logo
42 мянган айл жилдээ 4,2 тн нүүрс хэрэглэдэг байсныг 40 хувиар бууруулжээ

42 мянган айл жилдээ 4,2 тн нүүрс хэрэглэдэг байсныг 40 хувиар бууруулжээ

2012/01/07
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд  Монгол  Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарсан Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажил, энэ асуудлыг шийдвэрлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Засгийн  газраас  нийслэлийн агаарын  бохирдлыг  бууруулах  ажлыг 3  зорилтын  хүрээнд, тухайлбал:  
1.      Улаанбаатар хотын  гэр  хороололд  хязгаарлалтын  бүс  тогтоож түүхий  нүүрс  түлж  байгаа 180 мянган  айл  өрхийг  эрчим  хүчний  хэмнэлттэй  бүтээгдэхүүн  болон боловсруулсан  түлшээр  хангах,
2.      Дотоодын  нүүрснээс  хийн  түлш  үйлдвэрлэн  хийн  түлшний  сүлжээ  бий  болгон  ажиллах,
3.      Улаанбаатар хотын  инженерийн  барилга  байгууламжийг  нэмэгдүүлж  “100 мянган айлыг  орон сууцжуулах  хөтөлбөр”-ийг  эрчимжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгааг тэмдэглээд энэ талаар дэлгэрүүлэн мэдээлсэн юм.  
Засгийн  газраас боловсруулсан “Утаагүй  Улаанбаатар” хөтөлбөр “УИХ-ын  2010 оны  36 дугаар  тогтоолоор “Шинэ  бүтээн  байгуулалт” нэртэйгээр  батлагдсанаар  гэр  хорооллын  айл  өрхийн  зуух-яндан-түлшний  бүтэц, шаталтын  технологийг  өөрчлөн  сайжруулах,  нам даралтын  уурын  зууханд технологийн  шинэчлэл  хийх, гэр,  орон  сууцны  дулаалгыг  сайжруулах  замаар  түүхий  нүүрсний  хэрэглээг багасгаж,  утаа  тортогны  ялгаралтыг  50 хүртэлх хувиар  бууруулах,  хотын  тоос, тортог, хог  хаягдлыг  багасгах, утаа тоосыг  шингээн  саармагжуулагч гол  арга  хэрэгсэл  болсон  мод, зүлэг, ногоон  байгууламжийн  нэг  хүнд ногдох  хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн  зорчигч  тээврийн  шинэ  төрлийг  үйлчилгээнд  нэвтрүүлэх, тээврийн  хэрэгслийг  хийн  түлшинд  шилжүүлж, автотээврийн  хэрэгслээс  ялгарах  утааг  бууруулах эрхзүйн  болон  эдийн  засгийн  таатай орчин  бүрдсэн  байна. Мөн “Агаарын  тухай” хуулийг  шинэчлэн, “Агаарын  бохирдлын  төлбөрийн  тухай” хуулийг  баталснаар агаарын, бохирдлоос  сэргийлэх, агаар  бохирдуулах  бодисын  хаягдлыг  бууруулж,  хяналт тавих, бохирдуулагч  нь  төлбөр  төлөгч  байх олон улсын  зарчмыг  хуульчилсан  нь  агаарын  бохирдолтой  тэмцэх  санхүүгийн  эх  үүсвэр  бүрдэх  нөхцөл  болсныг ерөнхий сайд онцоллоо.  
Ерөнхий сайдын мэдээлснээр бол одоогийн байдлаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай  хуульд заасан нөхцөл, шалгуурыг хангасан, агаарын чанар сайжруулах бүсэд багтах 40 орчим мянган айл өрх эрчим хүчний  хөнгөлөлтийн урамшуулал, давхардсан тоогоор 11 мянга гаруй айл өрх хөнгөлөлттэй үнээр  боловсруулсан түлш худалдан авахад 3,8 тэрбум төгрөг, брикетин түлш үйлдвэрлэгч 3 аж ахуйн нэгж, үртсэн шахмал түлш үйлдвэрлэгч 7 аж ахуй  нэгж, нийт 10 байгууллага 2,6 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг үе шаттайгаар, гүйцэтгэлээрээ авч үйлдвэрлэлээ  явуулж  байгаа аж. Мөн 2009-2013 он хүртэл АНУ-ын МСС-гаас Агаарын бохирдлыг бууруулахад 31,2 сая ам.долларын буцалтгүй тусламж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажлын  явц  60% -тай  байгааг Ерөнхий сайд дурдсан юм.
Тэрбээр бас агаарын чанарын хэмжилтийн дүнгээс харахад салхины хурд,  температурын өөрчлөлт, галлагааны эрчмээс хамааран утааны ерөнхий байдал буурахгүй байгаа ч агаарын найрлага дахь  хорт  бодисын зарим хэмжээ, зарим үзүүлэлтээрээ буурч байгаа  нь харагдаж  байгааг дурдаад нийслэлийн агаарын бохирдлыг арилгах үндсэн арга нь нүүрсийг  хийжүүлэх, нүүрснээс нийллэг хий гарган авах, нүүрсний  давхаргын метан буюу нүүрсэн дэх байгалийн хийн нөөцийг тогтоох, илүү хямд хийн түлш ашиглах боломж бүрдүүлж, хийн  түлшний  хангамж  сүлжээ бий  болгох, гэр хорооллыг барилгажуулан, иргэдийг тохилог орон сууцаар хангах асуудал бөгөөд үүнийг бид шийдвэрлэнэ гэсэн юм. Үүнд хамгийн гол нь нийслэлийн гэр хорооллын айл өрхийн тоо жил бүр өсөж, утаа үйлдвэрлэгч эх үүсвэр тасралтгүй нэмэгдэж байгаа нь бодит бэрхшээл учруулж байгаа нь Ерөнхий сайдын мэдээллийн дараа өрнөсөн асуулт-хариултаас илэрхий байв. Хамгийн түрүүнд Д.Дондог гишүүн Улаанбаатар хотын ачааллыг бууруулж байж л утааг бууруулах боломжтойг тэмдэглээд гэр хороолллын утаанааас гадна автомашинаас ялгарах утааг багасгахын тулд ашиглалтын оноор залуу автомашинд татвар нэмэх биш харин ч урамшуулах механизм байж болох эсэхийг асууж, орчны тохижилт, ногоон байгууламж, цементжүүлсэн гудамж талбайн талаар хотын захиргаа тодорхой стандарт тогтоох нь зүйтэй гэсэн саналтай байв. Н.Ганбямба гишүүн ч жилээс жилд тэлж буй гэр хорооллоос гол нь үүдэлтэй нийслэлийн утааг гал унтраах аргаар биш хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зохицууулахын тулд эдийн засгийн урамшууллын механизм бий болгох, алслагдсан орон нутагт ажиллаж амьдарч буй хүмүүст татварын хөнгөлөлт, цалин хөлсний урамшуулал үзүүлэх асуудал тавьж байв.     
УИХ-ын гишүүд утааны асуудал зөвхөн нийслэл төдийгүй Эрдэнэт, Дархан зэрэг томоохон хот суурин газар, улмаар аймаг, суманд тулгамдах болсныг анхааруулж, ард түмний эрүүл мэндэд заналхийлсэн энэ асуудлыг хот, хөдөөгүй шийдвэрлэх талаар холбогдох яам ямар бодлого барьж, юу төлөвлөж буйг асууж байлаа. Ялангуяа утаагүй зуухны талаар нэлээд шүүмжлэл өрнөсөн бөгөөд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 2012 онд агаарын бохирдлыг бууруулах стандартад нийцсэн 10 гаруй мянган зуух дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөсөн, энэ жил утаагүй түлшний хэрэглээг дэмжих, хэвшүүлэх зорилгоор түүнийг айл өрхөд нүүрснээс 2 дахин бага үнэтэй байхаар тооцож, татаас өгч байгаа, энэ ажлыг нийт 180 мянган айлд хэрэгжүүлнэ гэвэл маш их тоо гарах тул хийн түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүд түлшний үнийг тогтвортой байлгахад анхаарч, зуух үйлдвэрлэх дотоодын компаниудын шаардлагатай заримыг нь санхүүжүүлэх, хийн түлшний хувьд туршилт явуулж, айл өрхүүдийг халаах тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх асуудлыг дэмжих бодлого барьж байгаагаа ярьсан юм. 
Гишүүд утаатай тэмцэх талаар бодитой үр дүн гарсан эсэхийг олон дахин асуусны дотор Ц.Сэдваанчиг гишүүн “Жилийн нүүр үзэж байгаа Нийслэлийн агаарын бохирдлын бууруулах хуулийн үр дүнг ярихгүй бол болохгүй байна. Хууль гараад хязгаарлалтын бүс тогтоон цахилгааны үнийн урамшуулал олгосон гэж ярьж байгаа ч ямар үр дүн гарав? Дээрээс нь орон сууцжуулах, шахмал болон хийн түлш хэрэглэх гэсэн 3 туршилтын аль нь манайд хамгийн богино хугацаанд хэрэгжих боломжтой юм бэ? Утаа бууруулахад зориулсан хөрөнгө мөнгө яг утаандаа зориулагдаж байгааг хянадаг механизм байна уу? Агаарын бохирдолтой тэмцэх эх үүсвэр маань бизнес болж хувиран өөр чиглэлд яваад байгаа нь ортой юу?” гэж лавласныхаа хариуд “Бодитой үр дүн байгаа гэж хэлэх бүрэн үндэстэй,  нийслэлийн хэмжээнд хэрэглэж байгаа түүхий нүүрсний хэрэглээ 16 хувиар буурсан, нам даралтын зуух маягаар түүхий нүүрс түлэн ажиллаж байсан 39 зуух бүрмөсөн зогссон, 614 айл цахилгаан халаагуурт 100 хувь шилжсэн,  42 мянган айл тус бүр жилдээ 4,2 т нүүрс хэрэглэдэг байсныг 40 хувиар бууруулсан, Баянгол дүүргийн 11 мянган айл түүхий нүүрс огт түлэхгүй байгаа, сүүлийн 3 жилийн турш хотын 4 цэгт агаарын чанарын алба өдөр тутам ажиллаж агаарын бохирдын бүх мэдээллийг гаргаж байгаа, энэ жил 3 дахь жилийнхээ мэдээллийг урьдах оныхтой нь харьцуулан гаргаснаар агаарт агуулагдаж буй хорт бодисын концентрат буурч байгаа нь харагдаж байна. Ирэх 5-р сар гэхэд агаарын бохирлдыг 40 орчим хувь бууруулна гэсэн зорилт маань үндсэндээ хэрэгжих тийшээгээ хандаж байгаа” гэсэн тоон үзүүлэлт сонслоо. Мөн Д.Зоригт сайд “Санхүүгийн эх үүсвэрийн хувьд 2011онд 20 гаруй тэрбум, 2012 онд 30-аад тэрбум төгрөг төлөвлөсөн, ганцхан Засгийн газар дангаарааа энэ ажлыг хийгээд байгаа биш, МСС-гаас жишээ нь хэрэгжилтийнх нь үр дүнг хянаж байгаа... Утаатай тэмцэх дээрх аргуудаас ач холбогдлын хувьд орон сууцаар хангах нь хамгийн зүйтэй арга хэмжээ” хэмээн хариулсан юм.
 Х.Жекей гишүүний хувьд “Энэ бол хэдхэн жилийн дотор бий болсон асуудал биш, олон жилийн турш хуримтлагдсан ужиг асуудал, аль ч засгийн үед арга хэмжээ авч, анхаарал тавьж ирсэн. Зөвхөн утааны төдийгүй гэр хорооллын жорлонгийн асуудлыг ярих ёстой. Гэр хорооллын 180 мянган жорлон,  үүн дээр бас тэндээс гарч буй бохир ус гэх мэт олон асуудлыг цогцоор нь авч үзмээр байна” гэсэн бол С.Бямбацогт гишүүн “Улаанбаатарын утааны тухай хуулийг өнгөрсөн хавар баталж байхад энэ онд 30 хувиар бууруулна, эс бол хариуцлага хүлээлгэнэ гэсэн чинь бараг нэмэгдсэн юм биш үү! Зөндөө их мөнгө төсөвлөсөн атал хууль хэрэгжихгүй, амьдрал дээр үр дүнгээ өгөхгүй байна”, мөн Баярсайхан гишүүн “Энэ 4 жилийн турш ийм л яриа сонссон, Та бүхний юу ярьдгийг мэднэ. Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлж байхад   Эрүүл мэндийн сайдыг энд суулгаж байгаад асуумаар байна. Хүн амын төрөлт дотор удмын гажиг, халдварт өвчин их  байгаа нь утаа, агаарын бохирдолтой  холбоотой”  хэмээн шүүмжилсэн юм. Д.Зоригт сайд үүнд “Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой хот болоод байгаа нь үнэн. Гэхдээ урьд өмнө энэ тухай яриад л байснаас бус мөнгө хаяж байгаагүй, энэ жилээс л 20-оод мянган тэрбум төгрөг зарцуулж байна. Өнөөдөр бид  тодорхой тоо статистиктай байна, ийм байдлаар жил бүр жигд үр дүн гараад байвал ойрын 5-6 жилд эрүүл агаарын стандарт шаардлага хангасан хот болно” гэж хариулав.
 Ч.Улаан гишүүн энэ үр дүн чамлалттай байгааг өөрийнхөө эрүүл мэндээр мэдэрч байгаагаа дуулгаад утаатай тэмцэх төсөл яг монгол ахуйдаа хэр нийцэж байгааг анхааруулж, хийн түлш рүү тууштай явахгүй бол утаа, үнс хоёроосоо салахгүй, үүн дээрээ дулааны асуудлаа шийдчихмээр байна, мөн хотын утааны бохирдлын 20 хувийг бүрдүүлж байгаа автомашины бөглөрөл цагийн дайсан болж байна, 3-хан чигэллээр хот руугаа орж гардаг байхаар утаанаас салахгүй тул замын хөдөлгөөнөө зохицуулах, зам таглаж барьсан хашаа байшинг цэгцлэх хэрэгтэй гэсэн юм. Түүний хэлснийг Д.Ганхуяг гишүүн дэмжиж нийслэлийн агаарын бохирдол, түгжрэл нь сүүлийн 20 жилд хотыг төлөвлөлтгүй хөгжүүлж ирсэнтэй холбоотой гээд хотын хөгжлийн асуудлаар Байнгын хорооны тогтоол тогтоол гаргуулж, асуулга тавиад байгаагаа  сануулж байлаа.
 Гишүүдийн асуулт шувтрах үеэр Л.Гүндалай гишүүн “Засгийн газар хийсэн юм байхгүй, ард түмнийхээ эрүүл мэндээр тоглочихоод хөгийн юм яриад байна, бүхэл бүтэн сая хүнийг утаагаар хордуулчихаад хэдэн зуух л яриад байх юм. “Монгол мөнгөтэй болоод байна” гэсэн, тэгвэл орон сууцаа бариач ээ. Улаанбаатараас сонгогдсон 4-хөн гишүүн л энд сууж байна,  ганцхан асуудал шийдэж чадахгүй байгаа 20 гишүүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Ганц л жишээ авъя, 30 тэрбум төгрөгөөр Үндсэн хууль баталсан нөхөд байр авъя гэж байна, тэдний хэд нь байргүй юм бэ, 2-3 хүн л байгаа биз, үлдсэнийг нь чөмгөө дундартал зүтгэж байгаа залууст, байр авах мөнгө нь хүрэлцэхгүй байгаа хүмүүст үнийг нь хямдруулаад ч болов олгох хэрэгтэй” гэхэд Э.Мөнх-Очир гишүүн “Үндсэн хууль батлалцсан, хийдгээ хийсэн хүмүүс байр авах нь зөв” гэж эсэргүүцээд Засгийн газрынханд хандаж “Хэдүүлээ өнөөдөр улс төрийн нэг том шийдэл хийчихмээр байна. Нийслэлд өнөөдөр төсвийн мөнгөөр хүмүүст дахиж монгол гэр авч өгмөөргүй байна. 1 гэр авч өгнө гэдэг чинь 1 зуух яндан, 1 гэр хашаа бий болж байна гэсэн үг. 200 гэр өгнө гэдэг чинь 4 гудамж бий болж, түүнийг дагаад өрхийн эмнэлэг, хороо цахилгаанаа татна гээд бөөн ажил гардаг. Нийгмийн асуудал шийдэх гэж байгаа бол эсгий гэр авч өгөхөө больё гэж уриалж байна” гэсэн юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Засгийн газрын цаг”-ийг өндөрлүүлж хэлсэн үүгэндээ утааны хувьд УБ үнэхээр аймгшигтай байгааг тэмдэглээд агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс маш их хөрөнгө мөнгө зарж байгаа, тиймээс ажлаа л улам сайжруулж, хөрөнгө мөнгөө оновчтой зөв зарцуулахыг  Засгийн газарт үүрэг болголоо. 
С.Отгонцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш