logo
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

2012/01/20
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.
Иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нэг талаас баталгаатай хангаж, нөгөө талаас хариуцлагатай хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үзэл санааг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн 110-р зүйл доромжлох,111-р зүйл гүтгэх гэмт хэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хамт боловсруулжээ. Гэмт хэргийн статистик, шүүхийн практикаас үзэхэд энэ төрлийн гэмт хэргээр ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид холбогдон, шийтгэгддэг нь сэтгүүл зүйн хэвлэн нийтлэх үйл ажиллагааны онцлогтой холбоотой байдаг аж. Энэхүү заалт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах хүчин зүйл болж байгааг нэлээдгүй судалгаа, олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байгаа тул дэлхий нийтийн жишиг хандлага, олон улсын стандартанд нийцүүлэн хүний нэр төрийг олон нийтэд гутаан, хохирол учруулсан бол гүтгэх гэмт хэрэгт тооцон, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол иргэний хэргээр шийдвэрлэгдэх, ингэхдээ нэр хүнд нь гутаагдсан гэж үзэж буй нэхэмжлэгч этгээд нотлох баримтаа шүүхэд гаргах зохицуулалтыг оруулжээ.
Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй бөгөөд хэрвээ эх сурвалжаа хэлэхийг шаардаж шахалт үзүүлбэл, тухайн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг тодорхой болгох шаардлага тавьсны зэрэгцээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, олон нийтийг гэмт хэрэг өдөөн хатгалагт уриалан дуудсан мэдээ, мэдээлэл цацахыг хориглосон гэх мэт заалтууд тусгажээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Нэр нэг хоёр хуулийн төслийг бид хэлэлцэж байна. Ялгаа нь юундаа байна вэ. Хоёрдугаарт, энэ төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил болгоно гэжээ.  Эздээс илүү хөрөнгө оруулагч талыг нь зарлах ёстой биш үү” гэж асуусан. 

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Хоорондоо адил зүйл нэлээд бий. Гэхдээ ялгаатай зүйлүүд бий. Тухайлбал, энэ төсөлд захиалгат мэдээлэл нийтэлсэн нөхцөлд түүнийг нь тодорхой бичдэг. Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, сэтгүүлчийн асуудлыг авч хэлэлцдэг консултай болох гээд олон ялгаатай асуудал бий” гэсэн юм.

Энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Сурвалжлагч бол зарц биш, чөлөөт сурвалжлагч байх ёстой. Түүний хэлсэн, бичсэн зүйлийг цензурдаж, энэ хүний ярилцлагыг гаргаж болохгүй. Энэ өгүүлбэрийг авах ёстой, ийм агуулгаар нийтлэл бичиж болохгүй гэх мэтээр редакциас нь тухайн сурвалжлагч, сэтгүүлчийн үйл ажиллагаанд халдаж болохгүй. Энэ бол сэтгүүлчийн эрх зүйг зөрчиж байгаа асуудал юм. Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангасан хуулийг батлах ёстой тул энэ агуулга руу явах ёстой” гэж байсан.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.9 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш