logo
Ослын шалтгааныг нарийвчлан шалгахыг уриалав

Ослын шалтгааныг нарийвчлан шалгахыг уриалав

2012/01/19
Италийн эрэгт «Коста Конкордиа» хөлөг онгоц осолдсон нөхцөл байдлыг нэн даруй нарийвчлан мөрдөн шалгахыг Олон улсын далайн байгууллагын /ОУДБ/ ерөнхий нарийн бичгийн дарга Кожи Секимизү уриаллаа.
«Титаник»-ийн осол болсноос хойш 100 жилийн дараа далайн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл байсаар байгааг бидэнд дахин санууллаа» гэж тэрбээр мэдэгджээ. Энэ ослын шалтгааныг өнөө болтол тогтоогоогүй байгааг ОУДБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглээд «эмгэнэлт явдлын мөрдөн шалгасан дүн гарах хүртэл ямар нэгэн урьдчилан таамаг дүгнэлт хийх гэж яарахгүй» байхыг уриалжээ.
Тэрбээр энэ эмгэнэлт хэрэг явдлын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Лондонд байрладаг ОУДБ нь далайн тээврийн аюулгүй байдлыг хангах болон хөлөг онгоцууд далайн тэнгисийг бохирдуулах явдал гаргуулахгүй байх талаар авах арга хэмжээнүүдийг боловсруулдаг юм. Тус байгууллагад 170 улс гишүүнээр элсчээ.
Урьдчилсан мэдээгээр, өн­гөрсөн долоо хоногийн баасан гарагт «Коста Конкордиа» хөлөг онгоц хад мөргөсны улмаас хажуу бөөрөнд нь 70 орчим метр голчтой нүх үүссэний дараа живсэн байна. Уг хөлөг онгоцонд багийн гишүүдийг оруулаад нийт 4234 хүн зорчиж явжээ. Ослын улмаас зургаан хүн амь эрсдэж, наад зах нь 16 хүн сураггүй алга болсон байна.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш