logo
Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт Протоколд нэгдэн орсонд баяр хүргэлээ

Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт Протоколд нэгдэн орсонд баяр хүргэлээ

2012/01/19
 Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг өнөөдөр хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга уулзалтын эхэнд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, түүний монгол хэл, бичиг, соёлын талаарх гүнзгий мэдлэг хоёр орны харилцааг өргөжүүлэхэд  чухал нөлөө үзүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн тэрбээр, “Манай орон ардчилалын замаар 20 жил замнаж ирлээ. Одоо шинэ дэвшлийн хоёр дахь шат руугаа шилжин орж байна. Эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх зорилгоо хэрэгжүүлэх боломжтой боллоо. Үүндээ түшиглэн ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх боломж ч бий боллоо. Яг энэ үеэр та манай оронд Элчин сайдаар ажиллахаар томилогдон ирж байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн хэллээ.
Элчин сайд Ив Дэлунэ, Монгол Улсад ирж буй хөгжлийн шинэ шат Франц- Монголын харилцаанд ч бас ирж байна хэмээн онцолсон. Тэрбээр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Францад хийсэн айлчлал хоёр орны харилцаанд бат бэх үндэс суурийг тавьсан гээд Монгол орны ардчилалын ололт амжилт, эдийн засгийн өсөлтийг хараад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орсонд баяртай байгаагаа мөн илэрхийлсэн юм. Эрхэм Элчин сайд, “Хоёр орны гадаад худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаа тоон үзүүлэлт байгаа. Манай улсын “Арева” компани Монголд ураны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Францын компаниуд Монгол хөрөнгө оруулах сонирхол ихээхэн нэмэгдэж байна. Тиймээс би нутагтаа байгаа хөрөнгө оруулагчидтай уулзалт хийгээд энэ оны дундуур Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. ЭСЯ-ны зүгээс боловсрол, соёлын салбарт олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа” гэж хэлсэн. Тэрбээр 2012 он онцгой жил. Францад, мөн Монголд Парламентын, Ерөнхийлөгчийн сонгууль болно гээд манай орны улс төрийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, “АН-ын зүгээс хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг гаргасан учир одоо Засгийн газраа бүрдүүлэхээр ажиллаж байна. УИХ улстөрийн савалгаа гаргахгүй, ийм байдал эдийн засагт нөлөөлөхгүй байхад илүү анхаарч ажиллаж байна. Энэ онд болох сонгуулийн Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн хүрээнд явуулахад онцгой анхаарч байна” хэмээн хариулсан.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш