logo
Иран цөмийн хөтөлбөрөө энхийн гэдгийг нотлох ёстой

Иран цөмийн хөтөлбөрөө энхийн гэдгийг нотлох ёстой

2012/01/12
Иран улс цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой болохыг нотлох ёстой. «Иран улс ураныг 20 хүртэл хувиар баяжуулах ажлаа эхэлсэн» тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ мэдэгдсэний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирке мэдэгджээ.
Хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулахдаа НҮБ-ын төлөөлөгч «НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон МАГАТЭ-гийн зохих тогтоолыг бүрэн биелүүлэхийг» Тегеранд уриалсан байна. Өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн «Ираны цөмийн хөтөлбөр цэрэг дайны зорилготой байж болзошгүйг нотолсон МАГАТЭ-гийн сүүлийн илтгэлд сэтгэл их түгшиж байгаагаа» илэрхийлсэн билээ.
АНУ болон Өрнөдийн бусад улс Иранд үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгоход энэ илтгэлийг ашиглаж байна. Нэгдүгээр сарын 4-нд Европын Холбоо Иранаас нефть авахаа болихоор «зарчмын тохиролцоонд» хүрчээ. Уг шийдвэрээ энэ сарын 23-нд ГХЯ-ны сайд нарын хэмжээнд болох ЕХ-ны Зөвлөлийн хуралдаанаар батлахаар төлөвлөж байна.
ЕХ нефть авах боливол Тегеран Персийн болон Оманы буланг холбосон Ормузын хоолойг хаахаар сүрдүүлжээ. Энэ хоолойгоор дэлхийд далайгаар дамжуулан нийлүүлдэг нефтийн 40 хүртэл хувь дамжин өнгөрдөг аж.
Үүний сацуу Персийн булангаас ирж буй мэдээллээс үзвэл, нисэх онгоц тээгч атомын «Карл Винсон» хөлөг онгоц тэргүүтэй Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ тэргүүн анги нэгтгэл нэгдүгээр сарын 9-нд «АНУ-ын Тавдугаар флотын хариуцсан бүсэд хүрэлцэн ирсэн байна.
ТЦХ-ний мэдээллийн албаны мэдээлснээр, америкчууд «бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангаж чадахаа харуулахын тулд тус бүс нутаг дэх түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана» гэж тэргүүн анги нэгтгэлийн командлагч контр-адмирал Томас Шэннон мэдэгджээ. «Бид Тавдугаар флотын хариуцдаг бүсэд ирсэн нь тус бүс нутгийн чөлөөт худалдааг хамгаалах зорилготой гэдгээ харуулж байгаа юм» гэж тэрбээр хэлсэн байна.
Тэргүүн анги нэгтгэлийн бүрэлдэхүүнд пуужинт «Банкер-Хилл» хөлөг онгоц болон эскадрын мина тээгч «Халси» хөлөг онгоц оржээ. «Хөвөгч нисэх буудал» байлдааны 90 орчим нисэх онгоц болон нисдэг тэрэг тээж байна.
Тавдугаар флотын «хариуцах бүсэд» Персийн болон Оманы булан, Улаан тэнгис, Энэтхэгийн далайн өргөн уудам бүс, 20 орны нутаг дэвсгэрийг хамарсан 6,5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутаг багтдаг аж.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш