Нэг өдөр телевизээ асаатал Американ айдол, Ододтой бүжиглэх нь, Авьяаслаг Америкчууд, Офис зэрэг хүүхэд залуучуудын үзэх дуртай телевизийн шоу нэвтрүүлгүүдийг Нэгдсэн Улсын Засгийн газар хаасан байвал танд ямар санагдах вэ? Тэгвэл Хятадын эрх баригчид улсынхаа нийт цэнгээнт шоу нэвтрүүлгийн 2/3-ийг хааж, хоригложээ. Хятадын залуу авьяаслаг дуучид өөрдийгөө яг л Американ айдол тэмцээнд орж байгаа мэтээр төсөөлж, мөрөөдөж дуулж байсан нь саяхан. Авьяаслаг залуучууд өнцөг булан бүрээс ирж авьяас чадвараараа өрсөлдөж байсан нь мөн л саяхных. Эдгээр телевизийн шоунууд нь Засгийн газраас хаасан 88 шоу нэвтрүүлгийн зарим нэг нь юм. Эдгээр шоунууд нь хэт АНУ болон өрнөдийн соёлыг сурталчилсан гэж үзсэний улмаас Дундадын эрх баригчид хаагаад байгаа юм байна. Хаагдаагүй үлдсэн хэдэн нэвтрүүлэг нь өнгө аясаа өөрчилж, барууны соёлыг нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Ерөнхийлөгч Ху Жинтао Дундад улсад дайсагнасан барууны үзэл суртал бүхий нэвтрүүлэг шоунууд Хятадыг дотор нь хагалан бутаргаж, баруунжуулах гэж оролдож байна гэж мэдэгдсэн. Дундад улсын Эрх баригчид Хятадын эдийн засаг тогтмол өсч дэлхийд эдийн засгийн хүчирхэг гүрэн болж гарч ирж байгаа өнөө үед өөрсдийнхөө Күнзийн соёлыг өрнөдийн соёлоос хамгаалж авч үлдэхээр чармайж байна. Ирэх 10 жилд Хятадын эдийн засаг тогтмол өсч нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээр АНУ-ыг ардаа орхих нь тодорхой болж байгаа. Гэсэн ч кино урлаг, энтертайнмент урлагийн салбарт АНУ тэргүүлсэн хэвээр байна. 2011 онд Хятадын кино урлагийн зах зээл дээр эргэлдсэн нийт мөнгөний ихэнх нь Холливүүдын кинонд зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл залуучууд Америк киног шимтэн үзсэн хэвээр байна гэсэн үг юм. Дундадын эрх баригчид Кунфу Панда, Карибын тэнгисийн дээрэмчид зэрэг кино гаргахыг хоригложээ. Хэдийгээр Хятадуудын өөрсдийн бүтээсэн кино муугуй амжилт олж байгаа ч Холливүүдын киноны үзэгчдээс илүү гарч чадахгүй байгаа юм. Хятадад бүтээгдсэн кино мөн дэлхийн зах зээл дээр гарч чадахгүй, танигдаагүй хэвээр байгаа. Хятадын залуу үе үзэх дуртай кино, телевизийн шоу, интернет хэрэглээг нь эрх баригчид хааж байгаад таагүй хандаж байгаа. Дундадын эрх баригчдын хувьд зөвхөн Хятадын соёлыг хамгаалж баайгаа бус, харин ард иргэдийнхээ юу үзэж харах, сурч мэдэхийг нь боомилж байгаа үйл явдал болж байгаа юм. 2012 он бол Хятадын хувьд удирдлага солигдох, эрх баригчдын удирдах албан тушаалтнуудын халаа сэлгээ хийгдэх чухал жил юм. Хятадын эрх баригч намын удирдах зөвлөлийн 9 хүний 7 нь солигдоно. Үндэсний ассамблейн эрх барих 200 гаруй удирдах албан тушаалтны 70 хувь нь солигдоно. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч Ху Жинтао дотоод асуудал болон, эрх мэдэл шилжих процесст анхаарлаа хандуулж, тогтвортой байдлыг хадгалах үүднээс Хятадын соёлыг сэргээн дэлгэрүүлэх алхамуудыг хийж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Коммунист намын зарим нөлөө бүхий лиерүүд Хятад улс хэт баруунжиж, илүү материаллаг болж, нийгмийн тэгш шударга хуваарилалт байхгүй болсноор баян хоосны ялгаа, зааг дээд цэгтээ хүрч байна гэж шүүмжлэх болсон. Өнгөрсөн жилүүд Хятадуудын хувьд эдийн засгаа өсгөх он жилүүд байсан бол нэгэнт мөнгөтэй болсон урд хөрш 2012 онд илүү үзэл суртал, Күнзийн соёлыг дэлгэрүүлэхэд анхаарах жил болох төлөв харагдаж байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn