logo
Хоёрдугаар гурилаар гамбир хайрч голоо зогоосон борчууд

Хоёрдугаар гурилаар гамбир хайрч голоо зогоосон борчууд

2012/01/26
Дээрх сэдвийн мөрөөр Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг зорилоо. Бидний мэдэх Баянхошуу орчмын гэр хорооллыг эх адаггүй үргэлжлэх утаа нөмрөөд, зутруухан л байна. Иргэдийн худапдан авах чадвар ямар байгааг мэдэхээр Хөтөлийн буудлын замын эсрэг талын “Цагаан уул” зургаан нэрийн дэлгүүрээр орлоо. Дэлгүүрийг ажиглавал тийм ч олон нэр төрлийн бараа харагдсангүй. Нарийн боов гэхэд 4-5 хан төрөл. Махны хөргөгч нь бараг хоосон. Тал бөөр, жаахан уушгийг өөхтэй боогоод жижиглэн хэмээн 300 төгрөгөөр зарах аж. “Max үнэтэй болохоор үүнийг хүмүүс хушуураад л авдаг. Ер нь хотын захын гэр хорооллын иргэд 21 мянган төгрөгөөр бүтэн сарын хоол хүнсээ хангадаг шүү дээ” хэмээн худалдагч нь хэнэг ч үгүй хэлж суух юм. Үүгээр нэг өдрийн хоол болгодог гэхэд хэцүүхэн харагдаж байлаа. Ихэнх нь дотор өөх, сэмж ажээ. Эрүүл мэндийн хувьд яавч тохирох хоол биш болов уу.

Энэ дэлгүүр хүмүүст зээл ч нэлээдгүй олгодог бололтой. “Манай өр хэдэн төгрөг болсон. Мөнгө байгаа дээрээ өрөө төлнө өө” хэмээн орж ирэх хүн олон. Худалдагч хүртэл “Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө эндэхийн хүмүүс авсан бололтой. Овоо өрөө төлж байна. Зээл тавиад бараа өгөхөөр сүүлдээ бидэнд хэцүү болчихдог юм, Бараагаа ч татаж чадахгүй суух үе бишгүй” гэв. Зарим нь өрөө төлөөд мөнгө нь дуусдаг бололтой “Дахиад зээл авч болох уу” гэж байлаа. Ер нь эндэхийн иргэд хоол хүнсээ бөөндөж авна гэсэн ойлголт байдаггүй бололтой. Ихэнх нь л ширхэглэж авдаг аж.

Чингэлтэй дүүргийн долдугавр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Намиун” дэлгүүрийн худалдагч Х.Нэргүй
гуайтай уулзсан юм.

-Иргэд гурил будааг ихэвчлэн ямар хэмжээгээр авч байна?

-Уутаар нь буюу нэг кг-аар нь бараг авдаггүй. Өдөр тутмынхаа хоолонд буюу дээд тал нь 500 граммыг л авдаг. Дээд гурил бараг зарагддаггүй болохоор бид ч авчирдаггүй.

-Энд шинэ талх, гурилан бүтэгдэхүүн өдөр бүр ирж чаддаг уу?

-Талх бол өдөртөө ирдэг. Өдөрт 15 ширхэг талх авахад хангалттай. Хүмүүс тэр болгон авдаггүй юм. Талхаа ч худалдаж авч чадахгүй иргэд олон шүү дээ. Харин хоёрдугаар гурил манай энд их гүйлгээтэй. Хүмүүс хоёрдугаар гурил 500 гр-ыг худалдаж авчихаад хуурай гамбир хайрч иддэг гэсэн. Хагас кг гурил, нэг эсгэгч нийлээд 400 төгрөг болдог юм. Гамбираа тосгүйгээр зуухан дээрээ хайрч иддэг. Талхнаас арай хүртээмжтэй гэх юм. Ингээд бодохоор хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байгаа биз. Махны бараа хараагүй олон хонож байна гэж ярих хүмүүс ч зөндөө/ Хүний хөгжлийн сангийн менгө авахаар өгне гэсэн зээл ямар их байдаг гээч гээд худалдагч нэгэн дэвтэр үзүүлэв. Энэ дэвтрийн нэлээд олон хуудсыг өрийн данс эзэлжээ. “Гэхдээ би 5000 төгрөгөөс илүүг зээлдэггүй. Түүнээс их болохоор эргүүлж өгдөггүй юм. Мөн өрөө төлсөн тохиолдолд дахин зээл олгодог гэв.

Б.Цэцэг
Эх сурвалж: “Монголын Үнэн” сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш