Сирийн Хомс хотод аюулгүй хүчнийхэн болон босогчдын хоорондын гудамжны ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд эмнэлгүүдээр орж байдалтай танилцах гэж оролджээ. Энэ үеэр эмнэлгийн ажилтан бололтой залуу улаан загалмайн ажилтнуудад бодит байдлыг хэлж, Хомс хотын дарга Захра эмнэлэг, Ноза энмэлэг, Эль Али эмнэлгүүдээр явж байдал хэвийн гэж мэдэгддэг. Харин биднийг эмнэлэгт оруулдаггүй. Бид гудамжинд явж байгаа хүмүүсээс цус хандивлахыг гуйж байна. Ийм зүйл байж болохгүй, бид чинь хүн шүүдээ гэж учирласан байна. Арабын хавар эхэлснээс хойш аюулгүй хүчнийхэн болон босогчдын гэсэн сөргөлдөгч талуудаас аль аль нь их гарз хохирол амсаад байгаа юм. НҮБ-ын аюулгүйн зөвлөл Сирийн хямралыг зогсоох зорилгоор босогчдод туслах талаар ярилцаж байгаа ч Хятад болон Орос улсууд Сирийн дотоод хэрэгт гадны улсуудыг оролцуулахыг эрс татгалзаж байгаа юм. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гаригт мэдэгдэл гаргаж, Арабын орнуудын цэргүүд босогчдод туслах зорилгоор Сирид орохоор зэхэж байна гэсэн мэдээлэл байгаа. ОХУ болон Хятад улсууд үүнийг эрс эсэргүүцэж байна. Сиричүүд дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн байна. Сирид 10 сар үргэлжилж байгаа Засгийн газрыг эсэргүүцэгчид болон аюулгүй хүчнийхний хоорондын тэмцэлд ОХУ Сирийн Засгийн газрыг байнга дэмжсэн байр суурьтай явсаар ирсэн юм. Учир нь ОХУ Сирид маш их хөрөнгө оруулсан. Мөн ОХУ Сири дэх өөрсдийнхөө ашиг сонирхлыг барууны улсуудаас хамгаалахын тулд Сирийн Засгийн газрыг дэмжиж байна гэж ажиглагчид үзэж байна. Сирид сөргөлдөгч 2 талын мөргөлдөөн эхэлснээс хойш 5 мянга гаруй энгийн иргэн амь насаа алдаад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn