logo
“Үндэснийхээ эрх ашгийн төлөө Бизнесийн монополийг задлая”-МСS-ийн утаагүй зуух дэлбэрсээр байх уу..?

“Үндэснийхээ эрх ашгийн төлөө Бизнесийн монополийг задлая”-МСS-ийн утаагүй зуух дэлбэрсээр байх уу..?

2012/01/20
Ардчиллын “буянаар” 20-иод компанид Монгол түмний буй болгосон нийт баялгийн 60-70 хувь харьяалагдах боллоо гэж эдийн засагчид, иргэний хөдөлгөөнийхөн сүүлийн жилүүдэд сануулсаар байсан. Гэвч тэдний үзэл бодлыг ядуугийн туйл болсон хүний арчаагүй атаархал хэмээн тайлбарлаж, нийгэм яг тэр өнгөөр нь хүлээж авсаар ирлээ. Гэхдээ одоо бодит үнэнтэй нүүр тулж, арчаагүй монгол хүнийг бус арчаагүй монгол хүнийг бий болгож, ядуу тарчиг хэвээр нь байлгах сонирхолтой  том компаниуд тэдний эрх ашгийг эхэнд тавьдаг төртэй хариуцлага тооцож, сэрэх цаг иржээ. Алийн болгон шахааны бизнесийн золиос болж, ядуу золбингоороо дуудуулан амьдрах вэ. Баялаг үнэндээ та бидний гарт байна. Одоо л бид хүн шиг амьдралын төлөө зөв сонголт хийн, үр хойчдоо шударга нийгэм өвлүүлэхийг зорьё.
Үүний тулд ч Үндэсний мэдээ сонин иргэн тантай нэгдэж, Үндэснийхээ эрх ашгийн төлөө иргэн бүр сэтгүүлч байхыг уриалсан, онцлох сэдвүүдийн хүрээнд нийтлэлийнхээ бодлогыг чиглүүлж байгаа. Энэ удаад “Үндэснийхээ эрх ашгийн төлөө Бизнесийн монополийг задлая”  сэдвээр хүрээгээ тэлж байна. Энэхүү сэдвийн хүрээнд MCS гэх тендерийн мангасын талаар цуврал баримт нийтлэлийг уншигч танд хүргэж, Бизнесийн монополийг задлахын төлөө, монопольдох эрхийг гааруулдаг төрийн харалган бодлогыг өөрчлөхийн төлөө хүчтэй зэвсэг чинь байна гэдгээ илэрхийлье.
Тендер гэдэг үг луйвар, хээл хахууль гэдэгтэй яг адил сонстох болжээ. МСS бол хамгийн олон тендерт ялсан компани. Хамгийн сүүлд авсан тендерүүд дотроос Монгол даяараа мэдэх болсон нь утаагүй зуух.
Утаагүй зуух гэж юу вэ
Хотын утааг арилгахын тулд Засгийн газар Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх болов. Энэ төслийн хүрээнд олон ч ажил хийгдэж, олон ч айлтай уулзаж тулж ажиллажээ. Ямар ч байсан төслийнхөн боломжоороо сайн ажилласан гэдэг нь тодорхой харагддаг.
Харин нийслэлийг утаагүй болгох гарц нь орон сууцжуулах, цахилгааны үнийг шөнөдөө “00”-лэхээс илүүтэйгээр утаагүй зуух, дулаан хучлага худалдах нь оновчтой гэж төр засаг үзжээ. Тиймээс ч утаагүй зуухны тендер гээч зарлагдсан байж магадгүй, ямар ч байсан бүрхэгдүүхэн болсон тус тендерт нь MCS-ийнхэн, нарийвчилбал, “Сэлэнгэ констракшн” ХХК гэх охин компани нь “ялсан” гэж байгаа. Тэгээд төслийн хүрээнд Мянганы сорилтын сангаас орж ирсэн 42 сая ам.долларыг хүлээн авсан. Энэ мөнгө “Өлзий”, “Хас” гэх монгол нэртэй, Европ стандарттай, Турк зуух болон хувирсан. Тэрхүү зуухнуудын “ориг” үнэ нь 250-450 мянган төгрөг. Гэхдээ “Цэвэр агаар” төслөөс 95 хувь хөнгөлж, иргэдэд 24300-50800 төгрөгийн үнээр очиж байгаа. Энэ зуух нь халахдаа 2-3 цаг шаарддаг, дахин галлахын тулд түлсэн галаа бүрэн унтраад, зуух нь хөрөх хүртэл нь хүлээдэг, тогоо тавиад хоол хийнэ гэх ойлголт байхгүй гэхчлэн айлын эрх хүүхдээс илүү арчилгаа шаардсан эд аж.
Утаагүй зуух авахгүй бол албадан нүүлгэнэ
Одоогоор 70 мянга орчим айл энэ МСS-ийн зуухыг худалдаж аваад байгаа, 2013 он гэхэд нийт 180 мянган гэр хорооллын өрхөд бүрэн шахаж дуусгах зорилго тавин ажиллаж байгаа гэнэ. Үүнийг нь төр засаг, нийслэлийн удирдлага тал бүрээр дэмжин, олон журам, тогтоолыг үйлдэж, зуухны борлуулалтыг нь түргэтгэхэд нөлөөлж байна. Тухайлбал, иргэд утаагүй зуухыг худалдан авахгүй бол засаг дарга захирамж гаргаад л албадан нүүлгэн, хотоос гаргаж хаях юм байна. Дээр нь утаагүй зуухыг нь худалдаж авсныхаа төлөө хуучин зуухаа үнэгүй хураалгах ёстой. Үүнийг зарим нэг настан хэлмэгдүүлэлтийн он цагуудад айлын бурхан шүтээнийг хоймор дээрээс нь хурааж, гал голомтоор нь хоморголж байсан түүхийг санагдуулж буйг шүүмжлэх болсон. Үүнийх нь хариуд Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамцаар “хуучин зуухныхаа үнсийг бойпортоо, эс бөгөөс шинэ зуухандаа хийгээд арц хүж, түлээ нүүрсээ хэрэглэхэд гал голомт тань гал голомтдоо л үлдэнэ” гэж тайлбарлуулсан. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлөөс цахилгааны шөнийн хэрэглээг 50 хувь бууруулах тогтоол баталсан. Энэ нь зөвхөн “Хас”, ”Өлзий” утаагүй зуухыг худалдаж авсан иргэдэд хамаарч байгаа юм. Иргэд зуухны сул тал хэтэрхий олон байгаад гомдоллоход Нийслэлийн агаарын чанарын албаныхан “Энэ өвөл утаа гаргахгүй байвал тогоо тавьж болохгүй байсан ч хамаагүй зуухаа заавал худалдан ав. Кострюль ч хамаагүй тавиад хоол цайгаа хийгээд, идэж уу. Бүр болихгүй бол газ аваад хэрэглэ” гэсэн хариултыг өгч байна. Ер нь агаарын бохирдлыг бууруулах ажилд Засгийн газар, УИХ идэвх санаачилгатай ажиллаж, хөрөнгийг хангалттай тавьж өгч байгаа. Гол нь иргэд идэвх санаачлага гаргахгүй байгаагаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажил урагшлахгүй байна" хэмээн албаныхан мэдэгдсэн юм.
Өвлийн сар ид дундаа орж, идэр есийн хүйтэн тачигнаж байна. Харин өнөөх “утаагүй зуух”-ны тар нь улам бүр танигдаж, утаа ялгаруулж, дэлбэрч, бас дулаанаа хангалттай хугацаагаар барихгүй байна. Тус зуухны хамгийн сүүлийн хохирогч өнгөрсөн долоо хоногт дэлбэрэлтэд өртжээ.
ЧД-ийн Сургуулийн 13-ын 195 тоотын оршин суугч Б.Мөнхбаатар: Ханан пийшин дэлбэрээд хөлдөж үхэхгүйн тулд шинэ пийшин худалдаж авлаа
-Утаагүй зуух хэр удаан ашиглаж байна?
-Манайх 10 сард энэ “Өлзий” зуухыг нь борлуулалтынх нь цэг дээрээс гэрээ хэлцэл хийн худалдан авсан. Анх гэр хорооллын утааг багасгах төслийн хүрээнд зуух зарж байгаа. Авахгүй бол нүүлгэнэ, хөөнө гээд байхаар нь очиж үзээд сонгож авсан. Хүйтэн өдөр мөд халж өгөхгүй арай гэж халсан ч арав бүү хэл дөрвөн цаг ч халуунаа барьдаггүй юм билээ. Нэгэнт авсан хойно тордоод амьдрахгүй бол хуучин зуухаа хураалгасан юм чинь. Гэтэл сая өнөөх зуух маань дэлбэрээд ханан пийшин нь нураад уначихлаа. Тэгээд яаралтай хүн дуудаж, ханан пийшин өрүүлээд зах гарч шинэ зуух худалдаж авлаа. Утаагүй болох гээд гэртээ дэлбэрч үхэлтэй биш дээ.
-Танай пийшин юунаас болж дэлбэрсэн гэж үзэж байна вэ. Түлэх гормыг нь зөрсөн юм биш үү?
-Тийм юм байхгүй. Харин ч янз бүрийн дэлбэрсэн, угаартсан гэх мэдээ үздэг болохоор аль болох алдаа гаргахгүйг хичээдэг. Дахин галлахдаа заавал бүрэн унтрахыг нь хүлээж, хөрөхөө тэсвэрлэж ирсэн. Гэртээ байнга хүн байлгаж, нэг ёсондоо харуул хийдэг байлаа шүү дээ. Ер нь бол энэ зуух чинь манайх шиг эрс тэс уур амьсгалтай, байнгын галлагаа шаарддаг газар тохирохгүй юм билээ.
-Ямар үндэслэлээр та ийм дүгнэлт хийж байгаа юм бэ?
-Өвөлдөө хасах 35 хэм хүрдэг манайд дулаанаа хадгалахын тулд байнгын галлагаа шаардаж байдаг. Энэ зуух тийм боломжгүй. Тэгээд ч ханан пийшингээ нураах, эсвэл дахин өөр технологиор бариулах хэрэгтэй болдог юм билээ. Зардал чирэгдэл нь 2 өдөр, 250-300 орчим төгрөг болж байна. Энэ мөнгийг хүссэн үедээ гаргачих чадалтай айл хэд байдаг билээ дээ гээд ярих юм их байна.
-Та дэлбэрсэн зуухныхаа тухай тус компанийханд мэдэгдсэн үү?
-Анх зуух санал болгосон хорооны нийгмийн ажилтанд нь хэлсэн. Тэгээ юу гээд таг байна. Хохирол барагдуулах асуудал бол байхгүй юм шиг байгаа юм. 
-Одоо та ямар зуух хэрэглэж байна?
-Нөгөө зуух ашиглах боломжгүй болсон юм чинь хөлдөөд үхчилтэй биш гээд зах гарч 70 мянгаар зуух авлаа. Яг үнэндээ зуух яндан гэж энэ өвөл зарлага чирэгдэл ихтэй тухгүй өвөлжиж байна шүү.
-Нэгэнт төр засгаас хийгдэж байгаа ажлыг та  дэмжээд пийшингээ дахин бариулсан бол ийм зүйл болохгүй байсан юм биш үү?
-Харин ч нэгэнт ийм сэтгэхгүй, ийм орчин нөхцөлтэй амьдралтай, ядуу буурай иргэдээ гадаадын хулхи зуухаар чирэгдүүлж байхаар анхнаас нь хэн хэндээ хохиролгүй Монгол ахуйдаа тохирсон зуух худалдсан бол ийм зүйл болохгүй байсан шүү дээ. Ядарсан иргэдээ 300 мянган төгрөгөөр торгохын оронд боломжийн үнэтэй, үр ашиг сайтай монгол инженерүүдийнхээ зуухыг яагаад дэмжиж болоогүйг нь гайхаад байна.
Энэ мэт хохирсон иргэд ганц нэг, арав хориор тогтохгүй, цаашдаа 70 мянга биш юмаа гэхэд 10 гаруй мянган дэлбэрэлт болох нь тодорхой байна. Ер нь бид яагаад заавал утаанаасаа салахын тулд төр засгийн дарамтан дор монополь бизнесийг дэмжиж байх ёстойг хамгийн түрүүнд эргэцүүлж бодох хэрэгтэй юм шиг. Утаагүй зуух утаанаас гарах гарц байжээ гэж бодъё. Тэгвэл тендер энэ тэрд нь яагаад МСS дангаараа нийлүүлэгч болж шалгарсан хэрэг вэ. Яагаад энэ МСС-ийн 42 сая долларыг монголынхоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 10 зуухны үйлдвэрт хувааж өгөөд хяналтаа тавьж болоогүй хэрэг вэ. Тэгсэн бол 10 үйлдвэр хөл дээрээ зогсож, ажлын байр бий болж, түүнийг нь дагаад хэчнээн хүний амьдралын баталгаа нэмэгдэх байсан бол. Америкийн ард түмнээс бадар барьж байж олсон 42 сая доллараа Туркчуудэд төмрийн хогноос өгчихдөг нь ямар бодлого болж таарч байна вэ. Ерөөсөө ганцхан компани нь ажил хийж чаддаг, бусад нь хэн ч биш юмуу. Түүнчлэн иргэдээс хурааж авсан зуух хаашаа хэний халаасанд орж байна вэ.
Яг үнэндээ Монголын төр монополь бизнесийг цэцэглэн хөгжихөд хамаг бодлогоо чиглүүлж иржээ. Монголын төрийн бодлогын хамгийн түрүүнд бодолцох эрх ашиг нь МСS, хоёрдугаарт монголын ард түмний эрх ашиг орж байна. Үүнээс үзэхэд МСS-ийн эрх ашиг бол монголын төрийн эрх ашиг гэсэн үг гарч байна. Гэтэл МСS шиг томоохон компаниуд дотоодынхоо зах зээлийг булаацалдаж, жижиг дунд үйлдвэрүүдээ сөхрүүлэхийн оронд хилийн чанадад гарч, үндэстэн дамнасан корпораци байгуулахыг эрмэлзэхгүй байна вэ. МСS шиг томоохон компаниудад Монголын ард түмэн ядуу доорой байх нь чухал байдаг хэрэг үү.
Ш.Булга
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш