logo
Та эхнэрээ сонгосон уу?

Та эхнэрээ сонгосон уу?

2012/01/10

Эрэгтэй хүн бүрт ийм асуудал тулгардаг. Олон мянган жилийн турш эр хүйстэн бүр энэ асуудлаар толгойгоо гашилгасаар иржээ. Мэдээж шийдэл нь янз бүр бөгөөд гэнэтийн байх нь олонтаа.

Амьдралынхаа ханийг сонгох нь маш их хариуцлага, удаан хугацааны чимхлүүр ажил шаарддаг. Хэнээр ч, юугаар ч солимгүй халамжит хань, таны үр хүүхдийн эх, энхрий ач, зээ нарын тань эмээ болох хүнийг сонгох тухай ярих гэж байна. Ийм үед сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэж огт болохгүй. Та ямар авто машины салонд очоод унах унаагаа сонгох гэж байгаа биш. Авто машиныг сонгоход аюулгүй байдал, хэмнэлт, загвар үзэмж, эцэст нь үнийг хардаг. Сайн эзэгтэй хоолондоо зориулж захаас тарган мах, шинэхэн ногоо гэхчилэн яаралгүйгээр, сайтар шилж сонгон байж худалдаа хийдэг. Түүний адил нарийн сонголтыг хэрхэн хийх талаар мэргэжилтнүүд ийн зөвлөжээ:

Эхлээд сонгосон бүсгүйнхээ эцэг, эх, ойр дотны хүмүүстэй танилц.

“Хуралд оролцож байгаа хүмүүс танд хэтэрхий хяналтын камер шиг санагдахгүй, том хүүхэд тань таны сонгосон бүсгүйн өвөө шиг тамшааж, аав шиг нь хэл тальтраа, таны сонгосон бүсгүй шиг амаа дарж инээхийг та хүлээн зөвшөөрөхөд бэлэн, бас өөрийн тань төмсөн хамар, тэмээ шиг таваргасан алхааг дуурайна гэдгийг мэдэж байгаа бол та эхний давааг давлаа гэж бодоорой. Та өөрийн хосгүй хромосомын цуглуулгаа ирээдүйн төрөл төрөгсдийн хромосомтой нэгтгэхэд бэлэн болжээ”.

Дараа нь сонгосон хүнийхээ найз нөхдөд анхаарлаа хандуулаарай. “Танд таалагддаг бүсгүй батга шавсан нүүртэй, гуйвж дайвсан алхаатай залуус, хагтсан үс, аймаар бүдүүн гуятай бүсгүйчүүдтэй нөхөрлөдөг бол хуримын дараа тэд нар нь та хоёроос дэнгийн эрвээхэй шиг салахгүй. Тиймээс сүйт бүсгүйгээ тэднээс нь ангижруулж, эсвэл биеэ зөв авч явдаг найз нөхөдтэй бүсгүйг сонгоорой”.

Найз нөхөдтэй нь танилцсаны дараа бүсгүйнхээ хувийн зан чанарт анхаарлаа хандуулахыг танд зөвлөе. Дэлгүүрээс эхэлбэл зүйтэй болов уу. “Хэрвээ таны бүсгүй үнийг үл харгалзан эрээн мяраанд хууртан, харийн орны идээ ундаанд шунаж, үүнээс сайхан зүйл үгүй мэт “донгодох” худалдагчийн үгийг дагаж, тамхи татаж, ийм тийш утас залгаж байвал тэр дэлгүүр, бүсгүй, тэр хот, тив, ертөнцийг бүрмөсөн орхичих”.

Хэрвээ энэ аймаар шалгуурын дараа та зугтаж чадаагүй бол хамтдаа амраад үз. “Сайн эхнэр хэзээ ч ядрахгүй. Үргэлж хөгжилтэй, найрсаг, хоногийн аль ч цагт идэвхтэй, хэвтэж амар эсвэл нуруугаа тэнийлгээч гэх мэт саналаас эрс татгалзана”.

Харин одоо хамтран амьдрах тухай ярих цаг болжээ. Та түүнийг хоногийн 24 цагийн турш харахад бэлэн үү? Таны орчинд тэр дасах эсэх нь бас л хөндөх асуудал. “Энэ чухал шалгуурыг тавилгүйгээр /наад зах нь зургаан сар/ тэнэгүүд л гэрлэх байх.

Бүсгүйдээ 10 минутын бодох хугацаа өгөөд, дараа нь гэртээ уриарай. Цаашлаад түүнд гэр орны зардалд зориулах бага хэмжээний мөнгө үлдээгээд та өөрөө хаа нэг тийш таван хоног алга бол. Хэрвээ эргээд ирэхэд орон гэрийг тань өөрчлөөд, цэвэрлээд, гал тогоо чинь шинэхэн бэлтгэсэн амттанаар дүүрч, нүүр амаа будсан шинэ “амьтан” оронд ороход бэлэн, өрөөний гол ширээн дээр түүнд үлдээсэн мөнгөний тал нь байж байвал сүйт бүсгүйдээ илүү их анхаарал хандуулах цаг болжээ”.

Харин энэ туршилтыг та хоёр удаа давсан бол хайрт бүсгүйнхээ гадаад үзэмжийг харахад илүүдэхгүй. “Үнэнийг хэлэхэд энэ нь тийм ч чухал биш. Гэхдээ мэдэхэд илүүдэхгүй. Шулуухан цэвэрхэн хамартай эмэгтэйчүүд хамрын ханиад тусах нь ховор, том, гялалзсан нүдтэй бол хараа сайтайнх, эрүүл, цагаан шүд нь хоолоо сайн зажилж иднэ гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ходоод нь удаан хугацаанд хэвийн ажиллахыг, бас шүдний эмч рүү гүйж таны хэтэвчинд гар дүрэхгүй гэдгийг харуулна.

Энэ дөрвөн шалгуурыг давсан бүсгүйг үнэлж барамгүй юм. “Та ийм эрдэнэ олсон бол гоонь амьдрал, ухаангүй найз охид, мөнхийн зугаа цэнгэлээ нэн даруй орхиж, гэрлэх ёслолын ордон руу мөрөөдлийн бүсгүйнхээ хамт очоорой. Гэхдээ зам зуур таны сүйт бүсгүй «хиймэл резинэн» биш гэдгийг дахин нэг шалгахад гэмгүй.

Энэ гайхалтай хөгжилтэй бүтээл аль эрт Интернэтийн олон оршин суугчийн оюун санааг эзэмдэж, олонх нь үүнийг ажиллах зааварчилгаагаа болгожээ. Үнэндээ бүгд яг дээрх хэлсэнчлэн болно гэж үгүй.

Хөл алдан дурлаж, өөрийгөө найз бүсгүйдээ нэгмөсөн бэлэглэхээр шийдсэн залуус ихэнхдээ найз нөхөд, танилуудынхаа ухаалаг зөвлөгөөг сонсдоггүй.

Өөр бас нэг зүйл байна. Тооцоотойгоор гэрлэх нь хамгийн найдвартай гэж сэтгэл судлаачид нотолж байна.

Амьдралд хосгүй бүсгүй гэж үгүй. Гэвч олон эмэгтэйн дотроос сонголтоо хийхдээ, маш удаан тэсэж тэвчих хэрэгтэй болдог зүйлс байдгийг чин сэтгэлээсээ зөвлөе.

Хэрвээ эмэгтэй хүн гэрийн эзэгтэйн хувиар хэрэгтэй бол ахуйн техник худалдан авчихвал асуудал чинь шийдэгдчихнэ. Богино долгионы шарах шүүгээ, автомат угаалгын машин болон бусад хэрэгсэл нь гэр орны асуудлыг ихээхэн хөнгөвчилнө. Эцэст нь гэрийн ажилтныг тосгоноос ч олж авч болно.

Эхнэр хүн гэдэг сексийн байнгын хамтрагч уу, эсвэл жаргал зовлонгоо хуваалцах түнш үү? Хэрэгтэй үед сэтгэл санаагаа хуваалцах, ганцаараа баймаар үед хол байж чадах ойр дотно эмэгтэй хүнтэй байнгын харилцаа тогтоож болно.

Эхнэр гэдэг бол зүрх сэтгэлийг эзэмдэгч болохоос үнэмлэхэн дээрх тамгатай зураг биш бие хүн.

Эхлээд та түүнийг хоногийн 24 цагийн турш харж байж чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Мэдрэмж, сексийн хүсэл бий ч зөвхөн үүний төлөө гэрлэх нь тийм ч зүйтэй алхам биш. Гэр бүлийн амьдрал олон зүйл дэр тогтдог.

Тэгээд ч эхнэрээ сонгох… Эхнэр гэдэг эд зүйл юм уу? Эхнэр сонгоно гэсэн чинь юу гэсэн үг вэ? Та зах дээрээс идэх ногоогоо сонгож байгаа биш дээ зэрэг асуултууд урган гарч ирдэг. Эхнэрийг дүрэм журмаар биш, зүрх сэтгэлээрээ сонгох хэрэгтэй.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш