ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Нью-Йорк их сургуулийн профессор, орос судлаач Стефен Кохен телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр “Зөвлөлтийн хувь заяа ба алдагдсан боломж” нэртэй ном гаргаад байгаа юм. Түүнийхээр бол ирэх 3 сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь нэг бол Оросын улс төр, нийгэм эдийн засагт өөрчлөлт шинэчлэлт авчирна. Эсвэл эмх замбараагүй байдал, нийгмийн бухимдал үүсгэж магадгүй түүхэн чухал сонгууль болох юм байна. Судлаачийн үзэж байгаагаар саяхан болж өнгөрсөн Оросын төрийн Думын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн, олон мянган хүн оролцсон жагсаал цуглаан нь төсөөлж байгаагүй гэнэтийн үйл явдал болсон юм байна. Тэрээр Орост нийгмийн том өөрчлөлт гарах тохироо бүрдээд байхад барууны хэвлэл мэдээлэл бага ач холбогдол өгч байгаа гэж үзэж байна. Учир нь 1990-ээд онд болсон ардчилсан өөрчлөлтийн төлөөх жагсаал цуглаанаас хойш ийм том хэмжээний, нийгмийг хамарсан тайван жагсаал болж байгаагүй юм. Жагсаалд Оросын дунд давхрагын залуучууд голчлон оролцож байгаа нь Орост том өөрчлөлт гарахад бэлэн болсон дохио гэнэ. Ялангуяа Оросын залуучууд интернет цахим ертөнцөөр хоорондоо холбогдож нэгдсэн зохион байгуулалттайгаар жагссан нь мөн нийгэмд өөрчлөлт гарах тохироо байж магадгүй юм байна. Орос судлаач Стефен Кохены ажиглаж байгаагаар Орост улс төрийн сөрөг хүчин үндсэндээ байхгүй болсон. Сонгууль дөхөх үеээр гудамжинд жагсагчид нэгдэж нэг нам болно эсвэл аль нэг улс төрийн сөрөг хүчинд хүч нэмж магадгүй болоод байна. Мөн парламентын гишүүд шууд Кремлийн заавраар ажилладаг болсон байна. Оросын сөрөг хүчний Лидер Нэмцов, Каспаров нар Ерөнхийлөгч болбол ардчилал нэрийн дор тогтсон Путины авторитар дэглэм нуран унаж магадгүй байгаа юм байна. Гэхдээ ардчилагчид болон Путины сөрөг хүчнийхэн нэгдэхгүй бол Путиныг ялах магадлал бага. Учир нь Путин намаараа дамжуулан Оросын толгой баячууд болон нөлөө бүхий улс төрчдийг гартаа оруулаад байгаа юм. Өнгөрсөн Думын сонгуульд Путины намын эсрэг санал өгөх гэсэн хүмүүс Зюгановын Коммунист намд саналаа өгсөн тохиолдол зөндөө гарсан байна. Харин Прохоров Кремлийн бууны нохой эсвэл Путины хүчтэй өрсөлдөгч эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 40 гаруй жил Орос орныг судалсан Стефен Кохены үзэж байгаагаар Путин хэрэв сонгуульд ялагдвал нийгмийг хамарсан эмх замбраагүй байдал үүсч магадгүй байгаа юм байна. Учир нь Оросын түүхийг харж байхад аливаа нийгмийн өөрчлөлт, хувьсгал бүхэн дандаа хүчирхийллээр дуусч, цус урссан гашуун түүх байдаг. Гэхдээ өнгөрсөн 12 сард болсон тайван жагсаал хүчирхийллээр дуусаагүй нь Оросууд хүчирхийллээс татгалзаж байж магадгүй гэсэн дохио юм байна. Shuum.mn