logo
Б.Догмид: Дархан хүн жинхэнэ ганг зүрхнийхээ галд ширгээдэг

Б.Догмид: Дархан хүн жинхэнэ ганг зүрхнийхээ галд ширгээдэг

2012/01/25
Түүх уламжлагдан үр хойчдоо оюуны өв болон үлдэнэ гэдэг гайхалтай. Эх орныхоо хөгжил дэвшил хийгээд алдаа дутагдлыг засаж залруулан үнэн үг хэлж, ард түмнийхээ аж амьдрал зан заншлыг үнэн зөвөөр ухуулан сурталчлан, уламжилж байгаа нь эрхэм хүмүүсийн ач буян байдаг. Үүх түүх хүмүүн төрөлхтөн хэзээд холбоотойн учир монголын түүхэн замналын талаар түүхэн кино бүтээн оюун ухааны дээжсээ залуу үеийнхэн, нийгэмдээ үлдээж байгаа нь бахархмаар.  Кино код нэвтрүүлгийн үеэр төрийн соёрхолт зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Ш.Гүрбазар нарын өгсөн ярилцлаганд монгол киноны сайн сайхан давуу талыг маш тод томруунаар тусгаж өгсөн байсан. Тухайлбал:
Ш.Гүрбазар хэлэхдээ: Монголчууд монгол сэтгэлгээтэй, монгол драмтай, монгол найруулгатай кино хийх ёстой. Чухам юу нь монгол байна вэ гэдгийг гаднаас нь харна, юуг дуугарч байна вэ гэдгийг шүүмжлэлтэйгээр харна. Кинонд зан заншлынхаа талаар оруулж өгснөөр дараагийн үедээ өвлүүлж  өгч байгаа юм.
Б.Догмид хэлэхдээ:  Бид кинонд үнэн түүхийг, үнэнийг өгүүлэх ёстой. Мэдээгүй зүйлийг мэдүүлэх, мартагдсан зүйлүүдийг ил гаргаж тавих ёстой. Үүний нэг жишээ нь “Адмирал” кино юм. ёстой л үзээгүй юмаа үзэж, мэдээгүй юмаа мэдэж,  дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсэн гэдэгтэй утга нэг болсон гэж үнэ цэнэтэй үгсээ хэлсэн байдаг. Үнэхээр үүх түүхээ мэддэг буруу зөвийг ялган таньдаг хүмүүсийн эдгээр үг өгүүлбэр алтнаас ч илүү үнэтэй билээ. Тиймээс манай сонины редакци соёл урлагийн буландаа Төрийн соёрхолт зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид гуайн шинэ уран бүтээл болох “Улаан тарианы хүүхдүүд буюу 505-ынхан” нэртэй уран сайханы киноны талаар ярилцлаа. Тэрээр уг бүтээлд Орос ган Орос хүний мөн чанарыг үзүүлэх ажээ. 
-Та түүхэн кино хийж байгаа. Ямар шалтгаанаар түүхэн кино хийхээр зорив?
-Дэлхийн 2-р дайн гэдэг бол агуу их дайн. Орос улсад агуу эх орны дайн хэмээн нэрлэсэн байдаг. Энэ дайнд олон сайхан эх орончид амь үрэгдэж олон сайхан эх орончид алдар гавьяа байгуулсан. Эндээс Валасовын армийн үлдэгдэл буюу 505-нхан гэдэг нэр томъёотой улсууд 1946 онд дайны дараа Монголд төмөр зам тавихаар орж ирсэн. Тэд эх орныхоо төлөө эцсээ хүртэл тулалдаад цагийн салхинд хэлмэгдэж урвасан хоригдол болж ирсэн залуу эх орончид байлаа. Тэдгээрийн хажуугаар сайн дурын төмөр замчид, хөлсний ажилчид, монгол ажилчид гээд түм буман хүн ажил хийж байсан. Монголд ойролцоогоор 30-40 мянган ажилчин ирсэн байдаг. Эдгээр хүмүүсийн хийж бүтээсэн зүйл маш их. Налайхын уурхайгаас бусад бүх ил, далд  уурхайнууд, Зүүн Баянгийн нефть үйлдвэрийг анх барьсан. Монголын хойд хилээс урд хил хүртэл 1110 км урт төмөр замыг 1946-1952 оны хооронд барьж дуусган ашиглалтанд өгсөн. Өнөөдөр энэ түүхт хүмүүсийг ирээдүй хойч үеийнхэн мэдэхгүй байна. Мэддэг хүмүүс нь ертөнцийн мөнх бусыг үзээд үүх түүх ярих хүн үгүй болж байна. Өнөөдөр энэ хүмүүсийг сайнаар байтугай муугаар дурсах хүмүүс Орост ч Монголд ч тэр алга.
-Энэ цаг үеийг Монголын их бүтээн байгуулалын үе гэж үзэж болох байх?
-Мэдээж энэ цаг үе бол их бүтээн байгуулалтын үе мөнөөс мөн. Их бүтээн байгуулалтын үед Монголыг төмөр замтай болгосон. Төмөр зам бол Монголыг гадаад ертөнцтэй холбосон дэвшилтэт бүтээн байгуулалт юм. Ачаа бараа, боловсрол, соёл иргэншил гээд сайн сайхан бүгд төмөр замыг даган орж ирсэн. Тэр ажлын явцад  их олон хүн үхэж үрэгдсэн. Аваар осолд орж, өвчин эмгэг тусаж, зарим нь  янз бүрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан. Тэдгээрийг  шууд буудчдаг. Гарынх нь номероор, номеротараар дарсан машинаар номерлосон хүмүүс байдаг байсан. Гараар нь тооцоо хийгээд тэр дорно нь бууддаг, гарыг нь аваад брезентэн уутанд хийгээд аваад явчдаг байсан. Гар дээрээ зургаа, долоо оронтой байсан гэхээр нэг сая хүнтэй гэсний баталгаа. Хаа буудсан газраа хаячаад яваад өгдөг. Заримыг нь булдаг заримыг нь булдаггүй ийм л байдалтай байсан. Өндөр боловсролтой офицерууд тэр байтугай Зөвлөлт Холбоот Улсын баатрууд орж ирсэн байдаг.
-Олон улстай монголыг холбосон төмөр зам тавихад Хятадын үзэл баримтлал ямар байв?
-Улаанбаатар төмөр замыг 1949 онд ашиглалтанд өгөөд урагшаагаа Замын- Үүд рүү төмөр зам тавих гэтэл Хятадууд зөвшөөрөхгүй байсан. Яагаад зөвшөөрөхгүй байсан гэхээр цэрэг стратегийн алсын бодлогоор Оросууд төмөр зам тавьж байна нэг өдөр л Хятадын хил дээр дайны бэлтгэл хийж байна хэмээн үзэж зөвшөөрдөггүй байсан. Яваандаа  цаг тайвширч  гурван улсын хэлэлцээр, улс орнуудын ерөнхий улс төрийн уур амьгал зөөлөрснөөс, мөн алс хэтийн ирээдүйгээ бодсон  уу 1952 онд Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтанд өгсөн байдаг. Нөгөө талаас анхдугаар таван жилийн төлөвлөгөөний өндөр шаардлагын он жилүүд 1946 оны үед эхлээд гурван жилээр явж тэгшитгээд дараа нь тав таван жилээр явсан ийм төлөвлөгөө байсан. Энэ бол дайны дараа энхийн хөдөлмөрт монголчууд эрвийх дэрвийхээрээ орж бүтээн байгуулалтын төлөө хүүхэд нялхасгүй оролцсон цаг мөч юм. Тэр байтугай цэргээс халагдаж ирсэн дарга офицерууд намын илгээлтээр ирж нэгдлийн дарга, сумын дарга, багш сурган хүмүүжүүлэгч, эмч бригадын дарга, тэр үеийн цэргийн дарга нар  тухайн үедээ боловсролтой хүнтэй ажиллаж сурсан хүмүүс байсан. Зэвсэг, машин техниктэй ажилладаг, цөөнгүй орос үг мэддэг цэргийн дарга нарыг улс ардын аж ахуйд энхийн хөдөлмөрт гаргаж байсан. Үүнээс хөдөлмөрийн баатар Чулуун, Аварзэд, Р.Мэнжүүр гээд арваад хүн Хөдөлмөрийн баатар болсон. Бүгд цэргийн дарга нар. Төмөр зам тавьсан хүмүүсээс үхэж үрэгдсэн хүмүүс маш их. Тэднийг оршуулсан оршуулгын газар хаа ч байдаггүй. Тухайн үеийн хүмүүсийн ярьдагаар төмөр замын далангийн шороонд хийгээд  дээрээс нь индүүдэж байсан гэцгээдэг. Ойролцоогоор нэг километрт нэг хүний хүүр байгаа гэж бодохоор ойлгомжтой шүү дээ. Хамгийн сүүлд ажил алба дуусаад, И.В.Сталиныг нас барсаны дараа  1953 оны 3 сарын 28 нд К.Е.Ворошиловын зарлиг гаргаж нэг хэсгийг нь цагаатгаж  сулласан, суллагдаагүй нэг хэсэг нь Алс дорнодын Сибирийн газрын доорх 200-400 метр гүний уурхайд орсон байдаг. Тэндээс амьд гарсан хүмүүс цөөхөн гэж ярьдаг. Валасовын арми нэг сая хүнтэй арми байсан.  Украйнд Виризискийн ой гэдэг газар Германы элит хоёр армид бүслэгдээд И.В.Сталинаас тушаал ирсэн байдаг. Ухарч болохгүй фрон сэтэлж гарч болохгүй. Бууж өгч болохгүй тэндээ байлдаад дуусга гэсэн тушаал ирсэн байдаг. Армийн генерал Валасов тэр армийг командалж байсан учраас тэр хүмүүсээ хайрлаад бууж өгсөн. 600 мянган хүн бууж өгч, 200-аад мянган хүн үхсэн. Үлдсэн нь фрон сэтлээд ухарсан. Ингээд дайны дараа Хаант засгийн үед эзэн хааныхаа төлөө тулалдаад Улаантнуудын цэрэгт үрэгдэн гадагшаа гарсан Цагаан хааны армийн үлдэгдэл сая гаруй хүнтэй  Германы цэрэгтэй нийлж Орос руу эргэж дайрсан гэдэг зохиомол хэргээр хэлмэгдүүлж тэдгээр хүмүүсийг  цэргийн солилцоогоор аваад бүгдийг хорогдол болгон тавьсан. Би энэ түүхийг кинондоо яг ингэж үзүүлээгүй.
-Зөвлөлт Холбоот Улсын баатруудаас Монголд үзүүлсэн нөлөө ямар байдаг вэ, тухайлбал?
-1917 онд Оросын улаан армитай байлдаад ялагдсан Цагаан хааны цэргүүд бут үсэрсэн. Монголд ч орж ирсэн байдаг. Тэгээд түүний гол цөмийг Барон Унгерн гэж  манайхан ярьдаг. Барон Унгерн 6000 мянган цэрэгтэй байсан. Азийн морин дивизийг монголд байгуулах гээд чадаагүй, дэмжлэг авч чадаагүй. Барон Унгерн  Атамон Сомоновын генерал хүн. Атамон Семенов бол Алс дорнодод очоод Алс дорнодын Бүгд найрамдах улсыг байгуулна гэж Япон улстай хэлэлцээр хийгээд байлдааны гурван крисор онгоц аваад Зүүн хойд талд хамгийн бөглүү хаягдсан ядуу Хайлаар, Манжуур, Харвин гэсэн хотуудыг Цагаан хааны Барон Унгерны алт эрдэнэс гэж ярьдаг. Тэр их өмч хөрөнгөөр Оросын хотуудыг босгосон. Нэг тал нь Хятад нөгөө тал нь Орос нэг тал нь Манж нөгөө тал нь Япон ийм ийм хотууд нэлээдгүй байдаг. Карбиныг одоо Хятадын Москва гэж ярьдаг. Үнэхээр сайхан хот байдаг. Энэ бол эзэн хаан Романовын өмч хөрөнгөөр боссон хотууд гэж ойлгож болно. Цагаан хааны титэм нь үхрийн нүд шиг том алмазан шигтгээтэй байх жишээтэй. Тэр байтугай үнэтэй ховор зургуудийг хүртэл авч гарсан байдаг. Барон Унгерн бол ганзаганы сумтай, ганзаганы алт мөнгөтэй дайн байлдаанд ордог. Барон Унгерн ялалт байгуулахдаа алтан гулдмаа гаргаж ирээд сүхээр цавчин цэргүүддээ шагнал болгож өгдөг байсан. Эхнэр хүүхдэдээ алтан шүд хийлгэж гоёж гоод хэмээн алт өгдөг. Тэр үед алт тугалаг хоёр адилхан үнэтэй байсан ийм цаг үе. Цагаан хааны хөрөнгө ямар их байсныг гэрчлэх нэг баримт бол Адмирал гэдэг сүүлийн үеийн Оросуудын хийсэн Больчакийн тухай кинон дээр бүх юм тодорхой гарч байгаа. Хоёр вагонд ачсан алтан гулдмааг Эрхүүгийн улаан Оросуудад дээрэмдүүлэхгүй чөлөөтэй гаргаж өгөх гэрээг Чехословак, Чехүүдтэй хийгээд Эрхүүд ирж алуулаад бүх алтаа дээрэмдүүлж байгаа талаар гардаг. 60 тонны хоёр вагон алт гэдэг бол маш их шүү дээ. Цагаан хааны алт эрдэнэс гэдэг бол замбараагүй их байсан. Барон Унгерныг хүрээг чөлөөлсных нь төлөө Богд хаан Хошой Чин Ван цол, тонн алтаар шагнаж байсан. Барон Унгерн яагаад Алс дорнод руу очихгүй энд байгаад байсан гэхээр Богд хаан явуулаагүй. Азийн морин дивизийг жинхэнэ үлгэрлэсэн дивиз болгож өгнө хүлээж бай гээд байлгаад байсан. Сүүлдээ Барон Унгерн залхаад бараг өөрөө баригдъя гэж бодсон гэдэг. Барон Унгернийг унтаж байхад нь хүлж хүчээр авч яваад цэргийн хээрийн шүүхээр оруулан Москвад аваачиж цаазаар авсан. Монгол дээлтэйгээ буудуулсан байдаг. Барон Унгернтай хамт ажиллаж байсан Г.К.Жуков, В.К.Блюхер гээд том генералууд Зөвлөлтийн улаан армийг командалж ялалтад хүргэж цэрэгчилж сургасан. Тэр үед улаан армийг командлах үндэсний цэргийн мэргэжилтэн генерал Орост байгаагүй. Эцсийн эцэст дайн тулааны хөлд 1917 оноос хойш 1960-аад оныг хүртэл олон сайхан эх орончид хог шороо мэт үрэгдсэн. Монголчууд өнөөдөр ач бучныг нь дурсах ёстой. Тэр байтугай Барон Унгерны хөшөө Монголд байх л ёстой. Барон Унгерн хүрээг чөлөөлөөгүй бол Зөвлөлтийн улаан армийг чөлөөлнө гэж байхгүй. Гоминданы цэрэг, Улаан арми хоёр хоорондоо харилцан үл довтолцохгүй гээд бие биендээ харилцан туслалцаж байсан нууц гэрээ ч байсан. Тийм учраас Барон Унгерны цэргээс дүрвээд Хиагтад очиж бүгсэн Гаминг улаан армийнхан Житийн төмөр замд суулгаж урагшаа буцаасан байдаг. Үүнийг манай түүхчид худлаа гуйвуулдаг. Тэдгээр улсуудын нэг гавьяа нь 1946 онд Баласовын арми Монголын бүтээн байгуулалтанд туслахаар орж ирэхэд Монголд дэд бүтэц гэж юу ч байгаагүй. Монголын 200 гаруй сумдын хооронд утсан харилцааны төмөр утасны модыг босгосон. Миний эцэг манай ээжийг төрөхөд түргэн дуудах гэж гурван морь цувуулж ирээд 90 километр газарт хамгийн сайн морьтойгоо аймаг дээр очиж 30 километрт нэг морьтой цувуулсаар аймаг дээр очиж эмч дуудаж байсан гэдэг. Хамгийн сүүлд унаж очсон морь нь 90 километр давхисан байдаг. Ганц утас тавиад түргэн дуудна гэдэг маш сайхан. Энэ бол хувьсгал. Өдгөө 300-аад суманд утсан харилцаа одоо болтол байж байна. Бүх уурхайг нь нээж өгсөн. 1934 онд аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан. Хатгалын ноос угаах онгоцны цагаан бензин, кокс, дизелийн түлш, улаан бензин гаргадаг том үйлдвэрүүдийг тэдгээр хүмүүс байгуулж өгсөн. Өнөөдөр Бакулад ажилаж байгаа Цагаан хааны тоног төхөөрөмж өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Монголчууд түүхээ худлаа бичдэг.
-Тэр үед монголчуудын хандлага ямар байсан бэ?
-Монголын ард түмэн улаан цэргүүдээ хоригдол гэж хэзээ ч бодож байгаагүй. Хүний ёсоор хүндэтгэж байсан. Төмөр утасны мод тавьж төмөр зам тавьж ядарч цуцаж байхад нь идээ ундаагаа барьж очиж, малаа тууж очдог байсан. Хөлийн ороолт байхгүй хөл нь улаан нялга болсон, хонины ноосоор хөлөө ороодог, хөхөвч даруулга байхгүй даавуугаар ороодог цэрэг ногоон цамцтай дандаа залуу охидууд байсан. Тэнд эмнэлэгийнхэн, холбооныхон, тэр байтугай нисгэгчид хүртэл байсан. Эдгээр хэлмэгдсэн хүмүүсийн тухай, Монголын бүтээн байгуулалт, хөгжилд амь биеэ зориулсан хүмүүсийн тухай, үнэхээр хүнд хэцүү үед байсан нөхдийн тухай өгүүлэх болно.
-Дайны үеийн үйл явцын ерөнхий байдал ямар байсан бэ?
-1946-1956 оны хооронд болсон Монголын дайны дараах их бүтээн байгуулалтыг Оросууд босгож өгсөн. Манайхан төмөр утасны мод ч босгож чадахгүй байсан шүү дээ. Маршал Чойбалсан улс төрийн их өндөр мэдрэмжтэй, алсын зөн совинтой, цэргийн том жанжин байсан гэдэг нь мэдэгддэг. Маршал Чойбалсан 1932 онд хэлсэн байдаг. “Дайн бол зайлшгүй Япон бол довтолно” гэж. Зүүн талаас бол ирнэ тиймээс Дарьгангын хязгаарт байгаа Манжийн төмөр сүрэг шилмэл овог, адуу малыг Хэрлэнгийн хөндий Дарьгангад үржүүлж хил хязгаар луу дөхүүлж ойртуулж бай. Зүүн хязгаарт эр морь хоёр нэг өдөр цуглах цаг ирнэ шүү гэж хэлсэн. 1932 он бол нам гүм байсан үе. 1936 оноос мөргөлдөөн гараад Япон наашаа өнгөлзөж эхэлсэн. Тэгээд 1939 онд дайн эхлэхэд манайх цэргээ аль хэдийн татсан морь бүх юм нь бэлэн байсан. Улаанбаатараас цэрэг мордоход Салдат толгойн орой дээр хүмүүс битүү бүчсэн байсан. /Одооны цайз захын зүүн толгой/. Тэнд хүмүүс очоод цэрэгт явах нэрээ бичүүлдэг. 1939 оны найман сард дайн дуусахад Маршал Чойбалсан офицеруудыг гурван жилийн хугацаатай буу зэвсэгтэй нь эх орон дуудна бэлэн бай гэж одон медиалаар шагнаад цол шагналыг нь нэмээд залуу сайхан офицерууд одон медиалаа зүүгээд таван тонны машинаар Баянзүрх, Богдхаан уулын зүүн сувгаар наашаа Улаанбаатарт ирэхэд явахад нь уйлж дуулж байсан хүүхнүүд нь нэг нь ч байхгүй. Бүгд Хятадын өвөрт орчихсон. Их наран улсын арми нарны цацрагтай тугаа намируулан орж ирэхэд халхын голд нэг удаа эхний хүлээн авалт, дараа нь Хэнтий аймагт, дараа нь Улаанбаатарт хүлээж авна гэсэн сценари хийсэн байсан. 1918 онд хүн амын бүдүүвчилсэн тооллогонд зөвхөн хүрээний хүмүүсийг тоолсон байдаг. Тэгэхэд 124 мянган хүнээс 70 гаруй мянган Хятад, 30 мянган Монгол 0,5 хувь нь Европ хүн байсан. Ер нь Улаанбаатар бол Хятадын үүр байсан. Улаанбаатарын унаган хүн бол эрлийз гэж ойлгож болно. Хятадууд бүгдийг гартаа атгасан байсан. 1964 онд Ю.Цэдэнбал дарга хөөж явуулсан. Эх орон газар шороо туурга тусгаар улс оршин тогтнохын үндэс нь эр нь хил хязгаараа манаж, эм нь энгэр хормойгоо хумиж байж энэ улс гүрэн оршин тогтноно. Манай монголын хүүхнүүд  үнэхээр замбараагүй. Дайны хүнд хэцүү үед  урваж шарваж байсан. Тухайлбал Агуу их Д.Нацагдоржийн эхнэр таван хэл мэддэг сэхээтэн Пагмадулам хүртэл хужаагийн өвөрт орсон байсан.
-Киноны төсөв санхүүгийн асуудлыг яаж шийдэж байна, ямар хүмүүстэй хамтран ажиллаж байна вэ?
-Киногоо найруулагч Солонгын хамт 500 сая төгрөгийн төсөвтэй, ямар ч дэмжлэггүйгээр найз нөхдийнхөө хөрөнгөөр хийж байна.
-Дэлгэцэнд хэзээ гарах вэ?
-Наадмын өмнө киногоо ард түмэндээ үзүүлэх ёстой хэмээн үзэж байгаа. Монголд сүүлийн үед гарч байгаа кинонууд дандаа алаан хядаан, инээд ханиад, хүчирхийлэл цус гаргасан, шоу цэнгээн, буудал гэх мэтийн зүйлүүдийг л гаргаж байна. Түүх өгүүлсэн кино огт байхгүй. Өнөөдөр төмөр замыг хэн тавьсан гээд асуухаар залуучууд америк гэж хэлж байна. Оросын ач буяныг мартаж болохгүй. Чингис хааны хэлсэн үг байдаг. Хойно долоон бурхан Алтангадас од байдаг. Агуу их гүрэн Орос орон байдаг. Тийм учраас хойшоо харан морь харж болохгүй гэж хэлсэн байдаг. Хойшоо харж мөргөж байх ёстой, хэзээ ч хөрш хоёр гүрнээ харааж огт болохгүй гэж хэлсэн байдаг шүү дээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш