logo
41 хорих газрын 22 нь сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай болжээ

41 хорих газрын 22 нь сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай болжээ

2012/01/18
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ШШГЕГ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба, хадгаламж зээлийн хоршоодын төлбөрт хураагдсан, худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгө хадгалж буй обьектууд болоод хэд хэдэн хорих ангийн үйл ажиллагаатай танилцжээ.
ШШГЕГ-ын харьяанд төвлөрсөн 21 хорих анги, нийслэл болон 21 аймагт шийдвэр гүйцэтгэх алба, баривчлах ял эдлүүлэх 13 байр, баривчлах, цагдан хорих 28 байр байгаа ажээ. Тус байгууллагын хэмжээнд нийт 2604 албан хаагч ажиллаж байгаа юм байна.
Ажлын хэсэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаад тус байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулан танилцуулсан юм. Уг төсөлд, ялтныг нийгэмшүүлэх зорилгоор сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, ШШГЕГ-ын дэргэд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулж, мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхэлж буй ялтны хөдөлмөрийн хөлснөөс эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, даатгалд хамруулах асуудлыг судлан шийдвэрлэх талаар тусгажээ.
Түүнчлэн ХЗХ-дын төлбөрт хураагдсан ашигт малтмалын лицензүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн гэх боловч бодит байдал дээр шилжүүлээгүй байгааг шалган тогтоох, ХЗХ-дын төлбөрт хураагдсан цаашид борлогдохгүй болсон эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт асуудлыг тусгасан байна.
Уг тогтоолын төсөл болоод Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариултаа авсан юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ШШГЕГ-ын дэргэд МСҮТ-тэй болох асуудлыг тусгажээ. Уг нь ялтан хүн улам эвдрээд гарах бус мэргэжилтэй болох нь зөв. Гэхдээ энэ асуудлыг Боловсролын тухай болон бусад хуультай хэрхэн зохицох вэ. Ялтнуудын хөдөлмөрийн хөлснөөс эрүүл мэндийн болоод нийгмийн даатгал төлүүлнэ гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэ, Ялтнуудыг мэргэшүүлэх зорилгоор туршилтын журмаар мэргэжил, сургалтын төв ажиллаж байгаа юм билээ. Ялтан иргэдэд мэргэжил олгох асуудлыг төрөөс онцгой анхаармаар юм байна. Тэд ажилгүй олноороо хоригдохоороо хүмүүжих бус гэмт хэргийн давтан сургалтанд хамрагдчих юм биш биз гэсэн эмзэглэл төрж байсан. Сургалтын асуудлыг Боловсролын болоод холбогдох яамдтай шийдэх бололцоотой гэж үзсэн. Мөн ялтан иргэд ажил хийхгүй байсаар сүүлд нь халамжийн тэтгэвэр авах болно. Халамжийн тэтгэврийг улсаас л өгөх болно. Тэрний оронд хөдөлмөрлөж олсон хөлснөөс нь нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалд хамруулаад явбал дээр юм гэсэн байр суурьтай байгаа. Тэднийг ажлаар хангах ёстой. Бүтээн байгуулалтын олон ажил эхэлж байна. Гаднаас ажиллах хүч авч байхаар өөрийн ажлын хүчээ ашигламаар байна гэлээ.
ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга Д.Даваа-Очирын хэлснээр Шүүхийн шийдвэрийн тухай хуулиар хорих анги аж ахуйн нэгжтэй байна гээд заачихсан аж. Одоо Авдрантын хорих анги чулуу олборлох, Мааньтын хорих анги шохой олборлох, Хөвсгөл дэх хорих анги нүүрс олборлох гэх мэтээр хэдхэн газар үйл ажиллагаа явуулан ялтнуудаа хөдөлмөрлүүлж байгаа аж. Улсаас дэмжээд өгвөл үйлдвэрлэл хөгжүүлэн, ялтнуудаа ажлын байртай болгох бололцоо байгаа гэв. Нийтдээ 6542 ялтан хориглож байгаагаас 5000 гаруй нь ажил хийх хүсэлтэй гэдгээ илэрхийлээд байгаа юм байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд Ялтныг албадан хөдөлмөрлүүлэх тухай хуулийн төслийг удахгүй өргөн барих гэж байгаа аж. Уг хуулийн төсөл батлагдвал ялтны хөдөлмөр эрхлэх асуудлыг даатгалтай нь уялдуулах бололцоо бүрэн нээгдэнэ гэсэн юм.
Түүнчлэн ШШГЕГ-ын дэд дарга Д.Даваа-Очирын тайлбарласнаар, тус байгууллагынхан хоригдлоо алдчихгүй харгалзаж байвал барав гэсэн үүднээс ажилд хандахаа больсон байна. Өнөөдөр хорих 41 газрын 22 нь сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай болжээ. Тэдгээр хүмүүс хянагчаас илүүтэй ялтны сэтгэл зүйд нөлөөлдөг, дээр нь ажилтай болчихоор оргох гэх мэт зөрчил харьцангуй багассан гэж дэд дарга хэлсэн юм.
Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд Байнгын хорооны тогтоолыг батлах нь зүйтэй гэж үзлээ. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш