logo
Д.Ганбаяр: Манай бүжгийн спорт бусад орныхоос хоцроогүй яваа

Д.Ганбаяр: Манай бүжгийн спорт бусад орныхоос хоцроогүй яваа

2012/01/28
Монгол улсын цэнгээнт бүжгийн улсын уралдааны есөн удаагийн аврага ХААИС-ийн дэргэдэх “Хатан Туул” хамтлаг 1995 онд байгуулагдаж байсан түүхтэй. Өнөөг хүртэл залгамж халаагаа бэлтгэсээр ирсэн. “Хатан Туул хамтлаг”2010 онд зохиогдсон Dance sport Festival-2010 Европын цэнгээнт бүжиг Латин Америкийн бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн амжилттай. “Хатан Туул” хамтлагийн багш Д.Ганбаяртай цөөн хором ярилцлаа.
-Хатан туул хамтлаг дэлхийн бүжгийн спортын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Тэмцээнд нийтдээ 21 орон оролцсоноос Хатан Туул хамтлаг 16-д шалгарч үлдсэн. Европын сайн сайн шилдэг багууд өрсөлдсөн   тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд оролцох эрхийг манай хамтлаг бүжгийн спортын чадвараараа олж авсан. Монголын бүжгийн спортын холбооноос зохиогдсон тэмцээнд амжилттай оролцож  Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээр шагнуулсан. Дэлхийн аваргын тэмцээнд явахын тулд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай болох нь мэдээж. Гадны тэмцээн уралдаанд ороход хөрөнгө санхүү  маш их шаардагддаг.
-Ер нь хөрөнгө санхүүгээс өөр ямар бэршээлтэй асуудал тулгардаг вэ?
-Бэрхшээлтэй асуудлууд ер нь байна л даа. Жишээ нь Монголын Бүжгийн спортын холбооны дунд үл ойлголцох асуудал гарч ирдэг. Шинээр гарч ирж буй хамтлагийг хаан боогдуулах   асуудал байна. Гэхдээ  сүүлийн үед энэ байдал харьцангуй гайгүй болж бие биенээ ойлгож байгаа нь сайшаалтай. Монголын бүжгийн спортын холбоо монголд бүжгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Дээрээс нь бүжгийн спортыг сайн хөгжүүлэхэд менежментийн асуудал учир дутагдалтай байна. Үүнд нэлээд анхаарах хэрэгтэй  гэж би хувьдаа боддог.
-Манай бүжигчдийг гадаадын бүжигчидтэй харьцуулвал ямар байна вэ?
-Монголын Цэнгээнт бүжгийн хөгжил  20 гаруй жилийн өмнө зохиогдож байсан Боловсрол  тэмцээнээс гаралтай. Энэ нь сүүлдээ Хаврын баяр нэртэй болсон. Хаврын баяр тэмцээнийг өдий хүртэл тасалдуулахгүй авч явж байгаа нь үнэхээр сайшаалтай юм. Монголын бүжгийн спортын холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтраад ажиллавал илүү үр дүнтэй. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад өгөөжтэй ажиллаж чадах болов уу гэж би хувьдаа найдаж явдаг.
-Дэлхийн бүжгийн аврага шалгаруулах тэмцээнийг үзэж байхад аль орны бүжигчид илүү байсан бэ?
-Энэхүү тэмцээн нь олон улсын түвшинд мэргэжлийн болон пропорцианаль /сонирхогчийн/ гэж явдаг. Монголд  мэргэжлийн бүжгийн спорт 2009 оны сүүлээр үүсэн байгуулагдсан. Монголын бүжгийн спортын ерөнхий нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байгаа. Бид монголд бүжгийн спортыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадахгүй ч гэсэн сайн сайн бүжигчдийг олон улсад гаргая. Мэргэжлийн багштай болъё. Мэргэжлийн чадварлаг бүжигчидтэй болъё. Энэ үүднээс нэлээд том алхам хийнэ гэдгийг баттай хэлж чадна.
-Хатан Туул хамтлагийн олон улсын чанартай тэмцээн уралдаанд гаргасан амжилтуудаас сонирхуулвал?
-Олон улсын тэмцээнд  монголчууд төдийлөн сайн амжилт үзүүлээгүй байгаа. Монголын цэнгээнт бүжгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа олон сайхан хамтлагууд байна л даа. Стар, Улаан сарнай хамтлаг олон улсын түвшинд гарч эхэлж байгаа. Монголдоо гаргасан амжилт гэвэл 2010 оны Хаврын баярт нэгдүгээр байр, 2009 онд зохиогдсон улсын аврага шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байр тус тус эзэлж байсан.
-Хамтлагийн амжилт дасгалжуулагч багштай салшгүй холбоотой байдаг. Хатан Туул хамтлаг шагнал авч байхад танд юу бодогддог вэ?
-Миний хувьд Монголын цэнгээнт бүжгийн хөгжилд  10 гаруй жил зүтгэж байна. Хүүхэд байхаасаа л бүжиглэж Хатан туул хамтлагт  өдгөө багшилж байна. Хүүхэд байхдаа хүсэж мөрөөдөж байсан ажлаа хийгээд явж байна. Хүн дуртай ажлаа хийнэ гэдэг бол үнэхээрийн аз жаргал байдаг. Монголын бүжгийн спортыг олон улсын тавцанд өөрийнхөө Монгол стандарт бүжгээ гаргасандаа баяртай байна. Монгол стандарт бүжиг нь монгол үндэснийхээ ая аялгуугаар бүтсэн юм. Монгол  аялгууг цэнгээнт бүжигтэй холбон ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн бид гадныхныг хуулбарлаж дуурайдаг. Үүнийхээ оронд монгол үндэснийхээ аялгуутай цэнгээнт бүжгээ хослуулах хэрэгтэй гэж боддог юм. Хатан туул хамтлаг монголдоо Стандарт бүжгийн яалт ч үгүй номер нэг хамтлаг хэмээн тодорхойлогдож байгаа. Хатан туул хамтлаг өнгөрөгч онд бүжгийн спортын  улсын аврага болсон.
-Хатан Туул хамтлагийн цаашдын зорилгыг тодорхойлвол?
-Цэнгээнт бүжиг сонирхогч хүмүүстэй хамтран энэ бүжгийн спортыг хөгжүүлнэ хэмээн бодож байгаа. Ямарч байсан дэлхийн  хэмжээний  тэмцээнээс медаль авах зорилготой ажиллаж байна. Үүнийхээ төлөө хичээх болно. Мөн цэнгээнт бүжгийг хөгжүүлэхэд Соёл урлагийн Их сургуулийн багш , Бүжгийн тэнхимийн эрхлэгч Алтанцэцэг багш маань маш том хувь нэмэр оруулж байгаа. Цэнгээнт бүжгийн хамгийн анхны үүсгэн байгуулагч нь манай Алтанцэцэг багш шүү дээ.
-Танд цаашид төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?
-Миний хамгийн гол зорилго бол Хатан Туул хамтлагийн төлөө шавь нарынхаа төлөө ажиллана гэж бодож төлөвлөж байна. Би Дарханы бүжгийн спортын ерөнхий нарийн бичгийн даргаар бас ажиллаж байсан. Энэ хугацаанд Дарханы бүжгийн спортын хороог хөл дээр нь босгосон. Манай клубээс маш сайн сайн бүжигчид төрөн  гарсан. Хамгийн отгон нь Батгэрэл, Нандин-Эрдэнэ. Энэ хоёр маань Монгол улсын спортын дэд мастер цол хүртсэн. Ирэх жилээс олон улсад гарч бүжиглэнэ.    Манай бүжгийн спорт бусад орныхоос хоцроогүй яваа. Бид эв нэгдэлтэй байвал  ихийг хийж бүтээж чадна.
Б.Отгонцэцэг
Эх сурвалж:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш