logo
Самбуу даргын садан

Самбуу даргын садан

2012/01/06
САМБУУ СУДЛААЧ БОЛОХ ДӨХӨВ
Монголын төр гарамгай гавьяа байгуулсан мэргэн хүмүүн цөөнгүй. Миний сонсож мэдсэн, уншсан, хамт ажиллаж байсан Монгол төрийн үе үеийн улс төрийн том зүтгэлтэн дотроос ард түмний сонирхол татдаг, хайр хүндэтгэлийг минь хүлээдэг хүмүүс  бол Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж, Ардын төрийг үндэслэгчийн нэгэн,  маршал Хорлоогийн Чойбалсан,  АИХ-ын даргаар он удаан жил үр бүтээлтэй ажилласан "Монгол төрийн мэргэн өвөө"  хэмээн   олон түмэндээ алдаршсан  Жамсрангийн Самбуу,  Монгол Улсыг засгийн газрыг дөчин дөрвөн  жил толгойлсон Юмжаагийн Цэдэнбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди, өдгөөгийн УИХ-ын дарга Дамдингийн Дэмбэрэл нарыг нэрлэн хэлж болох юм шиг санагдана. Би эл хөрөг нийтлэлдээ хашиж байсан буюу байгаа төрийн өндөр, дээд  албанд ажиллаж, ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн том гавьяатай, хүний мөс чанар, нүнжиг, төлөв араншин, холч, голч төрийн ноён нуруутай, адил төстэй амьдрал хувь заяатай, өөрөөр өчвөл яс мах, удам ургаараа биш төрийн өндөр албанд өөрт заяасан бүхнээ тухайлбал: оюун ухаан, сэтгэл зүтгэл, амьдралын баялаг туршлага, төрөлхийн эрхэм шилдэг чанаруудаараа "хамаатан садан" төрийн хоёр том зүтгэлний тухай зориг зүрхээ билүүдэж байж өгүүлэхийг зорилоо.  Тэгээд би бараг Самбуу судлаач болох дөхөв

ИХЭР ЧАНАР, ХАМААТАН  АРАНШИН
  ... Самбуу гуай хүний хувьд төв, төлөв төвшин намбатай, даруу эгэл энгүүн, голч шударга,  төрийн том бага, ямар ч хэргийг авч үзэхдээ  урьдаас чөмгөө дундартал бодож тунгаадаг, адгаж тэвддэггүй, тогтуун тайван амар амгалан шинж, тулгамдсан аливаа асуудалд нүдийг олсон бэлэн цөөн үгээр хариу өгдөг, ер нь илүү ч үгүй дутуу ч үгүй дуу цөөтэй, санаж бодож, төлөвлөсөн ажил үйлсээ ямар ч саад бэрхшээл тулгарсан ч гүйцээж, бодит үр дүнг нь үзэж байж санаа сэтгэл амардаг, сэтгэлд нь таагүй зүйл дээр бол хөөрхөн алиа, хошин шогч яриатай, бусдад юм сургахын төлөө  хичээнгүйлэн  хөдөлмөрлөдөг, өөрөө шинийг сурч мэдэхийн төлөө цаг наргүй мэрийж, хичээж, мачийж ажилладаг монгол төрийн бараг давтагдашгүй, мартагдашгүй том зүтгэлтэн байжээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд  нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүнийхээ үүргийг  чин шудрагаар биелүүлхээ тангаргалая гэж УИХ-ын дарга  Дамдингийн Дэмбэрэл таван удаа андгайлан төрийн сүлдэндээ мөргөж байсныг Монголын ард түмэн мартаагүй. Энэ тангаргаа УИХ-ын дарга Д. Дэмбэрэл алхам тутамдаа мөрдөж хариуцлага, чиг үүрэг, ёс зүйгээ өдөр өнжилгүй ухамсарлаж, үлгэр үзүүлэн ажиллаж байна.  20 шахам жилд манай спикерийн санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан хууль эрх зүйн  баримт бичгийг жинлэх юм бол лавтай хэдэн түүчээ хасаг тэрэг болно биз. Монголын төрийн хар хайрцагны бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэжлийн хууль тогтоогч, мэргэжлийн парламентч гэж Монгол Улсад байдаг юм бол тэр нь Д. Дэмбэрэл, Б. Чимэд, Ц. Нямдорж, Ц. Шаравдорж, С. Нарангэрэл нар биз ээ хэмээн төрийн шагналт, СГЗ зохиолч Б. Догмид уулга алдаж байсан билээ. Монгол Улсын парламентад завсарлагагүй 20-иод жил ажилласан туршлагатай парламентч Монголд ердээ хоёрхон бий. Энэ бол манай Д. Дэмбэрэл, Д. Лүндээжанцан хоёр юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог ямар чадамгай толгойлж байсан билээ. Монгол Улсын Хөдөлмөр  нийгмийн хамгааллын сайдаар үр бүтээлтэй ажиллаж байсан. МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүнэр миний мэдэхийн 10 гаруй жил ажилласан. Урьдынхаар бол Улс Төрийн товчооны гишүүн гэсэн үг шүү дээ. Дэмбэрэл гуайн үг сургаалыг Монгол Улсын хоёрдохь Ерөнхийлөгч Н. Багабанди, гуравдахь Ерөнхийлөгч Н. Энхбаяр, өдгөөгийн Ерөнхий сайд С. Баяр нар анхааран сонсож, ажил үйлсдээ авч ухаалгаар хэрэглэж байсныг би мэдэх юм. Ийм хүн Монгол Улсад тийм ч олон биш шүү. Олон жилийн өмнө Ж. Самбуу гуай хэмээх гүндүүгүй сайхан буурал өвөө байлаа. Тэр бол зөвхөн Төв аймгийн хүн биш байв. Монгол Улсын Самбуу гуай, бүх ард түмний хайр хүндэтгэлийг булаасан төрийн ухаантай хар хүн байв. Дэмбэрэл гуай надад Ж. Самбуу гуай өөрийн эрхгүй бодогддог юм. Монголын төрд нэг ийм ухаантай ахмад төрийн зүтгэлтэн зайлшгүй байх ёстой бус уу гэж санагддаг. Төрийн хар хайрцагны бодлогыг нэр төртэй хадгалж уламжлуулж үргэлжлүүлэн өвлүүлэгчид бол Ж. Самбуу гуай, манай Дэмбэрэл гуай шиг улс төрийн зүтгэлтэнүүд юм. Ийм хөвгүүнийг төрүүлж өсгөн хүмүүжүүлснээрээ Ховд аймаг Ховдчууд бахархах учиртай. Ороо бусгаа өнөөгийн үед Д. Дэмбэрэл гуай шиг туршлагатай парламентчид улам бүр үнэ орон үгүйлэгдэж байна. Ер нь монголын парламентыг Дамдингийн Дэмбэрэлгүйгээр төсөөлөхийн аргагүй л болов уу? Монгол улсад жинхэнэ хууль шиг хууль, төр шиг төрийг төлөвшүүлэхийн төлөө, УИХ-ыг гацаа түгжрэлгүй ажиллуулж, амьдралд ойрхон хэрэгжих ул үндэстэй чамбай хууль төрүүлэхийн төлөө Дэмбэрэл дарга тархиа гашилгаж, чөмгөө дундалж, биеэ чилээж явна. Д. Дэмбэрэл даргын гүн торгон ухаан, арвин баялаг туршлага, хотойж нугарашгүй ноён нуруу, саарч буурч, харьж халиршгүй эрдэм чадавхи. Мятарч цуцашгүй хөдөлмөр зүтгэл бол манай парламентад ланжгар хөрөнгө оруулалт болдог болов уу гэж би дандаа санаж явдаг юм. УИХ-д олон дахин сонгогдсон, олон түмний итгэлийг дахин дахин хүлээсэн, хориод жил парламент хийгээд улс төрийн халуун гал зууханд ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүн ардынхаа төлөө хөлсөө дуслуулж яваа манай улсын урдаа барьдаг УИХ-ын гишүүдийн нэг Мэргэжлийн парламентч Дамдингийн Дэмбэрэл шиг цөөхөн хүний тархи толгойноос л ард түмэнд өгөөжтэй, хишигтэй гүн ухаан, хэрэгтэй ашигтай ирээдүйтэй санаа , сэдэл лавтай гарна шүү дээ. Манай нийгмийн оюуны баялаг төрийн туслах элч, түмний үнэнч зарц, түших түших алтан багана болсон Дамдингийн Дэмбэрэл даргыг ямар азаар УИХ-ын удирдагчаар сонгон ажилуулав.
Жамсрангийн Самбуу гуайн дээрх төрөлх чанар, ясны араншин, сэтгэл зүрхний үр хөврөл, ухаан бодлын тойргийн хүрээ цараа, зан, ёс суртахууны хэмнэл нь  яг л одоогийн УИХ-ын дарга Дамдингийн Дэмбэрэлийнхтэй үйлийн үргүй адил төстэй, бүр тодруулж хэлбэл ихэр байгаа юм. Миний бодлоор бол эл хоёр хүн Монгол Улсын  төрийн зүтгэлтэн хүмүүнийхээ хувьд яах аргагүй хамаатан садан хоёр мөн.  Ж.Самбуу гуай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар 20 шахам жил үүсгэл санаачилгатай, үр бүтээлтэй, илүү зүтгэлтэй ажилласан бол Дамдингийн Дэмбэрэл өдгөөгийн УИХ-д тасралдгүй 5 удаа ард түмнээсээ сонгогдож, мөн л 20 жил парламентийн гишүүнээр ажиллаж байна. Түүнд УИХ-д хашаагүй алба, үүрээгүй ачаа, бараг байхгүй. УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргаар завсарлагагүй хорин жил хөдөлмөрлөж яваа юм. Ж.Самбуу, Д.Дэмбэрэл дарга нар түүх цадигийн өөр өөр цаг үе, нийгмийн байгуулалтын ижил биш нөхцөлд Монголын төрийг тэргүүлэх их хувь тавилан тэдэнд оногдсон ажээ. Миний олж мэдсэнээр Ж.Самбуу гуай намын дээд сургуулийг эчнээгээр дүүргэснээс өөр тусгайлан дүүргэсэн сургууль, боловсрол бараг үгүй ч амьдралын их сургуулийг өөрийн цөлх гүн ухаанаар дүүргэж, амьдралын их сургуулийн насан туршийн оюутан байсаар 77 насандаа энэхэн  буурал замбуулин хорвоогийн мөнх бусыг үзсэн билээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МУИС-ийн эдийн засгийн ангийг улаан дипломтой төгсөж, хожим нь БХЛКЗ-ын дэргэдэх Комсомолын дээд сургууль, ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэсэн. Гадаад дотоодод арван хэдэн их, дээд сургууль төгсөвч олигтой алба хаших заяа  нь дутаж, төрийн уураг тархи болсон төв удирдах байгуулагад ажиллах аз дутсаар нэгэн насыг элээх тохиолдол тийм чиг цөөнгүй. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мөн л Ж.Самбуу дарга шиг амьдралын их сургуулийг өөрийн төрөлхийн ундармал цөлх ухаанаар дүүргэж, одоо ч эчнээ суралцсаар уг хүмүүн нь төрх тулхтай, холч, голч ноён нуруутайн ачаар төрийн гарамгай зүтгэлтэн болж өсч өндийж, ард түмнийхээ дунд үнэмлэхүй өндөр нэр хүнд олсон байна.
МАХН-ын дарга Санжаагийн Баяр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хийсэн танилцуулгандаа: "Улсын Их Хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хүнийг санал болгохдоо МАХН өөрийн олон арван боловсон хүчнээ шүүн тунгааж, төрийн ажлын туршлага, төрийн хүний төвшин нуруу, ажлын чадвар зэргийг харгалзан үзлээ. Олон шалгуурыг үндэс болгон Монгол Улсын Их Хурлын даргад МАХН-ын зүгээс УИХ-ын 16 дугаар тойргоос сонгогдсон гишүүн Дамдин овогтой Дэмбэрэлийг санал болгохоор шийдвэрлэсэн юм". гээд "Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж байгаа Дамдин овогтой Дэмбэрэл нь Монгол Улсалд шинэ парламент үүсэн буй болсон цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй ажиллаж ирсэн, парламентын ажлын баялаг туршлагатай, мэргэшсэн парламентын гишүүн мөн билээ. Монгол Улс шилжилтийн үеийг даван туулж, шинэ хууль эрх зүйн тогтолцоог бий болгож ирсэн, бүх үеийн турш тэрбээр хууль тогтоох дээд байгууллагад тасралтгүй ажиллаж, энэ үеийн эрээнтэй бараантай, ээдрээтэй бартаатай бүх замналыг нь алдаа оноотой нь мэдэх нэгэн гэж бид үзэж байгаа юм" гэж онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд: "Дамдин овогтой Дэмбэрэлийг мэргэшсэн парламентчийнх нь хувьд болон төлөв түвшин улс төрчийнх нь хувьд МАХН-ын гишүүд, олон нийт хүлээн зөвшөөрч хүндэтгэж ирсэн бөгөөд бусад улс төрийн хүчнүүд ч үүнийг зөвшөөрнө гэж итгэж байна" гэжээ. Энэ бол түүнд МАХН-аас өгч байгаа дүгнэлт юм. Улс төрийн халуун тогоонд ширэи, төмөр, болд болтлоо хатаагдсан, төрт ёсны зан суртахууны шүүлтүүрүүдийг амжилттай даван туулж, ёс зүйн хариуцлагын торгон мэдрэмжээрээ УИХ-ын эрхэм гишүүд болон төрт ёсны тогтвортой хөгжлийн үндсийн үндэс болсон төрийн албан хаагчдад үлгэр загвар, жишээ болж яваа төрийн түшээ бол УИХ-ын  дарга Дамдингийн Дэмбэрэл мөнөөс мөн.

"ИХЭР ХОЁР"-ЫН ТУХАЙ ХЭН ЮУ ХЭЛЭВ
... Хорь дугаар зуунд Монголын төрийг хамгийн олон жил тэргүүлсэн бөгөөд сэвгүй сайхан нэр хүндтэй чигээрээ түүх цадигт үлдсэн хүн бол Жамсрангийн Самбуу юм. Тэрбээр Монголын үндэсний уламжлалт гүн ухаан, ёс ганшлыг хүндэтгэн дээдэлж, Монгол төрийн хугаараагүй ноён нуруу болж явснаараа түүхэнд өөрийн байр суурь, орон зайгаа баттай эзэлжээ.
Ж.Самбуу гуайн төрийн тэргүүн байх үедМонгол Улсад нүүдлийн соёл иргэншил давамгайлж, бэлчээрийн мал аж ахуй, эдийн засгийн уламжлалт хэлбэр хэвээр байлаа.
Ж.Самбуу даргын ард түмнээ хайрладаг хайр,  хүнлэг энгийн өөриймсөг сэтгэл, зүтгэл,  мал аж ахуйг эрхлэх торгон нарийн ухаан, төлөв төвшин, онч мэргэн үгс түмэн олны хүндэтгэлийг өөрийн эрхгүй татаж чадсан билээ.
Ж.Самбуу дарга бол жинхэнэ монгол ухаан, төрх, намбаараа ард түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн, хойч үедээ үлгэр дууриал болсон, төрийн ноён нуруутай Тэргүүн байлаа.. гэж Монгол Улсын анхны  Ерөнхийлөгч алмаагийн Очирбат айлдсан байна.
... УИХ-ын даргаар сонгогдоод хамгийн түрүүнд авч хэрэгжүүлсэн шийдвэртэй алхмуудын нэг дотооддоо улс төрийн  хурцатмал байдлыг намжаах, гаднаас давамгайлах дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг сааруулах үүднээс УИХ-д олонхи, цөөнхийн суудал авсан улс төрийн хоёр том хүчний зөвшилцөл, Ерөнхий сайд С.Баярын хамтарсан засгийн газар байгуулах стандарт бус шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн явдал байв. Тэрбээрулс орны улс, төр, нийгэм эдийн засгийн нэн тулгамдсан топ асуудлуудыг судлан гаргаж, шийдвэрлэхэд УИХ-ын анхаарлыг хандуулах зорилгоор Тамгын газартаа бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг алгуурлаж хойш нь тавилгүй нэн даруй зоримог хийсэн юм... гэж түүний дэргэд зөвлөхөөр ажиллаж буй улс төр судлаач, доктор Д.Батмөнх дурсан өгүүлжээ. Жамсрангийн Самбуу, Дамдингтийн Дэмбэрэл хоёрын тухай хэн юу хэлснийг дурьдах юм бол сонины нүүр минь жижигдэж, сонгомол   хууч, яриа  элбэгдэх буй заа?
...Миний сонсож, мэдсэн уншсан хамт ажиллаж явсан үе үеийн удирдагчид дотроос сонирхо татдаг,  хайр хүндэтгэлийг минь хүлээж байдаг гурван ахмад буй, Тэд бол Дашийн Дамба, Гончигийн Бумцэнд, Жамсрангийн Самбуу нар юм. Энэ гурав өөр өөрийн онцлогтой хүмүүс боловч адил төстэй тал их бий. Тэднийг түүхийн нэгэн үе,амьдралын монгол хөрсөн дундаас урган гарч ирсэн байгалиас заяасан төрөлх зан төрх, билэг авьяасаараа улс төрийн зүтгэлтэн болон тодпорч өссөн хүмүүс.Тэдний онцлог гэвэл  тухайлсан сургууль боловсрол байхгүй ч өрх гэр, шавь сургалтын хүрээнд  босоо монгол бичиг үсэгтээ бүрэн төгс тайлагдаж, улс төрийн боловсролыг  ажил амьдралынхаа явцад биеэ даан олж авч, улс төрийн ажил албаны туршлага сүрхий суусан, асар их мэдлэг, туршлагша хуримтлуулсан хүмүүс. Ж.Самбуу гуай гэхэд л нөгөө хоёроосоо их онцлогтой, нэлээд өөр хүн байсан гэж боддог" гэж Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчөөр олон арван жил ажилласан, Академич Б.Ширэндэв "Улаанбаатар" сонигд өгсөн ярилцлагадаа өгүүлж байлаа. Сайн хүний үрсийн тухай, сүүтэй гүүний унаганы тухай өгүүлье гэвэл Жамсрангийн Самбуу, Дамдингийн Дэмбэрийн тухай өгүүлэх байхаа гэж би бодож яваа минь буруу, ташаа биш байх аа.  

ҮНДСЭН ХУУЛЬ, Ж.САМБУУ,  Д.ДЭМБЭРЭЛ  ГУРАВ

Монгол Улсын анхны үндсэн хууль 1924 онд хоёрдугаар үндсэн хууль 1940 онд, гуравдугаар үндсэн хууль 1960 онд дөрөвдүгээр үндсэн хууль 1991 онд УИХ-аар батлагдсан билээ. Үндсэн хууль бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа  Жамсрангийн Самбуу, УИХ-ын  Монгол төрийн дархан түшээгээр 20 жилажиллаж, сүүлийн дөрвөн жилд УИХ-ын даргаар ажиллаж, хөдөлмөрлөж байгаа Ж.Самбуу, Д.Дэмбэрэл нар бол  манай улсын дөрвөн үндсэн хуультай салшгүй холбоотой нь маргашгүй. Ж.Самбуу дарга минь 1954 оноос АИх-ын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан. 1960 оны улс эх орны амьдралд амин чухал ач холбогдолтой  гурав дахь үгдсэн хуулийг эх барьж авсан хүн бол тэр үеийн Монгол Улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан, "Монгол төрийн мэргэн өвөө"  Жамсрангийн   Самбуугийн  төрийн мэргэн ухаан бодол,  ардын овсгоолог ажил албаны цэцэн цэлмэг  хичээл  зүтгэл салшгүй холбоотой билээ. 1991 онд Монгол Улсын дөрөв дэх ардчилсан үндсэн хуулийн зохиогч нь Монгол Улсын УИХ билээ. Нээлттэй биш байсан нийгэмд ардчилсан хувьсгалын ололтыг бататган тэмдэглэж, хүний эрх, эрх чөлөөг Монгол Улсад ил тод, нээлттэй тунхаглан зарласан энэ үндсэн хуулийн зохиогч болоход хамгийн их идэвх санаачилга,  хөдөлмөр  зүтгэл бүрэн зориулж,  ухаан  бодлоо уралдуулсан хүмүүсийн нэг нь өдгөөгийн УИХ-ын эрхэм дарга Дамдингийн Дэмбэрэл билээ.
 Ардын хувьсгалыг ололтыг гүнзгийрүүлэн бататгаж, социалист бүтээн байгуулалты үндсэн чиг баримжааг зааж тунхагласан 1960 оны үндсэн хууль, анх удаа ардчилсан хувьсгалыг алтан үүрийн гэгээн тунгалаг, цагаан гэгээг  Монгол эх орон, ард түмэндээ урин залж,  нутаг шуулахад агугаа их үүрэг гүйцэтгэсэн 1991 оны дөрөв дэх үндсэн хууль төрж мэндэлж, нийгмийн амьдралд хөлөө олж,  ард түмнийсэтгэл зүрхэнд амьдарч, эрийн цээнд хүрэхэд Монголын нийгэм төрийн нэрт хоёр зүтгэлтэн болох Монгол Улсын АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуу, өдгөө УИХ-ын даргаар ажиллаж байгааа Дамдингийн Дэмбэрэл  нарын гүйцэтгэсэн эх оронч зүтгэл, хөдөлмөр, гароамгай гавьяаг он цаг, жилүүд хэдэн зуугаар улиран одсон ч  дурсахгүй  байхын аргагүй, үнэлэхгүй байхын эрхгүй.

ЭРХ ЗҮЙТ ТӨР БА ЭРХЭМ ХОЁР ЗҮТГЭЛТЭН

Монгол Улсын төрийн тэргүүнээр Ж.Самбуу дарга он удаан жил ажиллахдаа Монголын гүн ухаант төрт ёсон, түүний шинж чанар болсон хууль эрх зүйг бэхжүүлэх үйл хэрэгт чухал үүрэг гүцэтгэсэн нь түүх, цадигт томоохон байр суурьтай үлджээ. Ж.Самбуу даргыг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхад  1960 оны үндсэн хууль болон Эрүү, Иргэн, Хөдөлмөр, Гэр бүлийн зэрэг үндсэн тулгуур хуулиуд цөи шинэчлэгдэн гарч байсан байна. Ж.Самбуу дарга АИХ-д өргөн барьсан  хуулийн төслүүдтэй ихээхэн анхааралтай, хичээл зүтгэлээ шингээн танилцаж, үнэтэй санал зөвлөгөө өгдөг байсан ажгуу. Ганцхан жишээ хэлье. Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор С.Жалан-Аажав Монгол Улсын хуулийн хорооны дарга байхдаа хамт олныхоо хүчээр "Архидан согтуурах явдалтай тэмцэх тухай" шинэ хуулийн төсөл боловсруулж, Ж.Самбуу даргаас зөвлөгөө авах зорилгоор түүнд танилцуулжээ. Ж.Самбуу дарга хуулийн төслийг цаг зав харамгүй гарган нухацтай хичээнгүйлэн уншиж, сэтгэлдээ багтааж ухаж төнхөж ойлгосны эцэст  "Ийм хууль гаргах нь зарчмын хувьд зөв. Уг хуулийг амьдралд бүрэн хэрэгжүүлэх арга замыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Харин сүүгээр шимийн архи нэрж хэрэглэхийг хориглох тухай заалтаа хас. Хэрвээ тийм заалттай хууль гавалнэгд малчид дургүйцнэ. Амьдралд огтхон ч биелэгдэхгүй. Ер нь амьдралаас тасархай, үлбиелэгдэх хууль гаргавалард түмэн хуулийг дээдлэхгүй, хүндэтгэж үзэхгүйболдог юм шүү" гэж хэлж сургаж байснаар гу хууль гарч байжээ. Ард түмний аж байдал, ахуй  нөхцөл, санаа сэтгэлд таарч тохирохгүй, амьдралаас тасархай хууль гаргаж болдохгүй гэдэг Ж.Самбуу даргын гол үзэл санаа дэлхий дахины эрх зүйн шинжлэх ухааны онолчдын санаа оноотой яв цав дүйдэг байсан байна. Ж.Самбуу дарга бол жинхэнэ төрийн түшээ байжээ. Төрийн зүтгэлтэн хүмүүн ямар байх ёстойн сайн  үлгэр жишээг Ж.Самбуу даргаас л тэр цаг үеийн төрийн зүтгэлтнүүд Ю.Цэдэнбал даргаас авахуулаад л түүнээс дандаа суралцдаг байжээ.
 УИХ-ын дарга 2009 онд Булган аймаажиллаж байжээ.  Тэрбээр 11 жилийн нэгдүгээр дунд сургуулийн эрдмийн баярт оролцож, анх дугаар ангид элссэн бяцхан сурагчидтай хамт мөнгөн хонх жингэнүүлэн, хөөр баяртай явсан гэдэг. Том дарга ч гэсэн эгэл энгүүн, ард түмний дунд, хүүхэд залуусын дотор, хөдөөгийн борог боргил амьдралын гүнд ажиллаж амьдарч, зовлон жаргалыг мэдэрч, оновтой олон арга ухаан зам мөр зааж, шаардлагатай арга хэмжээг шамдуухан авч явдгийн жишээ энэ болой.
 Сэтгүүлч Д.Дэмбэрэл даргаас асууж байна.
- Таныг элдэв эдийн засгийн хардлага, сэрдлэгт өртөж байхыг ер нь үзээгүй. Энэ талаар нэр цэвэр хүн гэж ард түмэн танд итгэдэг юм билээ. Энгийн нэгэн асуулт тавья. Та бол төрийн хамгийн өндар албан тушаалыг хашиж яваа хүн. Ингэхэд хэдэн костьюмтай вэ?
  - Костьюм бол гурав, дөрвөн хос юм байгаа. Нэг нь одоо ингээд өмсөөд сууж байгаа нь энэ. Ийм л төрх төлөвийн костьюм өмсдөг.  Нэг их үнэтэй биш.... 
- Таны ажил үйлсийн амжилт дандаа өгсүүр замаар дээшилж ирсэн. Энэ тогтвортой ажил албаны замналаараа та "төрт хэрэгтэй зайран", төрийн хар хүний ёс суртхуунлаг нэгэн том төрх төлөвийг бүтээлээ. Сүүлийн үеийн залуус бүх замыг аль болох товчлохыг хүсдэг болсон. Албан тушаалын замнал нь шууд цахилгаан шатаар л явчихдаг хүмүүс элбэгшлээ. Энгэ бүхэн төрийн сүр хүчийг үнэгүйдүүлсэн. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
  - Хүсэл бодлоо төрдөө тулгаж явсангүй Харин төрийн санал болгосон ажил, албыг л ёс төртэй хашиж ирсэн. Тэгж төлөвшсөн.Тэр төлөвшлөөрөө лявж ирсэн. Миний олж авсан хүмүүжил тэр юм. Бас аав, ээжээс заяасан ноён нуруу байх юм. Цалингаа аваад  оногдсон ажил, үүргээ хийсэн шиг хийгээд амар тайван аж төрж амьдардаг... Энэ цөөхөн үгээр өгсөн хариулт түүний төрх төлвийг  төвөггүй хэлээд өгч байна.
- Д.Дэмбэрэл даргыг би дэндүү гэхэд хаашаа юм бэ ер нь бол сайн мэднэ. Азаар бид нэгэн нутаг усанд заяажээ.  Золоор бид нэгэн цаг үед нэгэн байгууллагад харьяатай байж нэгэн зорилгын төлөө зүтгэж явсан юм. Тэрбээр Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж  байхдаа миний дарга байлаа. Хожим нь  УИХ-ын гишүүн, НХХЯ-ны сайд байхад нь түүний сонгуулийн багт багтаж, сурталчилгааны буухиа аянд хүчин зүтгэж явсан сан. Бодож болгоогоод байхад Монгол төрийн нэр цуутай хоёр зүтгэлтэн Ж.Самбуу, Д.Дэмбэрэл хоёр ойр дөт он жилүүдэд төрж, өсөөгүй ч төрийн хэрэгт гаршиж, мэргэшиж, "Төрд хэрэгтэй зайран", төрийн хар хүмүүн болж өсч хөгжиж, их хувь заяны эзэд болж Монголын төрд холёулаа гарамгай гавьяа байгуулсан нь үнэхээр адилхаг, ихэр юм сан уу? Энэ хоёр эрхэмд авь адилхан, эв ижилхэн,  төстэй ажил албаны арга барил, урт уужим  ухаан, араншин зангийн намба төрх төлөв буй.
УИХ-ын дарга ноён Дамдингийн Дэмбэрэл яг л Монгол төрийн тэргүүн асан  Ж.Самбуу гуай шиг амьдралын арвин баян  туршлага, тулхтай, төрөлхийн их гүн торгон гүйлгээ, нарийн ухаантай, ажилч хичээнгүй, төлөв даруу, зан араншин, харьлцаатай,  мэдлэг боловсролоо цаг ямагт  дээшлүүлэхийг эрмэлзэж, ажил үйлсээр үлгэрлэн үзүүлдэг, эрдэм номд дуртай, бичгийн өндөр соёлтой, ноён нуруу сайтай, өөрийнхөө бүх ухамсарт амьдралыг Монголын ёс зүйт төр, ард  түмний сайн сайхны төлөө зориулж яваа төрийн ховор, мэргэн зүтгэлтэн  юм сан. Ж.Самбуу, Д.Дэмбэрэл хоёр сайхан дарга нар минь хоёулаа хийгүй төрийн дархан түшээд,  хээгүй сайхан монгол хүмүүс билээ. Монгол төрийн энэ хоёр эрхэм зүтгэлтэн тийм алдаа мадаг гаргалаа, ийм өө согогтой байсан гэж би л лав өдий хүртэл  дуулаа ч үгүй сонсоо ч үгүй. Дуулах ч үгүй, сонсох ч үгүй байх гэдэгт итгэлтэй яваа нэгэн.

ЭРДЭМ НОМТОЙ Ч ДАРУУХАН ХОЁР

Ж.Самбуу гуай айхтар эрдэм номтой хүн байсан. Мал аж ахуйн талаар түүний бичсэн номууд өдгөө ч үнэ цэнэээ алдаагүй эрдэм шинжилгээний, шижир алт мэт бүтээлүүд гэж би бодож явдаг юм. Малыг хэрхэн яаж маллах талаар  Монголын ард түмэнд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй бүхэл бүтэн цогц сургаалийгЖ.Самбуу гуай хойч үедээ үлдээсэн нь төрийн том зүтгэлтнээс гадга мундаг эрдэм, номын хүн байсныг  гэрчилж байна.
Самбуу гуайг мал аж ахуйн талаар олон сайхан ном бичсэн хүний хувьд акаадемич болгох саналыг ШУА-ийн Ерөнхийлөгч асан Б.Ширэндэв гуай нэг биш удаа гаргаж байсан гэдэг. Гэвч өөрөө даруухан араншин  гаргаж, татгалзсан гэдэг яриа ул үндэстэй байж мэдэх юм. Мал аж ахуйн сэдвээр эрдэм шинжилгээний бүтээлийн хэмжээ, зиндаанд хүрсэн олон ном судар туурвиж бүтээсэн хүнийх нь  хувьд МУИС-ийн профессор  болгох саналыг би тавьсан. Ж.Самбуу дарга "Би төрийн том албан тушаалтай, одон медальтай хүн, ард түмэн муу хэлнэ" гээд надад аминчлан хэлээд халгаагаагүй. Ер  нь эрдэм номын авшиг хишигтэй том эрдэмтэн байсан гэж ам алдаж байжээ. Монголын мал аж ахуйг шинжлэгч Ж.Самбуу "Ардын нүүдлийн аж ахуйг сайжруулан хөгжүүлэ арга ухаан" /1935/,  "Малчны туршлага"  /1937/  "Орон нутгийн өвс ногоо ба ус ундын төрөл бүрийн м алд тохируулж нутагшуулах тухай"  /1943/,  "Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай малчдад өгөх сануулга, сургаал" зэрэг арав гаруй ном бүтээл хэвлүүлсэн нь эрдэм судалгаа , шинжилгээний шинж чанартай байсныг манай нэрт эрдэмтэн Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн нар хүртэл тоож үнэлдэг байсан гэнэм.
УИХ-ын дарга Дамдингийн Дэмбэрэл нь Төрт ёсны удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан билээ. Төрт ёсны тогтвортой хөгжлийн  үндсийн үндэс нь болсон төрийн албан хаагчдын  зан суртахууны эерэг, сөрөг үр дагаврын талаар  "ЁС ЗҮЙТ ТӨР" хэмээх  ланжгар ном туурвиж, хэвлүүлэн уншигчдын гар дээр өргөн барилаа. Доктор Д.Дэмбэрэл  эдгээр логик гаргалгаанд түшиглэн ёс зүйт төр бол эрх зүйт төрийн хөгжлийн дээд шат болох тухай санааг дэвшүүлэн тавьж, түүнд шинжлэх ухааны үүднээс  тайлбар өгсөн байна. Ж.Самбуу, Д.Дэмбэрэл  хоёр "Хоёулаа миний хүү" гэдэг шиг хоёулаа томд тооцогдох эрдэмтэд гэхэд хэн яахин үгүйсгэж барах юм бэ? 
Сэтгүүлч Ч.Содномдорж

 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш