logo
Төсвийг зориулалт бусаар зарцуулах явдал зонхилжээ

Төсвийг зориулалт бусаар зарцуулах явдал зонхилжээ

2012/01/19
Төсвийг зориулалт бусаар өөр хооронд нь гүйлгэж зарцуулдаг санхүүгийн сахилга батгүй явдал өнгөрсөн онд төсвийн байгууллагуудад нэлээд зонхилсон нь аудитын шал­галтаар илэрчээ. Энэ нь төсвийг үндэслэлгүйгээр төлөвлөж бай­гааг харуулж байна хэмээн аудиторууд дүгнэв.
Хуулиар хориглосоор байхад төсвийн мөнгөөр хандив өгөх, шагнал урамшууллыг дэндүү хавтгайруулж олгох, орлого, хөрөнгөө бүрэн бүртгэхгүй байх, төсвийн мөнгөөр архи худалдан авах зэрэг төсвийн менежер, нягтлан бодогчдын хариуц¬лагатай холбоотой зөрчил дутагдал аудитаар илэрсээр байгаа нь төсөвт байгууллагуудын санхүү хэр зэрэг сахилга баттай байна вэ гэдгийг харуулж байгаа хэрэг.
Аудитын газраас 22 төсвийн менежер, нягтлан бодогчид хариуцлага тооцуулахаар холбогдох удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна. Харин тэдний дийлэнхэд нь сануулга өгөөд өнгөрсөн бол цөөн тооны хүнд цалингийн тодорхой хувиар торгохоос өөрөөр хариуцлага тооцоогүй байна.
Хууль, дүрэм гэж байгаа л хойно төсөв санхүүг зориулалтаар нь зөв зарцуулахтай холбоотой ямар нэг зөрчил дутагдал гарахгүй байх учиртай. Гэтэл дахин давтан зөрчил илэрч байна гэдэг бол хууль дүрмээ мөрдөж ажиллаж чадахгүй байна гэсэн үг. Цаашид санхүүгийн ямар нэг зөрчил дутагдал гаргахгүй, хариуцлагатай ажиллахыг аймгийн Ерөнхий аудитор төсөвт  байгууллагын менежерүүдэд анхаа­руулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш