logo
Японы компаниуд үйлдвэрүүдээ хилийн чанадад гаргаж байна

Японы компаниуд үйлдвэрүүдээ хилийн чанадад гаргаж байна

2012/01/25
Японы жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого буурч байна. Нобара хотын иргэн Акио Ишикавагийн жижигхэн цайны газрын өөдөөс харан байрлах TOSHIBA компани ОУТСОРСИНГ буюу хямд ажиллах хүчинтэйг нь бодож 500 гаруй ажлын байрыг хилийн чанадад гаргасан учир энэ тоогоор ажилтнуудаа цомхотгох болсон байна. PANASONIC компани мөн 1500 ажлын байрыг гадаад руу шилжүүлсэн нь  Ишикавагийн цайны газрын орлого буурахад хүргэжээ. 90 мянган хүн амтай Нобара хотын хувьд 2 мянган ажлын байр байхгүй болно гэдэг бол их тоо. Хотын мэр Тоёохико Танакагийн хэлж байгаагаар ажлын байр багасахын хэрээр оршин суугчдын ажил хайсан нүүдэл эхэлж, хотын хүн амын тоо буурч байгаа гэнэ.
Аж үйлдвэр, өндөр технологийн үйлдвэрлэл болон экспорт дээр тулгуурладаг Японы эдийн засгийн байдал хүнд болж эхэлж байна. 20-иод жилийн өмнөөс Японы йений америк доллартай харьцах ханш өсч, Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, яваандаа өрсөлдөх чадвараа алдсан юм. Дээрээс нь өнгөрсөн 3 дугаар сард болсон байгалийн гамшгаас болж, компаниудын үйлдвэрлэл, үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Харин сүүлийн үед Хятад, Энэтхэг зэрэг улсуудын эдийн засаг өсч, хямд ажиллах хүчээрээ дулдуйдан хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн. Японоос хэд дахин хямд үнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон нь мөн нөлөөлсөн юм байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар ирэх 3 жилд Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын 75 хувь нь хямд ажиллах хүч хайн, түүнийгээ даган  хилийн чанадад үйлдвэрээ аваачих юм байна. Тэгэхээр энэ тооны ажлын байр байхгүй болно гэсэн үг юм. 
Санхүүгийн JP МОРГАН компаний эдийн засагч Жеспер Коллын үзэж байгаагаар Японы засгийн газар анхнаасаа стратегийн зарим чухал үйлдвэрүүдийг дэмжиж, дотоод үйлдвэрлэлээ хамгаалах үүднээс татвараас чөлөөллөх зэргээр оролцох ёстой байсан гэнэ. Хувийн компаниуд дампуурахгүйн тулд хямд ажиллах хүч хайн хилийн чанадад үйлдвэрээ зөөх, эсвэл тэнд шинээр нээгээд эхэлсэн юм байна. Гэхдээ нэгэнт л хүн төрөлхтөн чөлөөт зах зээлийн эдийн засгийн  системийг сонгосон учир зах зээлийнхээ хуулийн дагуу хямд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан компаниудын ашиг өсч, бүтээгдэхүүний өртөг нэмэгддэг. Тэгэхээр хямд ажиллах хүч хайхаас өөр аргагүй болдог гэж эдийн засагч тайлбарлаж байна. Нобара хотын иргэдийг ажлын байраар хангдаг байсан том үйлдвэрүүд үүдээ бариад эхлэхээр хотын оршин суугчдын амьдрал бүрхэг болж эхэлж байгаа бололтой.
Shuum.mn               
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш