АНУ-ын Ази Номхон далай дахь тэнгисийн хүчний албан хаагчид болон Хятадын тэнгисийн хүчин бие биенийхээ үйлдлийг анхаарал болгоомжтой ажиглаж байгаа. Барак Обама саяхан Ази, Номхон далайн бүс нутаг бол АНУ-ын номер нэг эрх ашгийн бүс. Америкчууд Номхон далайн гүрэн хэвээрээ байгаа гэж мэдэгдсэн. Цаагуураа Дундад улсын цэрэг батлан хамгаалах салбар нь улам бүр хүчирхэгжиж, Япон, Өмнөд Солонгос зэрэг ойрын холбоотон улсуудад нь аюул занал учруулахад хүрээд байна гэдгийг шууд хэлсэн юм. Гэсэн ч зарим шинжээчид АНУ нь Хятадыг буруу үнэлж, хэт хардсан, үл итгэсэн, хэт түрэмгий бодлого явуулж байна гэж үзэж байна. Ялангуяа АНУ-ын хатуу байр суурь баримтлагч улс төрчдөд хуучин ЗХУ-ын үеийн хүйтэн дайны үзэл бодол байгаа учир АНУ болон Хятад улсуудыг орчин үеийн улс төрийн харилцаа гэхээсээ илүүтэйгээр системийн онцлог, хөгжлийн загвар, цэргийн хүч, эдийн засгийн чадвар зэргээр нь шууд харьцуулах хандлага байгаа учраас Хятадыг шууд аюул занал, ирээдүйн дайснаа болгон харж байна гэж шинжээчид үзэж байна. Ойрын холбоотнуудынхаа аюулгүй байдлыг сахих үүднээс АНУ-ын тэнгисийн хүчний усан онгоц, агаарын хөлөг тээвэрлэгч хөлгүүдээ эх газарт ойрхон татаад байгаа. Дундад улс ч зүгээр суусангүй үе үе тэнгисийн цэргийн сургуулилт хийж байгаа. Саяхан хиймэл дагуулаас авсан зурган дээр Оросын агаарын хөлөг тээвэрлэгчийн дуурайлган хийсэн Хятадын хөлөг онгоц шар тэнгист цэргийн үйл ажиллагаа явуулсан байна. Хятад улс саяхан J-20 радарт илэрдэггүй байлдааны онгоц бүтээснээ зарласан. Статистикаас харахад АНУ батлан хамгаалах салбартаа жилд дунджаар 707 тэрбум доллар зарцуулдаг. Харин Дундад улс 90 орчим тэрбум доллар. Гэхдээ Нэгдсэн Улсын албаны хүмүүсийн таамаглаж байгаагаар Хятад улс батлан хамгаалах зардлынхаа дүнг дарсан. Үнэндээ 90 тэрбумаас 2 дахин илүү их мөнгө зарцуулж байж магадгүй ажээ. Дундад улсын цэргийн албан хаагчийн тоо 2.2 сая байдаг бол АНУ-ынх 1.4 сая. Гэхдээ АНУ-д илүү өндөр технологи бүхий байлдааны хүчирхэг зэвсэг байгаа. Хятад судлаач Тен Жименгийн үзэж байгаагаар хэрэв АНУ болон Хятад улсууд дайтах юм бол ялагч гэж байхгүй. Өөрөөр хэлбэл хэн нь ч ялахгүй. Харин дэлхийн эдийн засаг санхүүг авч явж байгаа 2 гүрэн илт зэвсэгт мөргөлдөөнд орох юм бол өнөөгийн дэлхийн эдийн засагийг сүйрүүлж манай гаригийн тогтвортой байдал аюул учруулах магадлалтай юм байна.
Shuum.mn
Shuum.mn