logo
Сансрын хог хаягдал дэлхийд аюул учруулж байна

Сансрын хог хаягдал дэлхийд аюул учруулж байна

2012/01/28

Холливудын нэгэн кинонд Нью-Йорк хотын азгүй оршин суугчдын дээрээс дэлхийн тойрог замаас гарсан сансрын хиймэл дагуулын хэлтэрхий унаж байгаа үзэгдэл гардаг. Мэдээж энэ бол кино зохиолчдын бичсэн зохиомж гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бодит амьдрал дээр ийм аюул нүүрлэх магадлал өндөр байгаа гэнэ. Тэр байтугай аливаа бүхэнд хуучинсаг бөгөөд прагматик ханддаг гэгддэг АНУ хүртэл «Сансар судлалын ёс зүйн хэм хэмжээг» боловсруулахад нэгдэхээр шийджээ.

Дэлхий орчмын орон зайд мөрдөгддөг, бичигдээгүй боловч бусдад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журмын дагуу үүрэг авсан гэдгээр үйл ажиллагаагаа хязгаарлан “хөл гараа хүлээтэй” байлгахыг АНУ өдийг хүртэл хүсэхгүй байсан. Гэсэн хэдий ч америкийн энэ прагматик хандлага үеэ өнгөрөөж байгаа бололтой.

АНУ ёс зүйтэй сансрын дүрмийг боловсруулахад оролцох болно гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон саяхан олны өмнө мэдэгдсэн юм.

Ингээд энэ маш чухал сэдэв анх хэрхэн хөндөгдөх болсныг эргэн санацгаая. 2007-2008 онд европчууд сансрын орон зайд аливаа үйл ажиллагаа явуулах үед сайн дураараа мөрдөх ерөнхий хэм хэмжээг тусгасан төсөл боловсруулж байжээ.

Европчуудын тооцоолсноор, одоогийн байдлаар дэлхий орчмын орон зайд хэдэн мянган ажиллагаатай сансрын аппарат байгаа ба үүнээс 500 гаруй нь өөрсдийгөө сансарт давамгайлдаг гэж үздэг Америкийнх юм.

Статистикийн мэдээнээс үзвэл, тойрог зам дахь сансрын хог хаягдлын хэмжээ асар их болжээ. Янз бүрийн тооцоогоор, манай гарагийн тойрог замд 12851 ширхэг томоохон хиймэл объект байгаа гэнэ. Хэрвээ бүгдийг нь ангилан хуваавал, тэдгээрийн 3190 нь одоо ажиллаж байгаа болон ажиллагаанаас гарсан хиймэл дагуулууд юм.

Харин 9661 нь пуужингийн угсраа хэсэг гэх мэт бусад хог хаягдал ажээ.

Түүнээс гадна, 1-10 см хэмжээтэй сансрын өчүүхэн жижиг хэмжээтэй хог хаягдлын тоо 200 мянгад хүрсэн байж магадгүй гэж үзэж байна. Харин нэгээс бага см-ын хэмжээтэй хог хаягдлуудын тоо хэдэн арван саяас давжээ.

Ийм хог хаягдлуудтай холбоотой элдэв янзын осол сансарт байнга гардаг байна. Тухайлбал, 1983 онд нэг миллиметрийн диаметртэй өчүүхэн хаягдал Америкийн сансрын аппаратны гэгээвчинд нэлээд том цууралт үүсгэж байв. 1996 оны долдугаар сард Францын хиймэл дагуул 660 орчим км-ын өндөрт «Ариан» пуужингийн гурав дахь угсраа пуужинтай мөргөлдсөн байна.

2001 онд Олон улсын сансрын станц Америкийн сансрын нисгэгчийн гээсэн 7 кг-ийн жинтэй багажтай золтой л мөргөлдчихөөгүй юм. 2006 оны гуравдугаар сарын 26-нд сансрын хог хаягдалтай мөргөлдсөний улмаас «Экспресс-АМ11» хиймэл дагуулд маш том гэмтэл гарсан байна. 2009 оны хоёрдугаар сарын 10- нд Америкийн арилжааны хиймэл дагуулын компанийн 1997 онд хөөргөсөн «Иридиум» холбооны хиймэл дагуул нь оросуудын 1993 онд хөөргөж, 1995 онд ашиглалтаас гаргасан «Космос-2251» гэдэг цэргийн зориулалттай хиймэл дагуултай мөргөлджээ. Үнэндээ бол сансарт хөглөрсөн хог хаягдалтай холбоотой ослыг энэ мэтээр тоочиж баршгүй юм.

Тэр байтугай долоохон см-ын хэмжээтэй хэлтэрхий нь одоо Олон улсын сансрын станцын идэвхитэй ашиглагддаг хиймэл дагуулын системд ноцтой хор хөнөөл учруулахаар аюултай гэнэ.

Ажиллагаагүй болсон Оросын цэргийн хиймэл дагуул Америкийн «Иридиум» төрлийн цэргийн холбооны хиймэл дагуултай мөргөлдсөний дараахан буюу 2009 онд Женев хотноо «Сансар судлалын ёс зүйн хэм хэмжээний» талаарх төслийг сансрын салбарын мэргэжилтнүүд танилцуулжээ.

Уг хоёр объект мөргөлдөх үед 800 орчим нэгж хог хаягдал сансарт цацагдсан байна.

Дэлхий орчмын тойрог замд шинэ хог хаягдал бий болгохгүй байх хоёр арга байгааг эрдэмтэд танилцуулжээ. Тэдгээрийн нэг нь зөөгч пуужингийн хэлтэрхийг тэдгээрийн бүхээгт байгаа түлшийг ашиглан тойрог замаас гаргах арга юм. Харин хоёр дахь нь ашиглалтаас гарсан сансрын аппаратуудыг алсын тойрог зам руу аваачих явдал.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 1993 оны арванхоёрдугаар сард гаргасан «Сансрын үйл ажиллагаа хүрээлэн буй орчинд нөлөөлж байгаа нь» гэдэг нэртэй илтгэл тавьсны дараа дэлхийн орчмын тойрог замын орон зай хог хаягдлаар дүүрч байгаа тухай асуудал олон улсын түвшинд яригдах болжээ. Уг илтгэлд дээрх асуудал олон улсын шинжтэй болохыг онцлон дурдсан байна.

НҮБ-ын сансар огторгуйн асуудал хариуцсан газраас мэдээлснээр, бүр 2009 оны аравдугаар сарын байдлаар 300 мянга орчим элдэв хаягдал дэлхийн тойрог замд байжээ. Харин одоо 2000 орчим км-ын өндөрт орших ойрын тойрог замд 50 мянган тонн «эзэнгүй» хог хаягдал байгаа гэнэ. Эдгээр объектуудын дийлэнхи нь тойрог замын налуу талбайд оршиж байгаа учраас хоорондоо зөрөн өнгөрөх хурд нь секундэд 10 мянган метр байдаг гэнэ. Ийм өндөр хурдтай үед асар их кинетик энергийн нөөц бий болж байдаг тул эдгээр объектууд сансрын нисэх төхөөрөмжтэй мөргөлдвөл уг төхөөрөмжийг ашиглалтаас гаргаж болзошгүй юм.

НҮБ-аас өнгөрсөн онд нийтэлсэн илтгэлээс үзвэл, сансарт байгаа хог хаягдлын 40 хувийг Хятад, 27,5 хувийг АНУ, 25,5 хувийг Орос, 7 орчим хувийг бусад улс орнууд бий болгожээ. Яагаад Хятад улс ийм их хэмжээний хогийг сансарт хаях болов? Хятадууд өөрийн гэсэн сансрын технологийг хөгжүүлэхийг тун их хичээж байгаа боловч бүтэлгүйтсээр байгаа юм.

Д.Жаргал
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш