logo
Долоон хожгор, нэг можгор /Хошин өгүүллэг/

Долоон хожгор, нэг можгор /Хошин өгүүллэг/

2012/01/27
Нэг можгор долоон хожгорыг “тэжээнэ” гэдэг их хурлын гишүүдээс илүү овжин,гүйлгээ ухаантай,үнэг гүйцэм зальтай,хэрэгтэй үед уснаас хуурай гарч чадах заль мэхтэй байж гэмээнэ хийх “ажил” юм.Жижиг үйлдвэрүүд том матруудынхаа аманд залгиулдаг зах зээлийн зарчмаар аав ээж хоёр ажилгүй болсоноос хойш хэлгий ганц эгч,сургуулийн насны дөрвөн дүүгээ мөр бүтэн тэжээж,энэ айлыг авч явах үүрэг надад байгалийн шалгарлаар тулгарсан билээ.

Болсон болоогүй хувийн нэг дээд сургуулийг төгссөн ухаантай ч багын нэг хүнд дээрэлхүүлээд байдаггүй зохих хувийг нь тааруулаад өгчихдөг хор шартай зан минь эрээн бараан амьдрал дундаас “хоол”-оо олж идэх “арга”-ыг өөрийн эрхгүй өлсөх ходоодны шүүстэй минь нийлээд “учраа олж,хужраа тунгааж” яваа санаатай.Ажил хайж гутлынхаа улыг цоортол явлаа.Гурав дахь гутлынхаа өсгийг далий гишгэхээс өмнө ажил олж хийх гэж их хичээсэн.Гэвч зах дээр тэрэг түрэхээс өөр ажил олдсонгүй.Нэг удаа тэргээ түрээд явж байтал гутлын лангууны нэг ахыг хоёр залуу заамдаж аваад мөнгө нэхэж байхад нь тааралдав.Хөөрхий,надаар бараагаа зөөлгөж их “тус” болсон ах л даа.Юу юугүй дундуур нь давхиж ороод салгах гэтэл нь нэг нь бүдүүн дуугаар,

-Хойшоо байгаагаарай,муу матар минь.Нөгөө ертөнцөд захиад явуулчихна шүү гэж сүрдүүллээ.Би зодолдох зай аваад,

-Наад ахыгаа тавьчих,оронд нь намайг хүссэнээрээ зод.Эмнэлэг явуулна уу,эрлэгт явуулна уу та бүхний таалал мэдтүгэй гэж өдөв.Нөгөө хоёр над руу нударга зангидаад дайраад ирэхэд нь нэг нэг оновчтой цохилт явууллаа.Хариугүй амьтад сүрэл чихсэн шуудай шиг нисдэг байгаа...Түүнээс хойш захын лангууныхнаас мөнгө төгрөг рекетлэх гэсэн гаруудыг “захиалгаар” очиж “намнадаг” болов.”Цалин хөлс” нэмэгдлээ.Захын хэдэн тэрэгчингүүдээ “дээрэлхсэн” новшнуудыг хүртэл гайгүй сайн хашрааж өглөө...Зах дээр миний рейтинг суга өсөв.Захын босс намайг өрөөндөө хүлээж авч уулзав.Хөлөөс минь толгой хүртэл мэлхий нүдээрээ сонжин харсанаа,

-Хаана чи ингэж зодолдож сурсан юм гэж асуулаа.

-Сурах ч юу байх вэ.Гудамжныхаа “овгор”-уудтай дээр дороо орж явсаар сүүлийн үед илтэд сайжраад байгаа юм гэж бардамхан хэлж орхив.Босс янжуураа асаан,хайрцагаа буцааж тавих гэсэнээ татах уу гэж байгаа бололтой над руу дохилоо.Би толгой сэгсрэв.Шүүгээнээсээ босс шилтэй виски гаргаж,хоёр болор хундаганд хийгээд наашаа ойртоод суу гэж нахилзлаа.Тэрээр ихэд сэтгэл хөдөлсөн бололтой гүрээний судас нь “Жалам хар” бүжиглэж байгаа мэт оволзоно.

-За,ийм байна.Би чиний “зодолдож байгаа” бичлэгийг үзсэн.Надад таалагдлаа.Надад ч бас хувийн “проблем” байна.Манай захын хувьцааг “дээрэмдэх” гээд хэдэн үл бүтэх нөхдүүд намайг “шантааж”-лаад байгаа юм.Чи тэднийг жаахан “хашраагаад” өгөх хэрэгтэй байна.Маргааш орой би тэдэнтэй уулын амны нэг амралтын газар уулзахаар тохиролцчихсон гэлээ.Миний толгойд баахан киноны кадрууд эмх замбараагүй эргэлдэв.”Зоригт эрийн дууль” ч гарч байх шиг.”Боолын гэрээ” ч явж байх шиг.Эцэст нь эмзэг бүлгийн “өрөвдөлт” долоон хожгороо бодлоо.Тэгээд боссын амалсан мөнгөн дүнг сонсоод “за” гэж өөрийн эрхгүй чангаар хэлж орхив.Тоолж үзээгүй тэр их мөнгөний дүр зураг нүдэнд харагдсаар нэг мэдэхэд уулын модон дотор чоно шиг төрхтэй дөрвөн “араатан”-тай уулыг дов болтол довыг тал болтол “үнэн авъяасыг үзүүлэн”хамрынхаа ясыг хугартал “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцсан” юм.

Нүдэнд мөнгө л харагдаад байв.”Одоо болно “ гэх боссын дуугаар би “үхлийн цохилт” хийх гэж байсан гараа татаж авав.Тулалдаан миний “ялалтаар” дууссан ч хугарсан хамраа “янзлуулахаар” улаан цусаа урсгаж боссын хар жийпийг хөлөглөн гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлэв.Эмнэлгээс гарсанаас хойших миний амьдрал, эмнэлэгт хэвтэхээс өмнөх миний амьдрал тэнгэр газар хоёр шиг ялгаатай байжээ.Баянхошуунаас Баянзүрхэд байранд оров.Ажилгүй аавдаа “такси” авч өглөө.Ээж хүнсний зах дээр хэлгий эгчтэй минь хамт лангуу түрээслэв.Сайран хацартай гурван хөвгүүн,нэг “хэрүүлч” охин  хэлний сургалттай сургуульд оров.

Нэг нь “танк юү”,нөгөө нь “данкэ ши” гээд.Гурав дахь “бакиал” нь “мэхси” гэдэг болов.Охин дүү хятадаар “ши ши” гэж нахилзана.Миний ажил төрлийн хүрээ тэллээ.Боссын танил боссууд надаар хэд хэдэн өстөнтэйгөө уламжлалт “тулалдаан” хийлгэсэний дараа миний алдар нэр бизнесийн хүрээнийхний дунд ихээхэн алдаршив.Би өөрөө нэг компани байгууллаа.Нэр нь “Дорны бар”.Компаний үйл ажиллагааны голлох үүрэг өстөнгүүдээс “хариу авах” шаардлагатай ч тодорхой хүрээний бизнес дундаас хөөрхөн ашиг олоод өөрийгөө бомбойтол борлуулаад явна.Манай компаний үйл ажиллагаанд долоон хожгор минь автоматаар татагдаж ирэхэд хэлгий эгч маань орлогч захирлын албанд тохоогдож,өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлж явуулах болов.

Аав үүдний жижүүр болно гэж зүтгэсээр байгаад хүссэндээ хүрлээ.Ээж болохоор үйлчлүүлэгч нарыг ирэхэд ус буцалгаад липтон цай май зөөгөөд байгаад юмуу,нэг л их хэрэгтэй хүн таварцаглаад гүйгээд байх юм.Нөгөө гурван банди яахав,миний машин тэргийг арчсан байдалтай  компаний байраар гүйх их дуртай.Эрхээрээ хатсан мондинууд зочин хүлээж авах өрөөний зөөлөн буйдан дээр нэг нэгээрээ хөлөө морьдуулж суучихаад “Ноён Намтайшираа””Ноён Бат-Эрдэнээ” гээд хоорондоо “хошгирч” тоглоно.Охин дүү гэрсэгээрээ гэрээ сахиж үлдэнэ.Тэд үүнийгээ надад тусалж байгаа гэж тайлбарлана.

Би тэдэнд өөрийнхөө хийж байгаа “ажлыг” огт тайлбарладаггүй юм.Нүүр амныхаа шархыг “тэмцээнд” ороод гэж “зайлуулаад” сурчихлаа.Хэлгий эгч маань л нэг өрөөнд суудагаараа “Наад нүүлээ халаач.Хүн аймаал юм” гэж хааяа үглэнэ.Эгч маань уул нь монгол хэл уран зохиолын багш хүн.Хүүхдүүд дооглоод байхаар нь “сайн дураараа” ажилгүйчүүдийн эгнээнд орсон хувь заяаны эвлэршгүй түүхтэй...Түрүүн би хэлсэн дээ,үйл ажиллагаа минь өргөжөөд гэж.Үнэхээр хангай говь шиг өргөжлөө.Хоёр намын дарга хоорондоо муудалцаанд “алаан хядаан”-даа хүрч надаар нэгнийгээ “номхруулах”-ыг хүслээ.

Улсын их хурлын нэг гишүүн авгайгийнхаа “сүүл” залууг “сургаад өгөөч” гэж гуйлаа.Нэг банкны захирал хотын нэг зартай “хулигаан”-д хэдэн зуун сая төгрөг зээлүүлээд авч чадахгүй байна гэж бачимдав.Боксын улсын шигшээгийн дасгалжуулагч үгэнд ордоггүй дэлхийн аваргад “номын дуу” сонсгоод өгөхийг хүсэв.Тэлээгүй нэг баян тэнгэрээс “том” хүүгээ мансууруулах бодис хэрэглээд буурлынхаа буяныг барлаа,ирж “ойлгуулаад өг” гэж дүрэмдлээ.Засгийн газрын сайд Англид сурдаг хүүхдээ “ягааны гудамжаар” зугаалаад хичээл номоо хийхгүй байна.

Нөгөө аймаар “юм”-тай болохоос өмнө хэд “ороолгоод” өг л дөө гэж уйлагнав.Мөрдөн байцаах газрын нэг хурандаа “тоглоомчин” хүүгийнхээ тоосыг гөвөөд өг гэж “захиалга” өглөө.Хонго нь “хорссон” улсаар дүүрэн юм даа миний эх орон.Цааз өгөөд ухаардаггүй,цаасан буугаар “буудаад” хүмүүждэггүй тэнэгүүд дүүрэн..Дээр нь энэ дээдчүүл “болохоо” байсан улс юм.Яаж төр “авч явдаг” бол? Байж байгаагий нь хар даа.Хоорондоо гуя гуяараа нийлээд хичнээн ч “бүлэглэл” байдаг юм.Нэг гэрээ батлах болоход хятадын тал,солонгосын тал,австралийн тал,оросын тал гээд хоорондоо эхнэрээ булаацалдаж байгаа мэт талцаад “хэрэлдэнэ”.Заримдаа надад тусгай бэлтгэгдсэн “военный мастер”-тай эрэгчин эмэгчнээ үзэх үе ч тохиолдож байлаа.Тэр бүхэнд би өөрийн боловсруулсан “банди зодооноор” хариу барина.Цагтаа гэлэн явсан хамаатны хөгшнөөс уламжлагдаж ирсэн “Шадивлан сүмийн нууц” гэдэг банди зодооны урлагын судар надад мөн ч их хэрэг болсон доо.Хоосон гэрийн униар дүүрэн дүүжилсэн үлээсэн гүзээнүүдэд оногдохгүй бүгдийг нь биендээ хүргэлгүй цохиод гарч ирнэ гэдэг том “чадвар” шүү.

Ам халаад зодооны “нууц”-аа дэлгэх шахлаа.Амаа татъя аа..Биеийн хамгаалагч нарын курс нээлээ.Олон компаниас хүсэлт ирсэн.Эзнээ хамгаалж чадахгүй хүний гарын шүүс болгодог тэдэнд “хичээл” заана гэдэг гахай хариулахаас бэрхтэй байлаа.Нэг л том хувцасны шүүгээ шиг дарлийсан юмнууд.Юм сурна гэж байхгүй.Муу эр мод чулуу гэдгээр юм л бол гар буугаа юмуу бороохойгоо шүүрнэ.Ерөнхийлөгчийн бие хамгаалагч нарт хүртэл “мэргэжлийн түвшин” тогтоох сургалт явууллаа.Манай ерөнхийлөгчийн амь нас одоо алзахгүй байх аа.Обама шиг мэргэн буудагч нараар хүрээлүүлэх шаардлагагүй болсон...Ажил төрөл урагштай байх ямар сайхан юм бэ?Кинон дээр гардаг даа,гол баатар эхлээд навс зодуулж байгаад бараг л хөл дээрээ зогсож чадахгүй болсоноо өрсөлдөгчөө нам тавьдаг.Амьдрал дээр бол өөр шүү дээ.

Эхэлж л алтан “цэгээ” олж нам “дарах”-гүй бол “алуулна” шүү дээ...Японд нэг “гишүүн”-ий хүүхдийг Якузана нар “дарамтлаад” байхаар нь “томилолт”-оор очиж нам “дарсан” юм.Самуурайн илдэнд оногдохгүй тэднийг “номхотгоно” гэдэг жинхэнэ авъяас шаардсан “үхлийн тулаан” болж билээ.Японд одоо бол намайг андахгүй ээ.”Өглөөний сар” гэж нэрлэдэг гэсэн...Солонгосоос ч бас сүүлийн үед захиалга их ирэх болсон.Цалингаа өгөхгүй “унждаг” хэдэн “том ахыг” өмдөнд нь шээлгэсэнээс хойш миний нэр дээр контейнер контейнер сүүжүү,Касс шар айраг ирэх болсон.Ким Ду Хан-д тоглосон жүжигчин өөрөө ирж надтай зургаа “патиардуулсан” гээд бод доо.Компаний минь гадаад харилцаа өргөжихийн хирээр хэлний мэдлэгтэй ажилтан авах шаардлагатай болсоноос үүдэн Азийн топ модель хэдэн охид ажилд авчихлаа.

Компаний нүүр царай гэж бодсон юм.Тэгтэл өөр компаний эзэд охидуудыг минь “эргүүлээд” ажил хийлгэх янзгүй.Алтны компаний нэг хүүхэн харахаараа “араа” нь “мултарчихдаг”нөхөртэй “муур хулгана” болж “хөөцөлдөж” байгаад хоёр охиноо алдчихлаа.Тэр ч цуутай эр гэсэн л дээ.Аятайхан бүсгүй харах юм бол алтны уурхайн лиценцээ өгөхөөс ч буцдаггүй гэж сонссон.Сүүлдээ хүүхнээс болж дампуураад шүүх цагдаагаар “зугаалж” явдаг болсон гэдэг юм. Нөгөөгий нь репчин гэнүү нэг элэг авмаар хувцасласан алиа салбадай залуу цонхны дор уйлж дуулсаар байгаад аваад явчихав.Манай компани зөвхөн бусдын захиалгаар үйлчилдэг болохоор охидуудаа буцааж авчрах гэж би тэдэнтэй “самуун” үүсгэсэнгүй...Ёстой ерөөлөөрөө болог гээд орхилоо.

Мартсанаас алтны компаний тэр шар сэмжилсэн захирал татварын албаны даргыг “сургаад өгөөч” гэж над дээр ирсэн.Засагт “орох” ёстой мөнгийг замаас нь луйвардаад яах вэ гээд би больсон.Ер нь би багын шударгадуу зантай.Хүн алахгүй хүрээ талахгүй гэсэн лоозонтой.Янз янзын л захиалга ирдэг юм.Тэр болгонд “яваад” байна ч хаа байх вэ.Нэг удаа Эрхүүгийн мафийнхан “Нутаг залгаа хөрш байна даа чи,Новосибирскийн нэг зартай этгээдийг “дуугий” нь багасгаад нам долгион дээр “тавиад” өгөөч гэж гуйсан.Би шууд л “Не могу” л гэсэн.Тэрний оронд нутгийнхаа хүмүүжилгүй нөхдөө “сургаад” хэвтэж байсан нь дээр байдаг юм.Яахаасаа ч буцахгүй довон дээрээ догширсон юмнууд мундахгүй.Хорих ангийн дарга надад нэг “тушаал” өглөө.Төрөхөөсөө эхлээд шахуу “нарс”-ны нааран дээр заларч,адууны махны шөлөөр бараг бүх насаараа хооллож яваа луугар.

Хэдэн хуягаараа “массаж” хийлгэх нь халаггүй “эрхэлдэг” бүгд найрамдахаа “уншуулсан” хирнээ бүрэн “эрхээ” эдлэн тарвалздаг овгор л доо.Улс орны захиалга юм байна гээд би очсон.Хоёр элэгдсэн.”Ээж ээ байяа” гэж орилсон.Сүнс нь зайлсан л даа хөөрхий амьтан...Жадтай буу барьчихаад нөгөө хэдийнх нь туулай шигий нь яанаа.Жаахан “зүрх”-тэй байж болдоггүй л юм байх даа...Төрийн чухал даалгавар биелүүллээ гээд хууль зүйн яамнаас баярын бичгээр шагнуулсан шүү.За тэр ч яахав,зах дээр ажилладаг нөхдүүд маань намайг урьсан юм.Бодвол,өршөөлийн зарлигаар гарсан хэн нэгэн арын хаалганы “атаман” манай хэдийг “үймүүлсэн” бололтой юм шиг байгаа юм урьдчилсан прогнозоор...Гарахаар бостол утас дуугарав.

Гадаад явдлын яамнаас ярьж байна.Олон улсын үзэсгэлэнгийн үеэр алдар цуутай нэг бөх халамцуу “доргиж” гадаадын төлөөлөгч нарыг айлгаж ичээгээд байна.Тусгайгийнхан түүнийг “эрүүлжүүлэхээр” авч яваад бүгдээрээ талаар нэг “шидүүлчихлээ” гэх нь тэр.Можгор нь очихоос доо...Манайхан жаахан нэр нүүртэй,мөнгө цаастай болохоороо хүнээ байчих юм.Ажил юм чинь очихоос доо...Галзуу арслантай биш аварга ч гэсэн амьд хүнтэй “тулах” гэж байгаа юм байна.Айж ичээд ч байх юу билээ.Бөх хүн бүдүүн өвсөнд унадаг даа...Цуппари хийхээс нь амжиж  улаан суга руу нь ганц “гижигдэнэ”дээ...Орой очиход долоон хожгор минь сайхан банштай цай хийгээд сууж байгаасай.Ойрд ажил гэсээр байгаад олигтой хоол унд идээгүй юм байна...

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш