Арабын хувьсгал эхэлснээс хойш Тунис, Египет, Ливийн иргэд дарангуйлагч эрх баригчдыгаа ээлж дараалан засгийн эрхнээс түлхэн унагасан. Эдгээр Арабын ертөнцийн орнууд нийгмийн байгууллаа Дарангуйллын нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжүүлэх гэж чармайсаар байна. Энэ Арабын улсуудын нийгмийн байгууллаа байгуулах гол үлгэр жишээ нь ардчиллын бэлэг тэмдэг гэгддэг АНУ байж болох юм. Гэхдээ тэд шууд АНУ-ын улс төр нийгмийн байгууллыг хуулах бодолгүй байна. Учир нь Америкчууд ийм төрлийн ардчилсан улс төрийн байгууллаа байгуулаад 200 гаруй жил болж байгаа. Тэр хугацаандаа багагүй туршлагажсан ард түмэн. Харин Арабын орнууд 1990-ээд онд нийгмийн ардчилсан өөрчлөлт шилжилт хийсэн Зүүн Европын орнууд тэр дундаа Польшийн туршлагаас үлгэр дуурайл авч байгаа аж. Польш улс ардчилал, зах зээлд шилжиж байх үед улс төр эдийн засгийн олон бэрхшээлтэй тулгарч байсан. Хэдийгээр зовлон бэрхшээлтэй тулгарч байсан ч нийгмийн шилжилтээ амжилттай хийж чаджээ. Польш улс нутагтаа улс төрийн шилжилт хийж байгаа Арабын орнуудын удирдагчдыг цуглуулж конференци зохион байгуулж байна. SENSE буюу Эдийн засаг аюулгүй байдлын стратегийн сургалтыг зохион байгуулж, нийгмийн шилжилт хийсэн туршлагаасаа Арабын улсуудын төлөөллөгчдөд хуваалцаж байна. Польш нь НАТО-гийн гишүүн, удахгүй эрх үүргийнхээ дагуу ЕХ-г удирдана. Мөн зүүн Европ дахь АНУ-ын хамгийн ойрын холбоотон улс. Польшууд Иракт явуулсан цэргийн ажиллагаанд оролцож их тооны цэргээ илгээж, холбоотны хүчнийг дэмжиж байсан. Одоо ч гэсэн Афганистанд Польшийн цөөнгүй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Польш улс нь эдийн засгийн хэмжээгээрээ Герман, Их Британи, Франц, Итали, Испаний дараа орох 6-р том эдийн засагтай улс болсон. ЕХ-ны орнуудаас цорын ганц хямралд өртөөгүй орон болж үлдсэн. Польшийн аль ч банк ЕХ-ноос тусламж гуйгаагүй. Өнгөрсөн жил Польшийн эдийн засгийн өсөлт 4 хувьтай байсан. Энэ жил 3 хувь өсөх магадлалтай байна. ЕХ-ны хямрал өртөлгүй үлдсэн гол нууц нь хөгжиж байгаа орон учир улсынхаа хөрөнгийг дэд бүтэц, харилцаа холбоо, зам барилга зэрэг дотоод зах зээлдээ оруулсан. Мөн Польш улс Евро хэрэглэдэггүй. Өөрсдийн мөнгөн тэмдэгт болох злотыг хэрэглэж байгаа нь Евробүсийн хямралд өртөхгүй байх гол шалтгаан болсон. Польш бараа бүтээгдэхүүнийхээ тал хувийг ЕХ, Герман зэрэг улсуудад экспортлодог. Барууны орнууд ч хурдан өсч байгаа эдийн засагтай, мөнгөний бодлогодоо анхаарч байгаа Польш улсад хөрөнгө оруулсаар байгаа. Польш, Англи, Швед, Швецарь зэрэг евро хэрэглэдэггүй, өөрсдийн мөнгөн тэмдэгт хэрэглэдэг улсуудын эдийн засаг хүчтэй хэвээр байгаа. Тэгэхээр Арабын орнууд нэгдсэн нэг мөнгөн тэмдэгт хэрэглэж болохгүйг Польшоос сайн суралцаж байгаа юм байна. Ямартай ч улс төр нийгмийн шилжилт хийгээд 20 гаруй жил болж байгаа Польш орон Арабын ертөнцийн үлгэр дуурайл болж байна.
Shuum.mn
Shuum.mn