчээ. Энэтхэгийн засгийн газар 1990-ээд оны сүүл 2000 оны эхэн үед нийслэл хотын агаарын бохирдлыг арилгахын тулд цахилгаан станцуудыг хотын зах руу шилжүүлэн, дизель түлшний оронд байгалийн хийг хэрэглэх зорилгоор автобус болон рикша буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн метроны буудлуудыг барьж байгуулжээ. Үүний дүнд эхэн үедээ агаарын чанар сайжирсан байна. Эрдэмтэн Сарат Гуттикунда ярихдаа "Одоогоос 10-аад жилийн өмнө зарим арга хэмжээ авсан ч дараа нь үр дүн нь талаар өнгөрсөн, 1990-ээд оны сүүл 2000 оны эхэн үед бидний хүрээд байсан амжилт ололт үгүй болсон, агаар буцаад бохирдсон" гэжээ.
Шинэ Дэли хотын авто тээврийн газарт өдөрт 1.000 гаруй машин шинээр бүртгэгддэг байна. Харин өвлийн цагт даарсан ядуучууд олдсон болгоноо шатааж дулаацдаг байна. Судалгааны байгууллагаас мэдээлснээр замын тоос шороо агаарыг хамгийн ихээр бохирдуулж байна. Мөн автомашин болон цахилгаан станцын ялгаруулдаг утаа агаарыг бохирдлыг нэмэгдүүлж байгаа юм. Энэтхэгийн засгийн газар бохирдлын хэмжээ нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрч, илүү үр дүнтэй хууль батална гэж мэдэгджээ. Шинээр арга хэмжээ авахгүй бол хөгжиж байгаа Шинэ Дэли хотод ажиллаж, амьдарч байгаа болон энэ хотод ирж байгаа хүмүүсийн дунд өвчлөл газар авч магадгүй гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.
Э.АМАР


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш