logo
Ертөнц ёс зүй дээр тогтдог, төр ёс зүйгээр томордог

Ертөнц ёс зүй дээр тогтдог, төр ёс зүйгээр томордог

2012/01/06
Хэл минь хальтирав уу, сэтгэл минь халив уу? Ертөнц ёс зүй дээр тогтдог бус  хүн төрөлхтөн ёс зүй дээр тогтдог ч юм уу?  Хүн төрөлхтөн л өөрөө өөрийнхөө ёс зүйг бий болгосон юм биш үү? Хүн төрөлхтөнг бүрдүүлэгч Хүн өөрийнхөө ёс зүйг бүтээсэн юм биш үү? Хүн өөрийнхөө ёс зүйг бүтээчихээд өөр өөрийнхөө ертөнцийг бий болгосон юм биш үү? Тэгэхээр газар дэлхийг Хүн бүтээтээгүй мөртөө газар дэлхий дээр өөрийнхөө ОЮУНЫ ИХ ЕРТӨНЦ-ийг бий болгожээ.
    Оюуны их ай саваас л Хүн болохын эхлэл болох, Хүндэтгэл ёсны эх болох "ААВ", "ЭЭЖ" гэдэг үг анх дэлхийд буй болсон юм биш үү? ААВ, ЭЭЖ, ҮР гурвын үнэт холбоо хэлхээнээс УРАГ ОВОГ, УДАМТ ОМОГ үүсч, агуйгаас овоохой руу шилжрэхдээ Хүмүүн "ХҮЙ НЭГДЭЛ"-ийг бий болгожээ. Хүн төрөлхтнийг ЁС ЗҮЙ-тэй болгосон нь ХҮЙ НЭГДЭЛ хэмээгч хүн сүргийн нүүдэл буюу. Хадны сүг зураг дээрээс Хүй нэгдлийнхний түүхийг харнам, бид. Тэндээс Гал яаж нээж, гал дээрээ махаа яаж шарж идэж, ангийн хишгээ хуваан яаж баясан цэнгэж байсныг харж болно. Эндээс бас Хүний анхны ёс зүйг ч харж болно.
    Хүн сүргээс нийгмийн анхны тулгын чулуу үүсч, хүний хорвоогоос анхны гэр бүл буюу ГЭР-ТӨР үүдээ нээжээ.
    ГЭР-ТӨР-өөс ХААН ТӨР, ХААН ТӨР-өөс ГҮРЭН УЛС, ГҮРЭН УЛС-аас ЭХ ОРОН, ЭХ ОРОН-оос ХИЛ, ХИЛ бүрээс УЛС ГҮРНҮҮД салаалж, ЭХ ДЭЛХИЙ-ИХ ТӨР бүрэлдсэн буюу. Хүн төрөлхтөн өөрөөсөө эхэлсэн Ёс зүйгээ мэддэг ч мэддэггүй юм шиг их маргадаг, маргасаар өдий хүрлээ. Нэн ялангуяа дэлхийд Хүн төрөлхтөн өөрсдийнхөө тогтоосон Нийгмийн байгууллаа өөрчилж, эвдэж, нураан, ахин босгох явцдаа Оюуны Ёс зүйгээ ч бас нурааж, эвлүүлж ядаж явна. Боолын нйигмээс эхлээд Хүн хүнээ боолчлон зовоож, Хэтэрхий их хаанчлал Ёс зүйг доройтуулж, улмаар Хүн төрөлхтөн баяжих зам руу буцалтгүй орж, Өрнөдөд Капиталист-Хөрөнгөтөн, Дорнодод Феодал-Хөрөнгөтөн бий болж, хувь хүний баялгаас улс гүрний баялаг руу шунан дайрцгаах болжээ. Энэхүү Ёс зүйгүй авирлалаас Дайн дажингийн самуунтай хөл тасарсангүй. Дайн дажны хөлд ч Ёс зүй бас л хэмхэрч хамхарч байв. Дайн дажны олз омог бүхэн эрх мэдэлт ТӨР байгуулахыг оролдон, ганц хааны буюу ганц хүний дарангуйлагч ТӨР нь улам бүр хэврэгшиж байлаа. Дэлхийг нэлдээ дарангуйлагч ТӨР рүү чихэж, нэг талдаа ИМПЕРИАЛИСТ гэгдэн баяжих, дайтах Төр давамгайлж, нөгөө талдаа КОММУНИСТ хэмээгч Дарангуйлах, Тэгшитгэн ядууруулах Төр уралдаж, Хүн төрөлхтөн бараг нэгэн зуун жилээ төөрөгдөлд тушиж, хэмлэлдлээ. Одоо л дэлхий нийтээр цаг эргэж, ТӨР эргэж, ДАЯАРШИЛ гээч нэгэн дээвэр дор Хөгжлийн буухиа руу хөл нийлэн алхаж эхэллээ. Энэхүү цаг дор Монголчууд бид ч төөрөгдлөөсөө гарч, төрхөмдөө буцаж ирэх гэж чардайж явна. Уг нь бид чинь бэлэн ТӨР-ГЭР-тэй улс юмсан. Саяхнаас Монгол орны Төв хэсэг Архангай аймгаас Хүннү гүрний томоохон олдвор ил болж улам ч ТӨР-ГЭР-ийнхээ бууцыг ухаж төнхөх дур шуналыг үүсгэвээ. Хүн төрөлхтөнд үнэтэй бууц Хүннүгийн гэрийн бууринаас олон сонин олдвор олдох нь мэдээж. Олон ч Ёс суртахууныг булшилснаа эндээс бид олох болно.
    Хүн төрөлхтний түүх Грек, Ромоос л эхэлсэн юм шиг төөрөлдсөн Ёс зүйг Хүннүгийн булшнаас бид нээж чадах болно. Түүхийн залруулга энд л байна. Ёс зүйн гол түгжээ эндээс л оньсоо тайлна. Мөнөөх бидний маргадаг эртний  Грек хэлний
"ethoc"-Этос, латин хэлний  "moralitas"-Мораль гэсэнтэй утга дүйлгэж эрдэмтдийн нэршүүлсэн "Этика" гэх нэр томьёог өнөөгийн улс төрчид Ёс зүйн хэм хэмжээ болгон их ашиглаж байна. Гэхдээ тэр болгон энэ үгээ ТӨРЖҮҮЛЖ, ГЭРШҮҮЛЖ чадаж байгаа юм уу даа? Грекийн филосифч Аристотель үүнийг "Этосон" гэж идээшүүлсэн бол Ромын филосисофч Цицерон "Мораль" гэж дээжилжээ. Энэ хоёрын тэг дундаас манай үеийнхэн "Этика" гэх болж. Манайх ч оросжсон үгийг нь дагаж нэг хэсэг манаргав. Угтаа цэвэр монголоор бол Сургаал юм шүү дээ. Их хаадын сургаалаас л жинхэн цэвэр ёс зүй ханхална. Өнөө цагт манай эрдэмтэд Ёс суртахуун гэж ярих нь элбэгшжээ. Хүннү гүрний 2220 жилийн их ойд зориулан төрт ёсны сургаалт ёсыг хөндсөн "Эмээлийн үг" номоороо ч энэ бүхэнд хариу өгөх гэж ядсаныг их утга зохиол болоод номын ертөнцийнхөн талархан хүлээж авсанд улам ч урам зориг нэмж сууна. "Эмээлийн үг-2", "Ташуурын үг" номоо ч тэрлэж эхлэв.     За энэ бүхэн ч яахав, "Ертөнц ёс зүй дээр тогтдог" буюу "Хүн төрөлхтөн ёс зүй дээр тогтдог" гэсэн гол санаа руугаа эргэн орьё. Үүн рүү орохдоо МОНГОЛ ТӨР-ийнхөө ёс зүй рүү орьё. МОНГОЛ ТӨР бол ГЭР СУРГААЛ дээр тогтож байжээ. Монгол сэтгэлгээнд ГЭР-ТӨР гэсэн ойлголт илүү ойр юм шиг. Тиймээс ч 1990 оны ардчилсан хувьсгал, шинэ төрийн эргэлт хийж байх үед бивээр "Монголын залуучууд" сонин, "Сэтгүүлч" сэтгүүлд "МОНГОЛ ГЭР-ТӨР, МОНГОЛ НЭР-ТӨР" гэсэн нийтлэлээ бичиж байсан. Өдгөө эл сэдэв улам баяжиж, яах аргагүй шинэ Парламент-УИХ-ын ёс зүйтэй холбогдож буй учир дахин хөндөхөд хүрлээ.
    Манайхан бас л сургамж авалгүй Монгол Төрөө их богинохон өнцгөөс харсан хэвээр байна. Ер монгол сэтгэлгээнд өнцгийн онол дутмаг, дугуй буюу тойргийн онол илүү хүртээмжтэй байдагсан. Гурвалжин сэтгэлгээг Өрнөдөөс авч хуулаад бид хөгжөөгүй. Харин ч сүүлийн үес Тойргийн сэтгэлгээ рүүгээ эргэн ороод овоо зөв замаа эрж хайж явах шиг байна. Хүннүгийн ТӨРТ ёсыг хүн төрөлхтөн илүү сонирхож, түүн рүү нүд, чихээ лавхан шургуулж эхэллээ. Хүннүгийн төрөөс үүсэлтэй Монгол их хаадын Төр рүү улам шунаж эхэллээ. Монгол хаадын "Этика" буюу Сургаал үгс өнөөдөр улам бүр үнэтэй болж байна.  Юуных нь Грек, Ром, Хятадын сэтгэгчдийн явцуу үгийг дагах вэ? Монгол их хаадын минь Алтан сургаал үг өдгөө ч  алтнаас илүү үнэ цэнэтэй болж,  дэлхийн ТӨР ёсны түлхүүр болсон Ёс зүй МОНГОЛ-ДОРНО УХААН-аар эргэх тийшээ болов. Хятад КҮНЗ-ийн ёс зүй дээрээ эргэж, хориннэгдүгээр зууныг Дорно ухаан руугаа татаж эхэллээ. Монголчууд ч ХҮННҮ-ЧИНГИС-ИХ ХААД-ын Ёс зүй рүүгээ эргэж, Үсрэнгүй хөгжлийн түлхүүрээ мөнөөх Дорно ухаанаасаа л авч таарна. Үүнийг ч соргог мэдэрч УИХ-ын дарга, монголын төрийн нэрт түшээгийн нэг Дамдингийн Дэмбэрэл   "Ёс зүйт төр" судалгааны жинтэй номоо туурвин улс төрчид, сонгогчид, иргэдийнхээ  гар дээр тавьсан нь цагаа олсон бүтээл болжээ.
    Монголчуудын ИХ ЁС ЗҮЙ-г баллах гэж аль Хүннү гүрнээс эхлэн хавь ойрын улс гүрнүүд ихэд оролдсон. Манж гүрний үед бүр 300 гаруй жил дарангуйлан дарах гээд чадаагүй. 1921 оноос хойд хөрш маань Оросжуулах гээд бас чадсангүй. 2000 гаруй жилийн их түүхийг маань хэн ч, юу ч дарж чадахгүйн тод жишээ энэ буюу. Өнөөдрийн Даяарчлалын Ёс зүйд ч Монгол Ёс зүй сонцгойрох уу гэхээс сондгойрохгүй.  Монгол төрийн дарамтыг бид өөрсдөө бус гадныхан үзүүлж байжээ. 1755-1758 онд Манжийг эсэргүүцэн боссон Амарсанааа, Чингүнжав, Галданбошигт, Сэвдэнбалжир нарын үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг манжирхагч хаад ноёд "Урвасан хулгай" хэмээн цоллож, үр удмыг нь таслахыг хичээж байв. Бүүр 1911 онд ч манжийн эсрэг зоригтой үгээ хэлж сөрөгчид буюу Богд хаант Монгол Улсын анхны Гадаад хэргийн сайд  Чин ван Ханддоржийн хүүг цаазалж дарамтлан тарчлааж байв. Өнөөдөр тэмдэглэж буй Монгол Улсын тусгаар тогтнолын  100 жилийн ойгоороо бид гуйвсан түүхээ эргүүлэн залруулж, үр хойчдоо үнэн түүхээ залгамжлуулан өгч буйдаа баярлахаас яахав. УИХ хүндэтгэлийн чуулган хийж буй нь Төрт ёсны ёс зүйгээ биелүүлж байгаа ёс төртэй алхам. 1921 оны Ардын хувьсгалыг гардан хийгчдийг ч оросжсон хэт хувьсгалчид  бас л тамлан зовоож цаазлан хороосон. Монгол төрийн ёс зүйг       үгүй хийх гэж тэд 1937 он хүртэл үй олноор нь цаазлан хороож түйвээх гээд ч дийлсэнгүй. Бодоо, Данзан, Дэмид...гээд хичнээн үнэнч үрсээ бид өнөөдөр цагаатгаж байнав? Ерөөсөө Монгол Төрөө ч бүрэн цагаатгах цаг болсон.  Монгол төрийнхөө ёс зүйг ч цэвэрлэн ариутгах цаг болсон. Алдаж оносон МАХН-ын түүхээс сургамж авч, алдаж онож яваа МАН, АН болоод олон намын Ёс зүйгээ ч ариун байлгаж, чин шударгууг ёслон дээдлэх цаг болсон. Энэ бүхэнд бидний "Алтан судар" болсон "Үндсэн хууль"-иуд ихээхэн сургамж, амин сургаал болсоор ирсэн, болсоор байх болно. Үндсэн хуулийн Ёс зүйг бид ямагт сахих учиртай. Тэгээд ч Үндсэн хуулиа бат мануулах гэж Үндсэн хуулийн Цэцийг "ташууртай" нь суулгаж байна.           Үе үеийн ҮНДСЭН ХУУЛЬ өөр, өөрийн түүхтэй. өөр, өөрийн Ёс зүйтэй ажгуу. Ер өмнөх түүхээ муулах өвчин биднийг өөдлүүлж байсан удаагүй. Өмнөх үеэсээ л бид сургамж, сургаал авч, тэднийхээ үнэт ёс зүйгээр амьсгалж, амьд явнам бус уу?
    Ёс зүйгүйгээр улс төрөөр амьсгалахын ч хэрэг юун. Ёс зүйгүйгээр амьдрахын ч утга юун? Ёс зүйгүйгээр ёс төрийг яриад ч яахийм бэ?      Үндсэн хууль бүхний үг үсэг бүхэнд Монголоо гэсэн хэн хүний сэтгэл зүрх шингэснийг үгүйсгээд яах юм бэ? Шинэ Монгол Улсын анхны Үндсэн хууль 1924 онд, хоёр дахь Үндсэн хууль 1940 онд, гурав дахь Үндсэн хуулиа 1960 онд, дөрөв дэх Үндсэн хуулиа 1991 онд тус тус батлан хуульчилж, даган мөрдсөөр ирлээ. Эдгээрийг батлахад үе үеийн малчин, лам, ажилчин, тамирчин, сэхээтэн, төрийн түшээд сэтгэл оюунаа охьлон нэрж, ёс зүйгээ сүлдлэн өргөжээ. Монгол Улсын Бага хурлыг ёс зүйтэй удирдан залж түмэн олноо "Бум хурандаа" гэтлээ хүндлэгдсэн  Г.Бумцэнд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар төрийн ноён нуруутай ажиллахын үлгэр дууриал болсон "Төрийн мэргэн өвөө" Ж.Самбуу, БНМАУ-ын сүүлийн өдрүүдийг дархалсан БНМАУ-ын АИХ-ын сүүлчийн чуулганаар 76 хоног хуралдаж байж баталсан шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсан АИХ-ын 422 депутатын хөлс хүч, түүнийг удирдсан АИХ-ын дарга Ж.Гомбожав, Уртнасан, орлогч дарга Л.Дашням, Ц.Элбэгдорж, Ц.Адьяасүрэн, О.Долгорсүрэн, Х.Хузкей нарыг мартах аргагүй.
    Мөн 76 хоногийн урт чуулганы хугацаанд хэд хэдэн түүхэн үйл явдал болж билээ. Анх удаа олон нийтэд ил БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч, анхны Дэд Ерөнхийлөгч, БНМАУ-ын Бага хурал, УБХ-ын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, БНМАУ-ын анхны Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий Прокурор зэргийг сонгож байсан нь шинэ үзэгдэл, шинэ ёс зүйг эхлүүлж байв. Мөн АИХ-ын сонгуулиар БНМАУ-ын Дээд шүүхэд анх удаа улс төрийн намууд бүртгэгдэж байв. МАХН, МҮДН, МЧХН, МоАН, МСДН, МНН байгуулагдсан өдрийнхөө дарааллаар бүртгүүлж байсан. Тэд их ёс зүйтэй байжээ. МСДН гэхэд МҮДН-ыг хоёрдугаарт бичүүлж өөрийгөө хойш нь татаж байсныг дурдалтай. Өнөөдөр бол намуудын ёс зүй яасан их дор унасан байгаа билээ? Тэр үед сонгуулийн 430 тойрогт 2413 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байжээ. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1027,1 мянган иргэн бүртгүүлж, 98 хувийн санал хураалт болжээ. Тэр бүү хэл, 147, 289,351,353,358 дугаар тойрогт дахин сонгууль, 36,79 дүгээр тойргийн Б.Пүрэв, К.Хусман нарын депутатын бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг түр хойшлуулах, 86 дугаар тойрогт сонгогдсон С.Харжаубайн асуудлыг хэлэлцэх гээд дэндүү ёс зүйлэг байжээ. Тэрчлэн МАХН, МҮДН, МЧХН, МоАН, МСДН, МНН-уудаас алагчлахгүй депутат гаргаж байсан нь монголчуудын ноён нуруутай, эвдрээгүй ёс зүйтэйг ч харуулж байв. Мөнөөх С.Харжаубайн асуудал нь 1000 рублийн явдал байжээ. 76 хоногийн хуралдаан халуун амьсгалтай болж байсныг "Ардын эрх" сонины хуудаснаас харж болно. Тэр үеийн сонины халуун тогоог   АИХ-ын депутатаар сонгогдсон Ерөнхий эрхлэгч Б.Лигдэн, орлогч эрхлэгч Ц.Балдорж, хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Пүрэвдаш, утга зохиолын нарийн бичгийн дарга Г.Бямбажал, Ж.Батсайхан миний бие, Ө.Тогоо, Н.Пүрэвдаш, анхны парламентын сурвалжлах хэсэгт томилогдсон Б.Бордух, Ө.Энхтүвшин, Д.Цэдэн-Иш, Б.Нацагдорж, М.Цэрэнжамц нарын нэрийг "Ардын эрх"-ээс бас хараарай.  "Ардын төр" сэтгүүлийн эрхлэгч Д.Нямаа гээд төрийн хэвлэлийнхэн ч ийнхүү Үндсэн хууль өлгийдөлцсөн гэхэд болно. АИХ-ын танхимд зарим депутат нөхөд маань амьсгалаа хураах дөхөж, миний дотно нөхөр, яруу найрагч, БХЯ-ны орлогч сайд, хошууч генерал Б.Мөнхдорж цус харваж эмгэнэлтэй явдал болж байв.
    Үндсэн хууль тун амьд түүхтэй батлагдаж байсныг өнөөдөр мартаж болохгүй. Анхны Ерөнхийлөгчийн цалинг 3000 төгрөгөөр баталж, анхны эвслийн Засгийн газрын тэргүүнээр 48 настай Д.Бямбасүрэнг сонгосон, Дэд Ерөнхийлөгчөөс С.Зоригийг морь унаж үзээгүй, авгай авч гэрлээгүй гэдгээр шалтаглан унагаж байсан, Ш.Сүрэнжав, Ш.Гүрбазар тэргүүтэй зохиолч, сэтгүүлчид "Хоёр эхнэртэй байх" асуудлыг хөндсөн... гээд гайхалтай халуун амьгаатай чуулган болж байсансан. Төрийнхөө сүлд, төрийн дууллыг батлах гээд ч мөн л олон нийтийн санал бодлыг уралдуулж байж билээ. Өнөөдрийн УИХ-ын түшээд маань хичнээн их хөлс хүчээ шавхаж хуулиа баталдгийг үгүйсгэх аргагүй.
    1990-1992 оны Р.Гончигдорж даргатай Улсын бага хурлын 61 гишүүн, 1992-1996 оны Н.Багабанди, 1996-2000 оны Р.Гончигдорж, 2000-2004 оны Л.Энэбиш С.Төмөр-Очир, 2004-2008 оны Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, одоогийн Д.Дэмбэрэл даргатай УИХ-ын үе үеийн 76 гишүүний хөлс хүч, оюун ухаан, мэдлэг, боловсрол, зүтгэл хөдөлмөрийг Парламентын 20 жилийн их түүхээс салгавал алдас болох буйз аа.
Бас эднийгээ ёс зүйгүй гэж хэлэх эрхгүй. Төрт ёсны ёс зүйг бүтээж буй төрийн түшээддээ баярлах учиртай. Нэн ялангуяа Сонгуулийн шинэ хуулийг батлан гаргаж, шинэ буухиа эхлүүлэх үүдийг нээсэн   76 гишүүн парламентын түүхэнд "гавьяа" байгуулсан. Чухам олон жил ярьж байгаа төрийн бохирдсон ёс зүйг энэ удаагийн сонгуулиар цэвэрлэх л үлдлээ. Парламентын сэтгүүлчдийн холбоо байгуулагдаж Төрийн ёс зүйг цэвэрлэх "Хоточ ноход"-ын үүргээ муугүй гүйцэтгэж байна.
Төрийн ёс зүйг цэвэр байлгахад монгол иргэн бүхэн хувь нэмрээ оруулах цаг боллоо. "Биеэ засаад гэрээ зас,                         Гэрээ засаад төрөө зас" хэмээх их хаадын үгэн дээр өнөөгийн төрийн ёс зүй тогтоно. Ертөнц ёс зүй дээр тогтдог шиг Төр ёс зүйгээр томорно. Монгол Төрийн ёс зүй ямагт цэвэр тунгалаг орших болтугай.                                               

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Ж.Батсайхан
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш