Иран улс Персийн буланд цэргийн сургуулилт хийж, Барууны улсууд өөрсдийнх нь эсрэг хориг тавих юм бол дэлхийн газрын тосны худалдааны тээврийн 20 хувь нь дайрч өнгөрдөг Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсний дараа дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнэ огцом өссөн байна. Мөн газрын тос олборлогч Ирак улсад байдал тогтворгүй болсон. Хятад улс Оросоос гадна өөр улсаас газрын тос экспортлох нөхцөл боломж хайж эхэлсэн зэрэг шалтгаанууд нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн боловч Ираны үйлдэл онцгой нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. 2012 онд газрын тос олборлогч ОХУ болон Венесуэл улсуудад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ улс төрөөс ихээхэн хамаардаг учир 2012 онд үнэ тогтворгүй байх магадлалтай байгаа юм. АНУ, ЕХ Ираны төв банк болон газрын тосны экспортод нь хориг тавихаар зэхэж байгаа. Иран улсын экспортыг зогсооно гэхээр Итали, Испани, Грек зэрэг орнуудын Иранаас 1 өдөрт импортлодог 500 мянган баррель газрын тосны нийлүүлэлтийг хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Эдгээрийг Ирак болон Ливийн улсын газрын тосны олборлолтоос нөхөхөөс өөр аргагүйд хүрээд байгаа аж. Одоогоор дэлхийн зах зээл дээрх 1 баррель түүхий газрын тосны үнэ Брент дээр 3.08 хувиар өсч 110.89 долларт хүрээд байгаа. Наймекс дээр 1 баррель түүхий газрын тосны үнэ 102.67 доллар байна. Иран улс АНУ-ыг Персийн буланд дахин бүү үзэгд гэж анхааруулсан. Хэрэв АНУ болон барууны улсуудын зүгээс Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах юм бол дэлхийн зах зээл дээрх 1 баррель газрын тосны үнэ 20 доллараар нэмэгдэнэ гэж эдийн засагчид анхааруулж байна.
Shuum.mn
Shuum.mn