logo
Сайд нарыг томилуулах асуудлыг өргөн мэдүүлэв

Сайд нарыг томилуулах асуудлыг өргөн мэдүүлэв

2012/01/24
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүн, сайд нарыг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

            Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Сангийн сайдаар Д.Хаянхярвааг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Цогтбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаярыг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Дашдоржийг, Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатарыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн байна.

            УИХ-ын дарга Д.Дэмбэрэл  тогтоолыг төслийг хүлээн аваад Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг холбогдох Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ.

            Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Яаралтай шийдвэрлэх шаардлагатай цаг үеийн зарим асуудлууд сүүлийн үед бас гарч байна. Засгийн газар үнийн өсөлтийг бууруулах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллана” гэж мэдэгдлээ. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ, ард түмний амьжиргаанд шууд нөлөөлж байгаа үнийн өсөлтийг бууруулах талаар Засгийн газар шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ асуудлаар шаардлага ирүүлээд байгаа МҮЭ-ийн  холбооны ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүсийг би өчигдөр хүлээн авч уулзаж ярилцсан. Үүний дараа Ерөнхий сайд та мөн хүлээн авч уулзсан байна лээ. Үнийн өсөлт бид бүхний санааг зовоосон асуудал болоод байна. Тиймээс нэн даруй шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй юм гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш