logo
Невада мужийн биеэ үнэлэгчид Рон Полыг дэмжиж байна

Невада мужийн биеэ үнэлэгчид Рон Полыг дэмжиж байна

2012/01/17
Невада мужийн биеэ үнэлэгчид энэ оны 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшиж намын доторх анхан шатны сунгаанд өрсөлдөж байгаа Рон Полыг дэмжиж хандив цуглуулж байгаагаа илэрхийллээ. Учир нь Рон Пол хууль ёсоор биеэ үнэлэх явдлыг дэмжиж байгаа нэгэн юм.  Гэхдээ  Рон Пол өөрөө эдгээр биеэ үнэлэгч эмэгтэйчүүдтэй уулзаж амжаагүй байна. Невада мужийн 16 дүүрэгт биеэ үнэлэх байдлыг зөвшөөрч хуульчилсан байдаг аж. Биеэ үнэлэгчдийн ярьж байгаагаар биеэ үнэлэх явдлыг хуульчилснаар тэдний эрүүл мэнд болоод амь насны аюулгүй байдал нь баталгааждаг байна. Тэд хүсээгүй үйлчлүүлэгчдээ үгүй гэж хэлэх эрх байдаг бөгөөд тэд өөрсдийгөө биеэ үнэлэгч гэхээсээ илүүтэйгээр ажил хийж амьдрал ахуйгаа авч явж байна гэж үздэг байна. Биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчдээсээ бэлгийн замын халдваргүй гэдгээ батлах эмчийн шинжилгээний бичиг шаарддаг. Мөн байнга бэлгэвч хэрэглэсэн хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. Хэдэн мянган доллар амласан ч гэсэн охид бүсгүйчүүд бэлгэвчгүй үйлчлэхээс татгалзаж үйлчлүүлэгчийг буцаадаг байна. Тэд өөрсдөө байнга эмчийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ маш сайн анхаардаг аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Невада мужид биеэ үнэлэх байдлыг хуульчилснаас хойш сүүлийн 30 гаруй жилийн дотор ганц ч ДОХ, бэлгийн замын өвчний халдвар авсан юмуу тээсэн, халдаасан тохиолдол илрээгүй байна. Гэхдээ Холбооны засгийн газар тэднийг буруутгаж, биеэ үнэлэх явдлыг хуулиар зогсоох арга хэмжээ авах гэж хэд хэдэн удаа оролдсон байна. Гэсэн ч биеэ үнэлэгчид Холбооны Засгийн газрын шаардлагыг үл тоон үйлчлүүлэгчдээсээ Рон Полын сонгуулийн кампанит ажилд зориулж хандив цуглуулж эхлээд байна. Тэд 2 өдөрт 500 гаруй долларын хандив цуглуулжээ. Невада мужийн биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрсөн 16 дүүрэгт 28 эмсийн хүрээлэн үйл ажиллагаа явуулж 300 гаруй эмэгтэйг ажлын байраар хангадаг байна. Тэднээс нэр дэвшигч Рон Полыг  дэмжиж байгаа Деннис Хоф гэгч эрхэмийн эмсийн хүрээлэн хамгийн алдартай бөгөөд хамгийн  тансагт  тооцогддог байна.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш