logo
Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилох саналыг дэмжлээ

Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилох саналыг дэмжлээ

2012/01/26
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатарыг томилуулах асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын өмнө тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэх, тухайн ажлыг хариуцах мэргэжлийн ур чадвар, мэдлэг, ажлын туршлагыг нь харгалзан Н.Хүрэлбаатарын нэрийг Эрүүл мэндийн сайдад дэвшүүлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд Ерөнхий сайд С. Батболд, нэр дэвшигчээс асуулт асууж үг хэллээ.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн сайдад мэргэжлийн хүн томилоогүй. Энэ удаад эмнэлгийн салбарын анхан шатнаас бүх шатанд нь ажиллаж, энэ салбарын зовлон жаргалыг сайн мэддэг туршлагатай хүнийг нэр дэвшүүлэн оруулж ирснийг гишүүд хэлэлцүүлгийн үеэр сайшааж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, эмчилгээнд тавигдаж байгаа хяналтын тогтолцоо өнөөдөр төдийлөн сайн биш байгааг хэлж, шинээр томилогдох сайд хэдийгээр богино хугацаанд ажиллах гэж байгаа ч энэ асуудлыг шийдэх суурийг тавих боломж бий. Иймд залуу, мэргэжлийн хүн ирээдүйд чиглэсэн бодитой ажилд сэтгэл гаргаж ажиллаарай хэмээн зөвлөсөн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, юуны өмнө салбарын тогтолцооны өөрчлөлт хийх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийж тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хэллээ. Мөн өрхийн эмч нарын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарах, тэдэнд чиглэсэн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлж ажиллахыг хүслээ. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад хандан асуулт асуусан. Тэрбээр, Төрийн албаны хамгийн өндөр албан тушаал бол салбарын төрийн нарийн бичгийн дарга байдаг. Иймд төрд тангараг өргөсөн, тухайн салбарын санхүү, хүний нөөц гээд бүхий л асуудлыг зангидаж ажилладаг хүнийг заавал энэ суудалд тавих гээд байгааг шагналын журмаар нэр дэвшүүлж байна гэж ойлгож болох уу. Н.Хүрэлбаатарын хувьд тухайн салбараа сайн мэднэ. Өмнө нь С.Ламбаа сайд мэргэжлийн бус байсан ч өнгөрсөн хугацаанд сайн ажилласан гэж үзэж байгаа гэсэн юм. Түүний асуултад Ерөнхий сайд С.Батболд хариулахдаа, төрийн албанд сайн ажиллаж байгаа, салбараа сайн мэддэг хүнийг яагаад сайдаар тавих гээд байгаа юм бэ гэсэн таны асуултыг ойлгохгүй байна. Та өөрөө энэ салбарт хаанаас, хамгийн сайн салбараа мэддэг, мэргэжлийн хүн тавих нь зүйтэй гэж бодож байгаа юм бэ. Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд мэргэжлийн болоод, мэдлэг, ур чадварыг нь харгалзан үзэж Н.Хүрэлбаатарыг сайдад нэр дэвшүүлж байгаа гэсэн хариултыг өглөө.
Ингээд нэр дэвшигчээс асуух асуулт хариулт дууссаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилох саналыг дэмжлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш