АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам судлаачид Обама болон Америкийн Бүгд найрамдах намын Ерөнхийлөгчид нэр дэвших анхан шатны сунгаанд тэргүүлж байгаа Митт Ромни нарын улс төрийн болон гадаад бодлогыг харьцуулж үзэх болсон байна. Обама ч “Митт Ромни болон Бүгд найрамдах намын бусад нэр дэвшигчид намынхаа тулгуур зарчим, өөрсдийн үзэл бодлын хүрээнд мэтгэлцэж байна. Анхан шатны сунгаа дуусч, Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүн тодорсны дараа бидний хооронд АНУ-ын гадаад бодлогын талаар жинхэнэ ширүүн мэтгэлцээн болно” гэж мэдэгдсэн. Олон улс судлаач Закарияагийн үзэж байгаагаар Барак Обамагийн гадаад бодлого, түүний рейтинг Митт Ромнигийнхээс өндөр байгаа аж. Учир нь Обамаг 2008 онд Ерөнхилйөгч болж байх үед Иракт АНУ-ын 145 мянга гаруй цэрэг байрлаж байсан. Олон газар дайн явуулснаас болж АНУ-ын нэр хүнд дэлхийн тавцанд унаад байсан. Гэсэн ч Обама Нэгдсэн улсын нэр хүндийг сэргээсэн. Хэлсэндээ хүрч 3 жилийн дотор Иракаас цэргээ бүрэн гаргасан. Афганаас цэргээ гаргаж эхлээд байгаа. Терроризмын эсрэг дайныг амжилттай явуулж АНУ-ын заналт дайсан Аль-Кайда бүлгийг сулруулж чадсан. Аль-Кайдагийн ихэнх удирдагчдыг устгасан. Хамгийн чухал нь Осама Бин Ладеныг устгаж чадсан. Обама одоо гадаад бодлогоо Ази Номхон далайн бүс нутагт хандуулж эхлээд байна. Тэгэхээр Обамагийн явуулсан бодлого, түүний гүйцэтгэсэн ажил Бүгд найрамдахчуудаас илүү байсан нь харагдаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Америкчуудын аюулгүй байдлыг хамгаалах Обамагийн бодлого Бушийн явуулж байснаас илүү зөв, илүү шийдэмгий дайчин болж чадсан гэж судлаачид үзэж байна. Тэгэхээр Нэгдсэн улсын гадаад бодлогын талаарх мэтгэлцээнд Обама санаа зовох хэрэггүй юм байна. Харин дотоод бодлогын хувьд Обама эрүүл мэндийн шинэчлэлт, төсвийн хэт их үрэлгэн зардал зэрэг нь Бүгд Найрамдахчуудад шүүмжлүүлэх гол бай нь болж магадгүй байгаа аж. Харин Обамагийн Ираны талаар явуулж бодлого нь Бушынхаас ялгаа байхгүй. Ираны талд шахалт үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ шахалт үзүүлэхийн хажуугаар дипломат арга замаар Ираны эрх баригчидтай ярилцах хэрэгтэй гэж ажиглагчид шүүмжилж байна. Shuum.mn