Италийн Гиглио Арлын ойролцоо явж байсан зорчигч тээврийн хөлөг онгоц хад мөргөж осолдсон байна. Одоогоор 5 хүн амь үрэгдэж 70 гаруй хүн сураггүй алга болоод байна. Аврах багийнхан гүний шумбалт хийж алга болсон хүмүүсийг эрж хайж эхэлжээ. Тэд мөн хөлгийн тавцан өрөөнүүдээр явж хүмүүсийг хайсаар байна. Хөлгийн ахмад Францеско Шетино аюулгүй ажиллагааны зааврыг зөрчин хуурай газартай хэт ойр явснаас болж Италийн хөлөг онгоц усанд байсан хад мөргөсөн байж магадгүй гэж уг хөлгийг эзэмшдэг “Коста Кросир” компани таамаглаж хөлгийн ахмад Францеско Шетиног саатуулаад байна. Гэсэн ч ахмад буруу зүйл хийгээгүй, хэрэглэж байсан газрын зураг дээр нь Гиглио арлын ойр ямар нэг хад тэмдэглэгдээгүй байсан, тэгээд ч хаднаас 300 метр зайтай өнгөрч байсан гэж мэдэгдээд байгаа. Амьд үлдэгсдийн ярьж байгаагаар хөлгийн багийн гишүүдэд ямар ч аюулгүй ажиллагааны болон аврах ажиллагааны бэлтгэл байгаагүй ажээ. Усан онгоц хажуулдсан даруйд тог тасарч, гэнэт харанхуй болсон байна. Энэ үеэр хүмүүс үймж, сэлэх нэг нь сэлж, чадахгүй нь өрөөндөө үлдсэн байна. Азаар хөлөг онгоц гүехэн газар осолдсон тул доош бүхлээрээ живээгүй байна. Дээд хэсэг нь усны гадаргуу дээр үлджээ. 52 настай ахмад Францеско Шетино “Коста Кросир” компанид 2002 оноос хойш буюу 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Хөлөг онгоцонд Герман, Франц, Британийн харьяалалтай 4200 хүн байсны 1000 гаруй нь хөлгийн багийн гишүүд байжээ. “Коста Кросир” компанийн захирал ил тод мөрдлөг шалгалт явуулахыг хүсч, ослын шалтгааныг тогтоохыг холбогдох хүмүүсээс хүссэн байна. Түүний хэлж байгаагаар аврах завь хүрэлцээгүй учир зарим хүмүүс арал руу сэлцгээсэн байна. Аврагдсан хүмүүсийн дотор бал сараа тэмдэглээд явж байсан Солонгос хос хүртэл байсан байна.
Shuum.mn
Shuum.mn