logo
Нэрэлхүү дамшиг /Хошин өгүүллэг/

Нэрэлхүү дамшиг /Хошин өгүүллэг/

2012/01/26
Зах нь үл харагдах говийн дунд дугуйтай ганц хүнийг хармагцаа Лутаа өвгөний нүд оройдоо гарав. Хурц наранд шарагдаж, халууцаж ядарсан шар толгойтой эр дөрөөгөө арай ядан жийж, жолоогоо замын элсэнд мурилзуулан зүтгэнэ. Гадаадын жуулчин бололтой энэ залуугийн шар царай, нүцгэн булчингууд наранд түлэгдээд, нүд хальтрам улаан ягаан болсон харагдана. Хүүхнийх шиг урт, буржгар үс нь ширэлдэн даахирч, шанааг нь дагаад шороотой хөлс урсжээ.

-Аймаг ортол гурван зуун килмээтэр. Энэ амьтан яана даа? гэж өвгөн үглэв.
-Доонийчихоод яг миний хүү шиг юм гээч. Нялх амьтан цангаж яваа. Аваад явъя! хэмээн Лутаа гуайн самган Долгор орь дуу болов. Аймаг орохоор өвгөний унаанд дайгдсан Намшир гуай харин толгой сэгсэрлээ.
-Наадуул чинь ингэж зовлогоо зовоож амардаг улс гэсэн. Сүүтэй цай өгөхөөр уухгүй, хар ус залгилчихаад явдаг барамнууд гэнэ лээ! гэж хэллээ. Ингээд Намшир “Ээ дээ, дэмий дээ” гэж үглэн, Лутаа, Долгор хоёр тэс зөрж зүтгэсээр хөөрхий ядарсан залууг машиндаа авч явах шийд гаргав. Өмнө нь гарч, зам хөндөлдөн зогсоход шар толгойтой залуу инээмсэглээд, мэндэлж байгаа бололтой хоёр үг хэлээд мэхийж байна. Лутаа гуай хуучин цагт орос гийлоогч нартай ойр дотно найзалж явсны хэрэг юу билээ, эдэнтэй хэл нэвтэрч ядах юмгүй гэж бардаад,
-Здравствуй, друг! Давай поедем на машине гээд жуулчин руу харлаа. Цаадах нь нүдээ том болгож, юу ч ойлгохгүй байгаа шинжтэй.


-Наадах чинь орос биш англи жуулчин. Яаж ойлгох вэ? гэж Намшир уцаартай дуугарлаа. Эмгэн өвгөн хоёр харь хэлтэй залууд тэрэгний ачаан дээр дугуйг чинь тавиад, өөрийг чинь арын суудалдаа аваад явна гэж дохиогоор ойлгуултал залуу,

-Өө, но но! гэж чанга хашгирч, гараа зангалаа. Тэгснээ хоёр дугуйт унаагаа заагаад, би өөрөө дугуйгаараа явна гэж байгаа бололтой дохио үзүүлж, хан янхийсэн харь аялгатай хэлээрээ баахан ярьж тайлбарлалаа.
-Ална ч гээд байгаа юм уу, тална ч гээд байгаа юм уу бүү мэд гэснээ Лутаа гуай толгой сэгсэрлээ. Долгор харин уурлаж,

-Нүгэл гэм. Юуны чинь алах. Номхон томоотой хүү байна даг! гэж өвгөнөө зэмлэлээ. Лутаа гуай залуу жуулчны царай руу харан бодол болж байснаа,

-Хөөрхий минь, замын зардалгүй гэдгээ учирлаад байгаа юм биш үү? гэж сэрхийтэл сэтгээд, хашгиран босч ирэв.
-Яаг тийм байж таарах нь! гэж гэж самган нь дуу алдлаа. Өвгөн,

-Деньги не надо! гэж хэлэнгээ өврөө ухан, зузаан бор түрийвчээ гаргаж, арван мянгатын дэвсгэрт харуулаад, гар хуруугаа гозолзуулан дохиж эхэллээ. Сохор зоос ч авахгүй гэдгээ өвгөн сайн гэгч тайлбарлаж, балай хүн ч ойлгохоор дохиж үзүүллээ.

Жуулчин залуу дахиад л толгой сэгсэрч, өнөөх “Но но”-гоо хэлэн, улам олон үг шулганан зогсоно.
-Хөөрхий минь, биднийг дээрэмчин тонуулчин гэж айгаад байх шиг байна гэж Долгор эмээ шивнэхэд,
-Магадгүй шүү! Харц нь айсан шинжтэй. Биднийг цагдаад хэлээд сүйд хийх юм биш үү? Орхиод явцгаая! гэж Намшир уулга алдлаа.

-Мы не бандиты! гэж Лутааг тайлбарлахад, найз өвгөний нь тэвчээр барагдав.
-Орос биш гэж мэдсээр байж л оросоор донгосоод байх юм аа, чи! гэж ундууцлаа.
-Чи тэгээд англи хэл мэдэх юм уу? гээд Лутаа гуай дүрсхийтэл уурлав. Барилцаад авах нь холгүй. Хөөрхий залуу, хоёр өвгөн рүү айсан харцаар ширтэн, бүжин нүдээ бүлтэлзүүлнэ. Долгор гуай үүнийг нь харж зогссоноо залууг өрөвдөж,

-Миний муу доёгор хүү хүний газар ингэж л зүдэрч яваа байх даа гээд нулимсаа арчлаа. Америкт сурдаг бага хүүгээ санаснаас болоод цээж нь бачуурсан нь энэ. Эмгэн залууг арын суудалд суу гэж эелдэг дохиод, толгойг нь иллээ. Залуу гуйсан харцаар ширтээд,

-Но но.., гэснээ бас л баахан юм ярилаа. Гурван хөгшин ойлгосонгүй.
-Наад хүү чинь нэрэлхээд байна аа! Миний найз монхор Коля бас нэрэлхүү гэж дүүрчихсэн золиг байгаагүй юу! Би мах сүү өгөхдөө хүчээр тэргэнд нь тавьж явуулдаг байсан шүү дээ! гэж Лутаа хөгшин хашгирлаа.


-Яг үнэн. Нэрэлхээд байгаа ухаантай юм байна! гэж Долгор эмгэн хэлээд, дугуйг нь шүүрч аваад, ачаа өөдөө өргөлөө. Залуугийн цэнхэр нүд айдсаар дүүрч, дугуйнаасаа зуурч, цахдан чирэгдэнэ. Лутаа гуай түүн рүү инээмсэглэж, далыг нь эелдэг алгадаад,

-Хүү минь, нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа. Өвөөгийнхөө тэргэнд тухтай суугаад яв! Энэ жилийн ноолуураар авсан цоо шинэ эд дээ! гэж хэлэх зуураа залууг ухасхийн хөлдөж аваад, хүүхэд шиг өргөн хойд суудалдаа шидлээ.

-Ээ дээ, хэдүүлээ хэрэгт орчих юм биш үү! гээд, Намшир зогсоо зайгүй үглэнэ. Хүчинд автагдан орос тэргэнд суусан англи залуу замын турш Монголыг тойрох дугуйн аялал хийж яваагаа учирлаж, би буцаад яг энэ газартаа ирж цааш аялах гэж өчнөөн чирэгдэл болно гэж тайлбарлаж явлаа. Харамсалтай нь гурван хөгшин нэг ч үг ойлгосонгүй. Лутаа гуай,

-Нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа, хүү минь гэх өнөөх үгээ хэлж, тарган хонины чанасан мах, нуугисан сайхан айргийг ам руу нь цутган дайлж явлаа. Намшир гуай байн байн уулга алдаж,

-Ээ дээ, буулгачихсан нь дээр биш үү? гэж үглэж байлаа. Аймгийн зочид буудлын үүдэнд ирж зорчигчоо буулгасан хөгшид гараа занган баяртай гээд, буржгар шар толгойтой харийн хүүгийн хацар дээр үнсээд хөдөлцгөөв.

-Нэрэлхүү ч дамшиг бол доо! гэж Лутаа гуай хэллээ.
-Яг л миний хүү шиг гэж Долгор уулга алдаад, нулимсаа арчлаа. Харь хэлийн залуу харин, тус болох гэж үнэн сэтгэлээсээ зүтгэсэн, цагаан цайлган хөгшдийн сэтгэлийг бодож, дотроо буцлах бухимдлаа хүчлэн барьж зогслоо. Орос тэрэг булан тойрон далд ороход, толгой эргүүлэн дөнгөж сая ирсэн зам руугаа хараад, “Буцах унаа олохоос доо” гэж өөртөө хэлээд санаа алдлаа.

А.Амарсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш