logo
Мексикт гэмт хэргийн гаралт буурчээ

Мексикт гэмт хэргийн гаралт буурчээ

2012/01/17
Мексик улс гэмт хэрэг, тэр тусмаа хар тамхины бүлгүүдийн зөрчил тэмцлээс үүдсэн хүн амины гэмт хэргийн гаралтаараа дэлхийд тэргүүлдэг. Америкийн Техас мужийн Ел Пасо хотын ойр хил дагуу оршдог Хуарэз хотын баар шөнийн цэнгээний газрууд саяхнаас үүдээ нээжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн гаралт бага зэрэг буурсан учир хот дахин амь орж байгаа нь энэ аж. 1.2 сая хүн амтай Хуарэз хотод 2011 онд 1933 хүн гэмт хэргийн золиос болж амь насаа алджээ. Тэгвэл түүнээс нэг жилийн өмнө буюу 2010 онд 3117 хүн амины хэрэг гарч байсан бөгөөд гэмт хэргийн тоо 40 хувиар буурчээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар хүчирхийлэл газар авч, хар тамхины бүлгүүд болон цагдаа нарын тэмцэл ширүүсэх үеэр хотын нийт аж ахуйн нэгжийн 30-40 хувь нь аюулгүйн үүднээс үүдээ барьсан юм байна. “Зарим тохиолдол машин зам дээр ганцаархнаа машинаараа явж байдаг байсан. Харин одоо хүмүүс гудамжинд гарч байдал хэвийн байдалд орсныг харахад сайхан байна” гэж оршин суугч ярьж байна. Гэмт хэрэг буурсан шалтгаан нь Холбооны засгийн газар орон нутгийн авлигад идэгдсэн удирдлагуудыг шинэчилж, олон мянган цагдаагийн албан хаагчийг гэмт хэрэг их гардаг нутгийн хойд хэсэгт нэмж татсантай холбоотой юм байна. “Энэ улсад төр гэж байгаа юм бол иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд төмөр нүүрээ харуулж гэмт бүлгүүдтэй хүчтэй тэмцэх хэрэгтэй” гэж Хуарэз хотын цагдаагийн дарга Жулиан Лейзаола ярьсан байна. Цагдаагийн шинэ удирдлагууд гангстер бүлгийн толгойлогчдыг ээлж дараалан баривчилсан байна. Гэхдээ олон улсын хүний эрхийн байгууллагын үзэж байгаагаар Мексикийн цагдаа нар гэмт хэргийн гаралтыг буруулж байгаа ч сэржигтэн хоригдосдыг эрүүдэн шүүж, тамлан зовоож хүний эрх зөрчиж байгаа юм байна. Гэсэн ч цагдаагийн байгууллага үүнийг үгүйсгэсэн юм. Ямартай ч гэмт бүлгүүдээс айж болгоомжилж гэрээсээ гардаггүй байсан оршин суугчид айдас хүйдэсгүйгээр гадаа гарах нь нэмэгдэж байна. Мексикийн ерөнхийлөгч  Фелипе  Калдерон хар тамхины бүлгүүдийн эсрэг дайн зарласан 2006 оноос хойш 40 гаруй мянган хүн амиа алдаад байгаа юм.
Shuum.mn  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш