logo
Бан Ги Мүн: Сирийн ерөнхийлөгч ард түмнээ хөнөөхөө боль!

Бан Ги Мүн: Сирийн ерөнхийлөгч ард түмнээ хөнөөхөө боль!

2012/01/17
Ням гаригт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн эрх баригчдад хандан жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэхээ зогсоохыг уриалсан байна. Тэрээр Ливанд болсон хурлын үеэр өөрчлөлт шинэчлэлтийг хүлээн зөвшөөрөхийг Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадаас шаарджээ. Тэрээр мэдэгдэхдээ "Өнөөдөр, би Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадад дахин хэлье, хүчирхийллээ зогсоо!, ард иргэдээ хөнөөхөө боль, хүчирхийлэл үйлдэх нь явуургүй зүйл, өнгөрсөн жил болсон үйл явдлуудын сургамж ойлгомжтой тодорхой байгаа, өөрчлөлт шинэчлэлтийн салхи зогсохгүй! гэсэн байна.
Бан Ги Мүн Ассадын засгийн газар эрх баригчдын эсрэг жагсаалд оролцож байгаа иргэдийнхээ эсрэг харгис ажиллагаа явуулж байгаа явдалд ихээхэн шүүмжлэлтэй хандсаар ирсэн юм. АНУ болон ЕХ ерөнхийлөгч Ассадын эсрэг хатуу арга хэмжээ авах саналтай байгаа ч ОХУ болон Хятад тусгаар улсын дотоод хэрэгт оролцохгүй гэсэн  байр суурьтай байна.
Сирийн төрийн мэдлийн телевизээр 10 сар үргэлжилсэн бослогын үеэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх шийдвэр гарсныг зарлажээ. Төрийн телевизээр түүнчлэн олон улсын ажиглагчид Дера хотын эмнэлэгт ирж  байгаа бичлэгийг дамжуулсан байна. Сирид 12-р сарын сүүлээр хүрэлцэн ирсэн 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй Арабын Лигийн ажиглагчид ерөнхийлөгч Ассадын засгийн газар хотуудаас цэргүүдээ гаргаж, улс төрийн хоригдлуудыг суллан, сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийх зэргээр энхийн төлөвлөгөөг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавихаар ажиллаж байгаа юм. Гэсэн хэдий ч энэ улсад хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа учраас тэд үр дүнгүй ажиллаж байна гэж Сирийн идэвхитнүүд үзэж байна. Сөрөг хүчний бүлгүүдийн мэдээлснээр Ассад өмнө нь өршөөл үзүүлнэ гэж амлаад байсан ч Сирийн шоронгуудад олон мянган хүнийг хорьж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдсээр байгаа юм байна.
НҮБ-аас мэдээлснээр Сири улсад өнгөрөгч гуравдугаар сард бослого үймээн дэгдсэнээс хойш 5.000 гаруй хүн амь үрэгджээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш