logo
Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 113 долларт хүрлээ

Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 113 долларт хүрлээ

2012/01/17
АНУ-д 1 галлон буюу ойролцоогоор 4 литр бензины үнэ бараг 4 долларт хүрээд байна. Уг нь зах зээлийн хуулиар бол эрэлт буурч нийлүүлэлт их байх үед тухайн бүтээгдэхүүний үнэ буурдаг. Өвөл болохоор хүмүүсийн машин унах нь багасдаг. АНУ төдийгүй Хятад, Энэтхэг болон дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрилтай байгаа. Тэгэхээр эрэлт буурч байгаа өнөө үед яагаад газрын тосны үнэ өсч, 1 баррель нь 113 долларт хүрэв гэдэг асуулт гарч ирнэ. Газрын тосны үнэ дэлхийн эдийн засаг хурдтай өсч байсан 5 жилийн өмнөхөөс бараг 2 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр дэлхийн газрын тосны худалдаа эрхлэгчид бензины үнийг зохиомлоор хөөргөж байна гэж хардахад хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Иран болон барууны улсуудын таарамжгүй, үл ойлголцсон харилцаанаас болж,  газрын тосны хомсдолд орж магадгүй гэсэн эрсдлийг тооцож газрын тосыг нөөцөлж байж магадгүй юм. Нигери улсад шатахууны үнэ бараг 2 дахин нэмэгдэж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа. Нигери улс хэдийгээр газрын тосны арвин нөөцтэй боловч, газрын тос гаднаас импортлодог хэдэн олигархиудаас болж, газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар боддоггүй. Зүгээр л гаднаас боловсруулсан шатахуун импортлоод сууж байх нь хэдхэн хүнд ашигтай байгаа. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын алдаатай бодлого, буруу менежментээс болж, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг хангахад нэмэр болохгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд нийгэмд бужигнаан үүсээд байгаа. Арабын хувьсгалаас болж, Ливи, Египет зэрэг газрын тос олборлодог орнуудын ханган нийлүүлэлт доголдоод байгаа. Ирак улсын газрын тос олборлолт хэвийн байдалдаа орсон ч АНУ цэргээ гаргаж байгаатай холбогдуулан эрх баригчдын хоорондын өрсөлдөөн ширүүсч, газрын тосны үйлдвэрлэл доголдож магадгүй төвшинд хүрээд байгаа. Эдгээр шалтгаанаас болж газрын тос олборлогч орнууд түүхий нефтийнхээ үнийг өсгөөд байна. Дэлхийн улсууд газрын тосны үнэ нэмэгдээд ирэхээр эрчим хүчний өөр эх үүсвэрийг хайж эхэлдэг. Цахилгаанаар ажилладаг эсвэл шатахуун бага зарцуулдаг тээврийн хэрэгсэл хэрэглэхийг хичээж эхэлдэг. Дэлхийн газрын тос олборлогч улсуудаас ОХУ, Ирак, Алжир зэрэг улсууд түүхий нефтийнхээ үнийг өсгөсөн байна. Энэ нь тухайн улсууд төсвөө бүрдүүлэхийн тулд газрын тосныхоо үнийг нэмж байгаа алхам гэж эдийн засагчид үзэж байна. Жишээ нь ОХУ 1 баррель газрын тосныхоо үнийг 110 доллар, Ирак 100 доллар, Саудын Араб 80 доллар, Алжир, Катар, Оман зэрэг улсууд мөн доод тал нь 80 доллар болгож байж төсвийн балансаа барьж байна. Одоогоос 10-аад жилийн өмнө Саудын Араб 1 баррель газрын тосныхоо үнийг 25 долларт хүргэж байж төсвийн балансаа барьж байсан. Эдгээр газрын тос олборлогч орнууд нийлүүлэлтийг багасгах замаар нефтийн үнийг өндөрт байлгах сонирхолтой байна. Тиймээс цаашид ч газрын тос болон бусад өргөн хэрэглээний барааны үнэ өсөх хандлагатгай байна. АНУ Европын орнуудын иргэд эртнээс шатахуун их зарцуулдаг жийпнээс татгалзаж, бензинд хэмнэлттэй жижиг машин авч унахад гэмгүй гэж дэлхийн эдийн засагчид анахааруулж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш