Хонконг бол дэлхийн хамгийн баян чинээлэг бөгөөд хөл хөдөлгөөнтэй хотуудын нэг. Хонконгийн гудамжинд агаарын бохирдлыг хэмждэг төхөөрөмжүүдийг олноор нь суурилуулжээ. Хонконгийн Засгийн газраас хийсэн судалгаагаар 2011 оны байдлаар хотын агаарын бохирдол 6 жилийн өмнөхөөс 5 дахин их болоод байгаа аж. Хонконгийн их сургуулийн профессор Антони Хэдлигийн судалснаар агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин их буюу аюулын төвшинд хүрээд байгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. 2011 онд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр 311 хүн амиа алджээ. Агаарын бохирдолтой холбогдолтой өвчнөөр өвчилсөн 800 гаруй мянган хүн эмчид үзүүлсэн байна. Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндэд зориулж 61 сая доллар зарцуулсан. Профессор Антони Хэдлигийн хэлж байгаагаар агаарын бохирдол бага байх юм бол Засгийн газар ингэж их хэмжээний мөнгө зарцуулахгүй байж. Агаарын бохирдол ялангуяа бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж тэд амьсгалын замын гаралтай өвчнөөр өвдөх нь ихэссэн байна. Өөрөөр хэлбэл эдгэшгүй ханиалгах өвчнөөр өвддөг байна. Боломжтой зарим нэгэн оршин суугчид гэртээ агаар цэвэршүүлэгч ашигладаг болсон ч төдийлөн нэмэр болохгүй байгаа гэнэ. Хүмүүс эрүүл амьдрахын тулд илүү зардал гаргаж байна гэсэн үг юм. Сонирхуулахад Хонконгийн агаарын бохирдлын ихэнхийг Монгол шиг гэр хорооллын утаа бус харин автомашин, тээврийн хэрэгслийн утаа эзэлдэг байна. Хонконгийн Засгийн газар 80 тэрбум доллар зарцуулж, хуучирч муудаж, хорт утаа ихээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах зэргээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч байна. Хонконгийн их сургуулийн профессор Антони Хэдли агаарын бохирдлын хэмжээ аюултай төвшинд хүрснийг анхааруулсны дараа Засгийн газар 2014 он гэхэд агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө гаргажээ. Хонконгийн Байгаль орчны сайд Эдвард Яау шаардлагатай бол аж ахуйн нэгж хувь хүмүүст торгууль тавих замаар агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Өөрөөр хэлбэл олон нийтийн эрх ашгийн үүднээс Хонконгийн төр агаарыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгж хувь хүмүүст төмөр нударгаа үзүүлэхээр болсон байна.
Shuum.mn
Shuum.mn