Өнгөрсөн даваа гарагт Европын Холбоо /ЕХ/ Ираны нефтийн импортод хориг тавих шийдвэр гаргасантай холбоотойгоор дэлхийн зах дээл дээр нефтийн үнэ өссөн тухай Ройтер агентлаг мэдээлжээ.
Лондоны «IСE» (InterContinental Exchange Futures) бирж дээр гуравдугаар сард нийлүүлэх Brent Crude Oil маркийн нефтийн үнэ арилжаа дуусахад 0,72 доллароор өсч нэг торх нь 110,58 долларт хүрсэн байна.
Харин Нью-Йоркийн NYMEХ (New York Merchantile Exchange) бирж дээр америкийн хөнгөн чанарын Light Sweet Crude Oil маркийн нефтийн үнэ 1,25 доллароор өсч нэг торх нь 99,58 доллароор зарагджээ.
Ираны нефть болон нефтийн бүтээгдэхүүний импортод хориг тавих шинэ багц хориг арга хэмжээний хүрээнд Тегеранаас нефть худалдан авдаг ЕХ-ны гишүүн орнууд долдугаар сарын 1-нээс эхлэн нефтийн импортоо бүрэн зогсоохоор болсон байна.
Иранаас Европт нийлүүлдэг нефтийн ихэнхи буюу 68 хувийг нь Грек, Итали, Испани улсууд худалдан авдаг ажээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ