logo
4131 хүний хэргийг шалгажээ

4131 хүний хэргийг шалгажээ

2012/01/06
2011 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын хуралдаан 10 удаа болж “Улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн иргэдийн хэргийг шалгах ажлын явцын тухай”, “ЗХУ-д 1930-1940-өөд онд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн зарим монгол иргэдийн мөрдөн байцаалтын хэрэгтэй танилцаж, хуулбарлан авчирсан тухай, “2009-2011 онуудад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах талаар зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн ажил, цагаатгалын хуулинд заасан хоёр төрлийн хугацааг  сунгах, эсэх тухай”  зэрэг  мэдээллийг авч хэлэлцэв.
Иргэдийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, нэр төрийг сэргээх ажил 2011 онд  үргэлжлүүлэн хийгдэж улмаар 1509 хүнд холбогдох хэргийг  эцэслэн шалгаж дуусгасан байна. Тагнуулын Ерөнхий газрын Цагаатгалын тасгийн мөрдөн байцаагчид улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, хэрэг нь шалгагдаагүй, шинээр илэрсэн 6600 гаруй хүний хэргээс  4131 хүний хэргийг сүүлийн 3 жилийн хугацаанд  шалгажээ.
Одоо 2000 гаруй  хэрэг шалгагдаагүй үлдсэн бөгөөд тэдгээрийг 2012 онд шалгаж дуусгах чиглэлтэй ажиллаж байна.
2011 онд Улсын Дээд шүүх, анхан шатны шүүхүүд, Улсын Ерөнхий Прокуро-рын газар нийт 689 хүнийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, нэр төрийг нь сэргээн, 71 иргэнд  цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ олгожээ.
2011 оны 12-р сарын 30-ны байдлаар хилс хэрэгт хэлмэгдэж, хуулийн бай-гууллагуудаар цагаатгагдсан /1939 оны 4-р сараас хойш өнөөг хүртэлх хугацаанд/ 31,1 мянган иргэний нэр төр сэргээгдэж цагаатгагдсан байна.
2011 онд Тагнуулын Ерөнхий Газрын архив-бүртгэлийн газар улс төрийн хилс хэргээс цагаатгагдсан иргэдийн архивын лавлагаа, тодорхойлолт, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 871, Үндэсний төв архив хэлмэгдэгсдэд холбогдох хүн амын тухайн он, жилүүдийн тооллогын бүртгэлээс ам бүлийн лавлагаа 3202-ыг тус тус гаргаж, хүсэлт тавьсан иргэдэд үйлчилсэн байна.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төв 2011 онд хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” ном, “Ж.Лхүмбийн хэрэг”, “Сэхээтний төөрөгдөл”, “Орост хэлмэгдсэн монгол иргэд”, “Москвад цаазлагдсан монголын удирдагчид” зэрэг бүтээлүүдийг боловсруулан бэлтгэж, заримыг нь хэвлүүлж, олны хүртээл болгожээ.
2011 онд цагаатгалын хуулийн дагуу хэлмэгдээд цагаатгагдсан иргэд, хэл-мэгдэгсдийн төрөл төрөгсдөд хуулийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг үндэслэн нөхөх олговор олгох ажил үргэлжлэн хийгджээ.
Цагаатгалын хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн 1998 оны дунд үеэс хойшх 14 жилийн хугацаанд улс төрийн хилс хэргээс цагаатгагдсан 17483 иргэнд 16,2 тэрбум  төгрөгийн нөхөх олговрыг  төрөөс олгосон байна. Зөвхөн 2011 онд  гэхэд хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 68 хүнд 63,5 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш