Өчигдөр Ардчилсан намын удирдлагууд ээлжит “4:11” уулзалтаа зохион байгуулж, Хамтарсан засгаас гарах болсноо зарлав. Энэхүү мэдээллийн дараа Ерөнхий сайд С.Батболд Н.Алтанхуягийн мэдэгдэлд харамсч байгаагаа илэрхийлж, “ханилж яваад нөхрөө хаядаггүй л байхгүй юу” хэмээн гомдоллосон. Хамтарсан Засгийн газраас АН албан ёсоор гарвал зургаан сайд, найман дэд сайд, хэд хэдэн хэлтэс, агентлагийн даргын суудал дараагийн эзэндээ шилжих учиртай. Голомтоо сахисан нь дутуу суудлаа нөхөөд явах уу эсвэл дахин Засгийн газраа эмхлэн байгуулах уу гэсэн хоёр хувилбарыг тэр даруйд нь гаргаад ирсэн ч суудлаа нөхөөд, жингийн цуваа цааш явж таарах нь гэлцэж байна. 2008 оны сонгуулиас хойш гурван жил, зургаан сар хар хурдаараа гүйгээд өнгөрлөө. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН 46 суудлыг УИХ-д дангаараа авч, Засгийн газраа байгуулах бүрэн эрх нь байсан ч ялгаа юу байхав, нэг л эрх ашиг гэсэн малгай, заримынх нь хэлдгээр хөнжилд АН-ыг урьж, өнөөг хүрсэн түүхтэй. Харин өнөөдөр АН малгайгаа авч шидээд хөнжлөө хуу татаж хаяад гудамжинд гүйж гарах болов. Харин дөрвөн жил шахам дэр нэгтгээд ирсэн юм болохоор дээд зэргийн Ардчилсан үйл явдал гэж нэрлэлээ, МАН. Үүнийг Н.Алтанхуяг дарга арай өөрөөр тайлбарлаж байна.
Нөгөө л 7-р сарын 1. 2008 оны сонгуулийн будлиан, хүн нь үрэгдэж, байшин шатсан үймээн гээд цагийн байдал цөвүүн болж ирэхэд улстөрийн ноён нуруу гаргаж, МАН-ыг урихад “за” гээд очсон гэнэ. Засаг бариад өгөөч гэж ард түмэн сонгоогүй ч гэсэн “за алив л дээ” гээд байхаар үгүй гэж чадаагүй юм байх. Үүний ачаар улстөрд тогтвортой байж, улс орны тусгаар тогтнол, эдийн засгийг бэхжүүлэх үйл явцыг төгөлдөршүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Одоогийн олон толгойн орд газрыг орлого мөнгө болгоход ч чамгүй гавьяа байгуулснаа дурдаад “бидний хувьд хангалттай сайн ажиллалаа” гэж Ардчилсан намын дарга “өөрийгөө” дүгнэлээ. Болсон үйл явдлын өнгөн тал нэг иймэрхүү байна. Харин одоо улс төрийн хүрээнд хийгдээд эхэлсэн таамаг гэхээсээ илүү бодитой болж мэдэх прогнозуудаас дэлгэе. Ямар ч байсан галт тэрэг хэдийнэ хөдөлчихлөө. Хаана хэдэн удаа зогсож, ирэх сонгуульд хэр ачаатай хүрэх нь одоогоор “Х”.
Н.Алтанхуягийг “голио”-доход жижиг Энхболд, Женко нар шахсан уу?
Н.Алтанхуяг Засгаас гарах шийдвэр яаж гаргав гэдэг асуулт хамгийн түрүүнд тавигдаж байгаа юм. Энэ үйл явц бараг жилийн өмнөөс эхтэй гэнэ. Нэг хэсэг З.Энхболд Хамтарсан засгийг нэг мөсөн үзэн ядаж, намынхаа даргыг унагаад оронд нь “хаан” болохыг хүссэн ч тухай үед “Женко” Х.Баттулга буюу МоАХ гэнэт үгнээсээ буцсанаас болж намжиж байсан. Женко үнэндээ Төмөр замынхаа төслийг хэрэгжүүлж, том мөнгөөр бизнес хийх гэж улайрсандаа З.Энхболдыг гол гаргасан хэрэг. Гэтэл цаг хугацаа өнгөрөөд байдаг. Төсөл нь хавтсандаа өтлөөд байдаг. Тиймээс Засгийг унагааж, намын даргын эрхийг гартаа авах цаг болсон гэж үзэж. ҮЗХ л хуралдвал асуудал “түүз” болно гэдгийг З.Энхболд ч, Н.Алтанхуяг ч, Женко ч мэдэж байж. Тиймээс Н.Алтанхуяг ҮЗХ-ны хурал бүү хэл Гүйцэтгэх зөвлөлийнхөө хурлыг ч хийлгүй жил хагас луу унжсаны эцэст засгаас гараад намаа аваад үлдсэн дээр гэдэг нүүдэл дээр бууж өнөөдрийн шийдвэрийг гаргасан байх талтай гэнэ. АН анхны шийдвэрийг гаргаж тоглоомыг эхлүүлснээрээ асуудал цаашид хэрхэн өрнөх вэ. Ямар ч хувилбараар явсан Н.Алтанхуягийн хувьд ҮЗХ-ны хурал дээр тогтож үлдэх магадлал бага, харин З.Энхболд Женко хоёр тохироогоо боломжийн хийж чадвал намын дарга “Женко” Х.Баттулга болох юм байх. Нөгөө талдаа ҮЗХ Засгийн газраас гарахгүй гэдэг шийдвэр гаргах юм бол Н.Алтанхуяг гэдэг хүн жинхнээсээ гудамжинд гарч, арьсан гутлаа лааз өшиглөн элээж таарах нь. Өөрөөр хэлбэл ҮЗХ засагт үлдэнэ гэчихвэл албан тушаалаасаа татгалзсан Н.Алтанхуягийг солиод л хамтарсан засагтайгаа явах нигууртай.
Ханилсан нөхөртөө хаягдсан МАН-ын “сэтгэлзүй” ямар байна вэ?
МАН-ын өнөөгийн байр суурь бол одоогийн засгийн газрыг цааш үргэлжлүүлж, зургаан сайдыг нөхөн томилоод галт тэргэндээ үсрэн суугаад давхих. Тиймдээ ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдэгдэлд харамсаж байгаагаа илэрхийлэн “Засгаа хамтран үргэлжлүүлэн барина гэдэгтээ итгээд байгаагаа” хэлээд амжсан. Зарим нь Н.Алтанхуягийн хормойноос зүүгдэн гүйгээд гэх утга цухалзуулж байхад зарим нь улс төрийн соёл, ёсзүйн хувьд хамгийн зөв алхам хийж байна гэлцэх нь байна. Тухайлбал, АН-ыг засгаас гарлаа гэсэн зоргоор нь “баяртай” гээд явуулчихвал өөрөө “сөрөг” харагдах нь ойлгомжтой. Тэгэхээр улс төрийн хариуцлага яриад “АН-ын нөхөд ийм л туйлбаргүй хүмүүс байна шүү дээ. Хамтарна гэж хамтарчихаад, хийж гүйцээсэн юм байхгүй явчихлаа, шийдэх ёстой олон асуудал байсан, энэ намаас болоод гацаад байна. Цаг алдлаа” гэх мэтээр улс төр хийх учиртай аж. Гэхдээ Сү.Батболдын Засгийг нөхвөрийн аргаар үлдээдэг юм бол шүү дээ. Өнөөдрийн байдлаар сонсогдож байгаа “прогноз”-оор бол М.Энхболд Ерөнхий сайд болохгүй, намын даргыг ч авахгүй гэнэ. У.Хүрэлсүх ч авахгүй юм байх. Тиймээс МАН аль болох дотроо эв зүйгээр шийдэх хэрэгтэй гэнэ. Эсвэл Засгийг бүрэн унагаад Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёрын аль нэгээр толгойлуулж, Д.Загджав, Э.Мөнх-Очир гэсэн сайд мөрөөдөөд сайхан унтаж чадахаа болсон нөхдөд боломж олгож мэдэх л юм. Тэгснээрээ МАН дараагийн ээлжийг гаргаж ирсэн гэдгээр асуудлыг зөөлчилж мэдэх л юм. Энэ сэлгээнд ямар ч байсан С.Баярын үлдэгдэл засгийн “хог” болсон Д.Зоригт мэтийг унасан, унаагүй өөрчилнө гэнэлээ.
Н.Энхбаяр сөрөг хүчний байраа алдсан ч гуравдагч орон зайг дархална
Өнөөдрийн энэ улс төрийн өрнөл хэнд хожоо авчрах вэ. Үнэндээ МАНАН сарниад, “ана” “мана” сөргөлдөх дээр тулбал Н.Энхбаярын сөрөг хүчний хүчтэй байр суурь автоматаар үгүй болох ч улс төрийн тайзнаа олон хувилбараар тоглолт хийх жинхэнэ “од” гэдгээ батлах боломж гарч ирж байгаа юм. Тиймээс ч Н.Энхбаярын талын хүмүүс “Одоо бидний жинхэнэ цаг эхэллээ” гэж үзэж байна. “МАХН-МҮАН”-ын нэгдэл энэ удаагийн УИХын сонгуулиар 80 хувийн суудал авна гэсэн зорилго тавьжээ. Тэдэнтэй Д.Энхбатаас салж үлдсэн Ногоон нам, Буян Жагаагийн БНН, Уламжлалын нэгдсэн нам зэрэг зарим нам нэгдээд байгаа гэсэн. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам энэ тэр гэсэн жижиг намыг эгнээндээ авах эсэхээ бодож байгаа юм байх. Дээр нь Иргэний тодотголтой хөдөлгөөнүүд бүгд Н.Энхбаярын талд орж байгаа юм байх. Ингэснээрээ Н.Энхбаяр Монголын улс төрд гурав дахь том орон зайг гаргаж ирлээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын тоглолт улс төрд бодитойгоор хийгдэж байна. Харин аль ч утгаараа МАН-д сохор зоосны ашиггүй болсон бол АН-д дарга цэргээ сольдог халдаг, дотооддоо намжуу шийдвэл ард түмний дэмжлэг авах нигууртай болсон мэт.
МАН үхлийн мориндоо мордов уу
МАХН-ын 25-р их хурлаар С.Баяр нам, засаг 2-ыг гартаа авахад МАХН даяараа баярлан, шударга хүний гарт шинэ ирээдүй, нэр хүнд бий гэж итгэж байсан гэдэг юм билээ. Асуудал тийм ч сайхан өрнөөгүй. Яг эгзэгтэй, хэрэгтэй үед нь хаяж явчихаад алсын зайнаас “кнопдож” суудаг гэж түүнийг шүүмжилдэг. Тэгээд ч Сү.Батболдод засгийн эрхийг шилжүүлчихсэн. Өнөөх нь гай чирсэн Х үсгийг авч хаяад л, У.Хүрэлсүх гэж овлигогүй нөхөр нь энд тэнд очиж үсчиж гүйсээр МАН-ын нэр хүндийг С.Баярын “оймс”- ны түрийд “чихсэн” гэдэг. Үйл явдал өрнөсөөр МАН-ын нэр хүнд унасаар Н.Энхбаяр МАХН-аа байгуулсан. Энэ л үед Н.Энхбаярт С.Батболд намын даргын хувиар баяр хүргэж, гар бариад, үзэл бодлыг чинь хүндлэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, хамтраад явна гээд хэлчихсэн бол асуудал ингэтлээ дордохгүй байж. Харин ч энэ удаагийн сонгуулиар хамтраад орчих гарц байсан гэнэ. Хууль зүйн үүднээс харахад МАХН гэдэг нэрийг дээд шүүх зөвшөөрөх нь цаг хугацааны л асуудал байсан гэдэг. Гэтэл Хууль зүйн сайд нь болохгүй гэж тунхаглаад, Д.Лүндээжанцан нь ч бүтэхгүй гэж мэдэгдээд л өөсрдийнхөө дайсныг хурцалж байж. Эцсийн дүндээ хэрэг явдал өрнөсөөр М.Энхсайхан, Н.Энхбаяр гэж хоёр цөөвөр чоныг нэгдэхэд хүргэжээ. Одоо МАН нэгэнт өнгөрсөн гэж намын жирийн гишүүд нь шаналаад эхэлчихэж. Ядаж байхад Ц.Нямдоржийн хувийн тоглолт МАН-д ойгүй их гай тарьж байгаа гэх. Эх сурвалжуудын дүгнэлтээр бол 25 дугаар их хурлын өмнө МАНын нэр хүнд хортой унаж байсан ч М.Энхболдыг сольчихвол эргээд сэргэх хүлээлттэй байсан гэнэ. Тэгэхээр Н.Алтанхуягийн эхлүүлсэн түймэр МАН-ыг үхлийн мориндоо мордоход нь ташуур өгч байгаа нь нэгэнт тодорхой болов. Цаашид хэрхэхийг хүлээж байхыг ҮЗХ-ны хурлаас “өгсүүлэн” ажиглая даа.
Ш.Булга