logo
Ардчилсан нам албан ёсоор Засгаас гарлаа

Ардчилсан нам албан ёсоор Засгаас гарлаа

2012/01/12
Ардчилсан намын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан өнөөдөр болж тус нам хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ албан ёсоор зарлах шийдвэр гаргалаа. Хурлаас гарах албан ёсны шийдвэр угаасаа энэ байсан юм.
Хурлын нээлт фракцаар талцсан байдлаар эхэлж, дундаа уур амьсгал нэлээд ширүүсч, төгсгөл нь санаснаас зөөлөн болж өндөрлөв. Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан угаасаа л бужигнаантай болдог хойно. Гол талцаан Алтангадас, МоАХ фракцын хооронд өрнөсөн ч ноцтой үр дагаварт хүргэсэнгүй. Намын дарга хэвээрээ үлдэж, зарим гишүүн АН-ын их хурлыг товлон зарлуулах төсөл өргөн барьсан хэдий ч хүлээж авсангүй. Гэхдээ ҮЗХ-ны хурлыг ойрын үед дахин зарлаж намын бүтцийн асуудал ярих боломжийг үгүйсгэсэнгүй.
Хуралдаан эхлэхэд хурлын тэргүлэгчдийн нэг, нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж дүрмийн бус хуралдааныг даргалахгүй хэмээн индрээс бууж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар тооллого шударга бус болсныг хэлж басхүү Засгийн газрын ажлын тайлангаа тавьж буй Н.Алтанхуяг дарга хуралдаан даргалах нь сонирхлын зөрчилтэй явдал болохыг шүүмжилсэн ч хурлын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсангүй. Н.Алтанхуяг дарга “Аливаад цаггүй нь үгүй. Тусгаарлах цаг нь болжээ” хэмээн 100 жилийн тэртээ наймдугаар Богд Жибзундамбын хэлсэн үгээр улс төрийн илтгэлээ эхлүүлж мөн үгээр өндлөрлүүлсэн нь Засгийн газраас гарах цаг болсныг сануулсан хэрэг байв.
АН-ын харьяалалтай Засгийн газрын танхимын зургаан гишүүн, бас дэд сайд нар ҮЗХ-ны гишүүдийн өмнө эгнэн зогсч байгаад тэдний асуултад хариулж, мөн тайлангаа тавив. Зургаан сайдаас танхимынхаа ажилд хамгийн шүүмжлэлтэй хандсан нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга байв. “Энэ намын хурал Хойд Солонгос болоогүй биз дээ”  хэмээгээд хамтарсан Засгийн газар дотор АН-ын сайд нар ямар дарамттай нөхцөлд ажиллаж ирснийг тоочсон юм. “Хуу хамуулахгүйн тулд АН-ынхан минь сэрээч ээ. Уянгын халилтай хурал хийх хэрэггүй” гэсэн Х.Баттулга сайд ижилхэн эрх дархтай Ц.Нямдорж сайд өөрийг нь “Чиний төмөр зам тавихыг харна аа” хэмээн занадаг байснаар жишээлэн МАН-ын сайд нарын харилцаа АН-ын сайд нарт ямархуу байсныг журмын нөхдөдөө тайлбарлав.
Хурлын дундуур МАН-ын гишүүн С.Бямбацогт АН-ын хуралд суучихсан байсан нь “илэрч” нөгөө талын “тагнуул”-ыг барьсны балгаар сэтгүүлчдийн өмнө ҮЗХ-ны хуралдааны үүдийг хамхих шалтгаан биш гэхэд шалтаг үүсгэсэн юм.
АН-ын даргыг огцруулах, намын их хурлыг хуралдуулах талаар ҮЗХ-ны гишүүн Н.Батаа, Ж.Равдандорж нарын саналаар санал хураалгасан ч дэмжлэг авсангүй. Нээлттэй эхэлсэн ҮЗХ-ны хурал хаалттай өндөрлөж, халуун маргаанаар үргэлжилсэн ч хал багатай зөөлөн өндөрлөсөн нь өнөөдрийн хурлын онцлог байв. Гэхдээ “удахгүй зарлах ҮЗХ” гэсэн мессэж гишүүдийн сэтгэлд нэг юм сануулж үлдээв.

Д.Оюунцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш