2011 онд Афганистан дахь цэргүүдээ алдартнуудтай уулзуулахад Их Британийн БХЯ 600 мянга гаруй доллар зарцуулжээ. Нэгдсэн Вант Улсын БХЯ-ны сайд Филипп Хаммонд парламентын нэг гишүүний бичгээр ирүүлсэн асуулгад ингэж хариулсан байна.
«Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг зугаацуулах нь олон жилийн турш чухал арга хэмжээнд тооцогдож ирсэн. Хилийн чанадад байгаа цэргүүдийн соёлын арга хэмжээнд зориулан БХЯ жүжигчидтэй гэрээ байгуулдаг» гэж Хаммонд ярилаа.
2011 онд Британийн БХЯ цэргийн албан хаагчдынхаа сэтгэл санааг өөд татахын тулд «халуун цэгүүд»-эд шоу-бизнесийн нэртэй төлөөлөгчдийг хэд хэдэн удаа урьж ирүүлсэн байна. Жишээ нь, өнгөрсөн оны есдүгээр сард Афганистанд ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан Гильменд муж дахь «Кэмп Бэстион» цэргийн баазад дуучин Шерил Коулыг урин авчирч уран бүтээлээс нь толилуулжээ. Үүний сацуу хөл бөмбөгийн «од» Дэвид Бекхэм, дуучин Кэтрин Женкинс, тэрчлэн алдартай хөгжимчин, урьд нь армид алба хааж байсан Жеймс Блант нарыг цэргүүдтэй уулзуулсан байна.
Үүний сацуу Афганистан дахь цэргүүдтэй уулзсаных нь төлөө алдартнуудад урамшуулал өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ алдартнуудыг урьж ирүүлэх болон байрлуулахад гаргасан зардалд «Британийн татвар төлөгчдөөс маш бага мөнгө гарсан» гэж сайд мэдэгджээ.
З.Амгалан