logo
Манай оронд нийт усны сав газар 29 байна

Манай оронд нийт усны сав газар 29 байна

2012/01/26
УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Танилцуулгыг хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Ганбямба хийв. Тэрээр, Монголын байгаль орчин, тэр дундаа усны сав газар эзэнгүй байгаа тул хамгаалах зорилгоор энэ хуулийн төсөл оруулснаа хэлж байлаа. Түүний хэлснээр бол, манай оронд нийтдээ 29 усны сав газар байдаг юм байна. Эдгээрийн хамгаалалт, ашиглалт хангалтгүй, хууль эрх зүйн орчин нь мөн тааруухан буй тул эзэнгүй орхигдож, усны эх сав газар бохирдсоор байгааг гишүүн дурдаж байсан.
Төсөл санаачлагчийн хуулийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлэх болоход УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, усны асуудал тэр дундаа сав газрын тухай асуудал манай улсын хамгийн чухал эмзэг сэдвийн нэг гэдгийг хэлээд, “Морьт импэкс” гэдэг компанийн оруулсан усны эх сав газрыг хамгаалах иж бүрэн төсөл гайгүй болсон сураг дуулдсан. Түүнийг БОАЖЯ дэмжихгүй байгаагийн учир юу вэ гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хэлэхдээ, хууль бол энэ талаар хангалттай байгаа. Харин хэрэгжилтийн асуудал тун бүрхэг байдаг. Өмнөх хуулиудын хэрэгжилтийн байдал олигтой ахицгүй байхад бас нэг ижил төрлийн хууль санаачлаад явах нь хэр зохимжтой юм бол гэсэн байр суррьтай байсан.
Энэ талаар Н.Ганбямба гишүүн, үнэн шүү, 400 гаруй хуультай, 440-өөд төсөл хөтөлбөр хэрэгждэг юм билээ, байгал орчны чиглэлээр. Гэтэл хэрэгжилт нь тааруухан гэдэгт санал нэг байна. Харин энд санаачилж оруулсан төслийн тухайд эзэн биений, хариуцлагын тухай асуудал тусгагдаад байгаа юм гэлээ.
Үүн дээр нэмж Л.Гансүх сайд асан, бид ХЗЯ-тай хамтраад эдгээр олон хууль төслүүдийг нэлээд цэгцэлсэн байгаа. Системтэй явагдсан тул давхардал хийдэл арилсан байх гэж бодож байна. Хуулиудын хэрэгжилт муу байгаа нь үнэн ч багц хуулийн чиглэлд өнгөрсөн гурван жилд нэлээд зүйл хийж чадсан. Манай яамны хувьд хяналтын механизм нь байдаггүй тул энэ талын ажил орхигддог байх гэж байв.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, Д.Энхбат, Р.Буд нарын гишүүд үг хэлж, хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч, уг хуулийг ашигт малтмал уул, уурхайтай холбогдсон хуулийн дээр гарахуйцаар хийгдэх ёстойг сануулсан. Мөн гишүүд, хот суурины усны эх сав гэхээсээ илүүтэй хөдөө орон нутагт байгаа усны сав газар, гол мөрний бохирдолтод түлхүү анхаарах, усны стандарт Монголд ямар хэмжүүртэй байгаад анхаарах, бүх зүйлийг улсын нуруун дээр наахаас илүүтэй хувийн хэвшилтэй мөн хамтарч ажиллах гэх зэргээр санал бодлоо хэлж байлаа.
Эцэст нь гишүүд хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш