logo
ОУВС-д мөнгө шаардлагатай байна

ОУВС-д мөнгө шаардлагатай байна

2012/01/23
Дэлхийн эдийн засагт одоо шаардлагатай байгаа 358 тэрбум долларыг өгөхийн тулд Олон улсын валютын санд /ОУВС/ 500 тэрбум доллар татах хэрэгтэй байна. Нөөцөө нэмэгдүүлэхийн тулд эрчимтэй хөгжиж буй Хятад, Бразил, Орос зэрэг улс болон Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүн орнуудаас авдаг мөнгөө нэмэгдүүлмээр байгаа боловч тэдгээр орнууд тус сангийн зөвлөмжийг дагаж мөрдөхөд бэлэн бус байна.
Дэлхийн эдийн засаг дахь еврогийн бүсийн уналтын сөрөг нөлөөтэй холбоотой шинэ эрсдэлүүдийг даван туулахад шаардлагатай хөрөнгө мөнгө хангалттай бий эсэх талаар ОУВС хэлэлцэх үеэр тус сангийн тэргүүн Кристин Лагард «дэлхийн эдийн засгийн уналтаас урьдчилан сэргийлэх баталгаатай болох хэмжээнд хүртэл нөөцөө нэмэгдүүлэх арга замыг сангийн удирдлага болон мэргэжилтнүүд хайх нь зүйтэй» гэж мэдэгджээ.
«Их-20» дахь эх сурвалжийн мэдээлснээр, ОУВС хөрөнгөө 500 тэрбум доллароор нэмэгдүүлж, 885 тэрбум доллар хүргэхийг хичээж байна. Тус сангийн тэргүүний нэгдүгээр орлогч Дэвид Липтон Азийн Санхүүгийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ, тус бүс нутгийн тэргүүлэгч орнуудад «ОУВС-тай түншлэх» замаар тулгамдсан асуудлуудаа шийдэхийг уриалжээ. Үүий дүнд, БРИК-ийн орнууд болон томоохон нефть экспортлогчидтой хамтран ажиллах замаар шинээр хөрөнгө мөнгө татах ёстой юм. Хөгжиж буй орнууд ОУВС-гийн зуучлалтайгаар еврогийн бүсийн асуудлыг шийдэх сонирхолтой байгаа нь ЕХ-ны ажил хэргийн идэвх суларснаас хэрэглээний томоохон зах зээл хумигдаж байгаатай холбоотой байж болох юм.
ОУВС-гийн хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг энэ долоо хоногийн сүүлээр «Их-20»-ийн гишүүн орнуудын Сангийн орлогч сайд нар хэлэлцэх гэж байна. Урьд нь еврогийн бүсийн орнууд ОУВС-д нэмж 150 тэрбум евро /192 тэрбум доллар/ өгөхөө мэдэгдсэн бол АНУ ийм маягаар илүү мөнгө төлөхөөс татгалзжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш