logo
Засгийн газрын зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2012/01/21
УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Н.Алтанхуяг, С.Ламбаа, С.Баярцогт нарын сайдууд Засгийн газрын гишүүнийхээ ажлаас танилцуулга, тодруулга хийж үг хэлсэн юм. Дараа нь Батлан хамгаалахын сайд Л.Болд үг хэлсэн. Тэрээр бидний хийж бүтээсэн, эхлүүлсэн ажлууд гарааныхаа ид үед явж байгаа хэмээн онцолж байлаа.
Гэтэл энэ үеэр сайд Л.Гансүх асуулт тавьсан С.Бямбацогт гишүүнийг шүүмжилж, би байгаль орчны чиглэлээр л хариулах болохоос 6 сайдад нэг ижил асуулт тавиад, бид тус бүртээ нэг асуултад хариулна гэж юу байх вэ гэсэн. Гэсэн ч гишүүн С.Бямбацогт асуултынхаа учрыг тодотгож, сайд Х.Баттулга хариулт хэлж эхэлснээр цааш хурал үргэлжилсэн.
Түүнчлэн гишүүн Д.Тэрбишдагва, А.Тлейхан нар асуулт асууж, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар хариулж байлаа.
Халамжийн мөнгөний асуудал сөхөгдөхөд, Н.Алтанхуяг сайд, цаашдаа энэ бол шоуны арга хэмжээ болно тэгэхээр зогсоох хэрэгтэй гэж байсан.
А.Тлейхан гишүүн, хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрт байгаа асуудлыг ЗГ санаачилж хийгээгүй тул хэдэн гишүүн бид өөрсдөө хуулийн төсөл оруулсан байдаг. Энэ талаар бид хуулийн төсөл өнгөрсөн жил өргөн бариад одоо хэлэлцүүлэх гэж л явж байгаа тэрнээс бус шоуны асуудал биш юм, олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгө олгох тухай асуудал л байгаа гэсэн. Харин Н.Алтанхуяг бид нэг юмыг ойлголцох хэрэгтэй, 2008 оны амлалтыг яриад түүн дээр юм нэмээд байвал хэцүү л болно шүү дээ, ер нь хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийх нь дээр гэж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна л даа, ашигт малтмалтай холбоотой амлалт хэрэгжээд явж байгаа, төмөр замын асуудал, 100 мянган айлын асуудал гээд л хөгжлийн төсвүүд бас байгаад байна. Х.Баттулга сайдаас асуухад Таван толгойг хурдан явуулахад анхаарч болоогүй юу, яагаад одоо ингээд байгаад байна вэ, ер нь хууль зөрчсөн хувийн юмнууд урагшлаад байдаг, төрийн асуудал явдаггүй, тэр Ухаа худгийн асуудал байна. Үүнийг нэг тайлбарлаж өгнө үү гэсэн.
Төмөр замын асуудал ингээд зогсчихлоо, ямар учиртай вэ гэдэг дээр баримт цуглуулж байгаад эргээд мэдээлэл хийнэ гэж Х.Баттулга сайд хэлэв. Харин Д.Ганхуяг гишүүн Ерөнхий сайдаас 57-р тогтоолын хэрэгжилтийг биелүүлсэн гэж улс орон даяар та ярьснаа нэг тодруулаач гэв.
Үүнд хариулахдаа Ерөнхий сайд, 15 стратегийн ордын асуудлыг ЗГ дээр ярьж байгаа гэж би урьд нь хэлж байсан. Бид хэрэгжилтийг нь ярих ёстой, санал нэг байна гээд Оюутолгойн гүйцэтгэлийн талаар С.Баярцогт хариулах байх гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, эрүүл байдлаар бид хурлаа хийж байгаа нь сайшаалтай, яагаад гэвэл сөрөг хүчинтэй УИХ бүрдээд байна гэсэн юм. Тэрээр байгаль орчны чиглэлээр урт нэртэй хууль гээд сайн хууль гаргасан гэх зэргээр ЗГ-ын зарим сайн ажлыг дэмжлээ. Түүнчлэн өнөөдөр манай 6 сайдыг байцаасан шигээ дараагийн сайдуудын асуудлыг бас ингэж хэлэлцэх нь зөв гэсэн юм. Мөн олонхи нь дангаараа ЗГ-аа байгуулаад явах уу, сонгуулийн дараа ч тэр, мэдээж манайх ч бас тэгнэ байх гэсэн зүйлийг хэллээ.
Үүнд, улс орны өмнө тулгарсан томоохон асуудлыг хамтраад хэрэгжүүлээд явах нь чухал байдаг тул энэ жишиг зүй нь хэрэгтэй юм байсан гэж Ерөнхий сайд хэлж байв.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, хамтарсан ЗГ байгуулах цаг үе нь өөрөө стандарт бус байсан гээд хоёр намын амлалт өөрөө урьд хожид байгаагүй стандарт бус байсан тул хамтарсан ЗГ байгуулах шийдлийг буруу гэх нь утгагүй юм гэсэн. Харин өнөөдөр зөв стандарт руугаа орж байна, сонгуульд стандарт бус байдлаар орж болохгүй шүү дээ гэлээ. Хэвийн байдлаар явах ёстой, үүний тулд чөлөөт сонголтын орчин боломжийг бүрдүүлэх ёстой, АН-ын гаргасан шийдвэр тэгэхээр зөв гэлээ.
Цааш асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Н.Ганбямба асуулт тавьж, инфляцийн тухай асуудал хөндөгдөхөд сайд С.Баярцогт хариуд нь хичээл заах маягаар хариулна гэснээс болж тэдний дунд маргаан гарсан. Дараа нь гишүүн Д.Балдан-Очир үг хэлсэн ч мөн л өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярьсан юм. Харин энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үндсэн асуудлаа ярихгүй бие биенээ л шүүмжилж, түлхэлцээд байх шиг гэж байлаа.
Н.Алтанхуяг сайд ярихдаа хамтарсан тухай асуудлыг түүхэн цаг үеийн нөхцөл байдлаар нь ярих ёстой. Бид хамтарч ажиллахдаа сөрөг хүчний үүргийг бүдгэрүүлсэн ч, юм хийсэн, энэ сонголт зөв байсан. Харин цаашдаа яах бол, юу болох бол гэж асуугаад байх нь утгагүй, та өөрөө л бодоод ол, тэрнээс би бол тэр Ванга ч биш, далдыг харсан ч хүн биш гэлээ. Гэхдээ хамтраад явлаа гээд бид дундаа юу ч ярихгүй, дуугарахгүй, сөрөг хүчингүй яваад байсан юм биш, хүчин чармайлт маш их гаргасан гэх зэргээр хариулсан.
Д.Оюунхорол гишүүн асуулт давхцаад буйгаа хэлээд, улс төрийн нөхцөлд зөв үнэлэлт өгөх нь хэрэгтэй гэлээ. Тэрээр Монгол Улсад өнөө ч, цаашдаа ч хамтын ажиллагаа, хяналт бас байх хэрэгтэй юм. Энэ хоёр нам хамтарсан ЗГ-т хамтарснаар нэлээн зүйл хийсэн гэдгийг онцолж, цаашид энэхүү хамтын ажиллагааны түүхээ цаашдаа яаж үзэх юм бэ гэсэн юм.
Дашрамд дурдахад, цаашид хамтрах практик гарна гэдэг дээр ихэнх гишүүд итгэлтэй байгаа нь хуралдааны үеэр үг хэлсэн хүмүүсийн үгнээс харагдаж байсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүн Д.Бат-Эрдэнэ, Л.Гүндалай нарын гишүүд мөн үг хэлж, зарим үед тэр нь нэлээд хурц байдлаар илэрч байсан.
Ингээд зургаан сайдын асуудлыг болон тэдний Засгийн газарт ажиллах хугацаандаа хийсэн ажлыг нь сонсох явцдаа гишүүд Засгийн ажлыг хамтад нь мөн сонсож үгээ хэлээд авсан юм. Санал хураалт болж, хүн тус бүрээр санал хураан зургаан сайдыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.
Дараа нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, АН Засгийн газраас гарч, сайдууд нь өргөдлөө өгч чөлөөлөгдөж буй хэдий ч УИХ дээр гишүүд цаашид хэлэлцэх асуудлаа хамтраад яриад, хэлэлцээд явах ёстой гэсэн юм.
Мөн Ерөнхий сайд үг хэлж, мөнөөх зургаан сайдыг хариуцлагатай сайн хамтарч ажиллаж байсан гэдгийг тэмдэглээд, бидний хамтарч хэрэгжүүлсэн ажлыг цаашид дуусгах үүрэг хүлээсэн байгаагаа мартах ёсгүй гэсэн утгатай үг хэлж, тэдэнд талархсанаа илэрхийлсэн.
Үүний дараа УИХ-ын дарга хоёр ч хуулийн эцсийн найруулгыг гишүүдэд сонсгосноор өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн чуулган орой 18.48-д өндөрлөлөө.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш