logo
Боко Харам бол “Жихадист” үзэлтэй террорист бүлэг

Боко Харам бол “Жихадист” үзэлтэй террорист бүлэг

2012/01/11
Нигери улсад халдлага зохион байгуулж, дотоодод нь улс төрийн тогтворгүй байдал үүсгээд байгаа барууны улсуудын хэлдгээр Террорист Боко Харам бүлэг сүүлийн үед дэлхийн анхаарлын төвд ороод байгаа. Тэгвэл Боко Харам гэж ямар бүлэг болох талаар Америкийн Нортвестерни Их сургуулийн профессор Ричард Жозеф тайлбар өгч байна. Боко Харам нь Аль-Кайда бүлэгтэй ямар нэг холбоо сүлбээтэй эсэх нь тодорхойгүй ч ижил зорилготой. Исламын иргэншлийг хамгаалах зорилготой лалын ариун дайчид буюу Жихадистууд юм. Хэн санхүүжүүлдэг нь одоогоор тодорхойгүй ч Нигерид байрладаг дэлхийн хэмжээний том террорист байгууллага юм байна.  Нигери улс нь олон сая хүн амтай учир Боко Харам байгууллагын дайчдыг мөрдөж мөшгиж олж илрүүлж устгах гэдэг амаргүй ажил аж. Тэд ихэнхдээ Христийн шашинтнуудын эсрэг халдлага зохион байгуулдаг. Сая өнгөрсөн зул сарын баяраар загалмайн шашинтны сүмд бөмбөг тэсэлж, олон хүний аминд хүрсэн. Нигери улс Баруун Африктаа газрын баялаг, түүхий нефть ихтэй улс. Гэхдээ олон жилийн иргэний дайн, шашин хоорондын мөргөлдөөн, дотоод зөрчлөөс болж, эдийн засаг нь сайнгүй, ард иргэд нь ядуу тарчиг амьдарч байгаа юм. Нигери улсын тал хэсэг нь буюу хойд хэсгээрээ лалын шашинтнууд, өмнөд хэсгээрээ загалмайн шашинтнууд амьдардаг бөгөөд эдгээрийн хооронд байнга шашин хоорондын мөргөлдөөн гардаг байна. Британичууд 19-р зуунаас эхэлж Нигери улстай худалдаа хийж эхлэн 1900-аад оны үед бүрэн эрхшээлдээ оруулж, колончилсон. Нигеричүүд 1960-аад оноос Британиас тусгаарласан ч дотоод зөрчил, авлигачдын хээл хаууль газар авснаас цэргийн эргэлт гарч, 1967-1970 оны хооронд Нигери улс 2 хуваагдан иргэний дайн болсон. 1970-аад оноос газрын тос ихээр илэрч ОПЕК-т элссэн. 1979 онд аажмаар ардчилсан тогтолцоо руу шилжсэн боловч дахин цэргийн эргэлт гарсан. Үүнээс хойш ардчилал болон цэргийн эргэлт рүү эргэж буцсаар одоог болтол дотоод зөрчилтэй байгаа юм. Дарин дээр давс гэгчээр Жихадисрт Боко Харам бүлэг удаа дараа Христийн шашинтнуудын эсрэг халдлага үйлдэж Нигерийн тогтвортой байдалд аюул занал учруулаад байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш