logo
Япон улс ажиллах хүчний дутагдалд орж байна

Япон улс ажиллах хүчний дутагдалд орж байна

2012/01/31
Дэлхийн  хаана ч явсан Вий Компьютер тоглоом, Хонда 4 дугуйтай мотоцикл, Тоёота Приус, Сони, Панасоник телевиз, Найкон зургийн аппарат гээд японы бараа бүтээгдэхүүнтэй өдөр тутам таардаг. 1950-иад оноос эхлэн Япончууд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ дэлхийг хангаж эхэлсэн. Дотоодын эдийн засаг ч гайхамшигтай тэлжээ. 1980-аад оны сүүлч гэхэд Япон улс дэлхийн хамгийн баян улсуудын нэг болсон байлаа. Тэгвэл энэ жилээс эхлэн дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч хүч болсон Японы эдийн засгийн өсөлт удааширч эхэлжээ. Өөрөөр хэлбэл Япон улс сүүлийн 30-аад жилийн дотор анх удаа гадаад худалдаандаа алдагдал хүлээсэн юм. Импортолсон бүтээгдэхүүн нь экспортоосоо давсан гэсэн үг юм. Гэхдээ зарим баян орнуудын хувьд импорт нь экспортоосоо давах нь тийм ч муу биш. Жишээ нь АНУ 1970-аад оноос эхлэн гадаад худалдаандаа алдагдал хүлээж эхэлсэн. Гадаад өрийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа Тэглээ гээд эдийн засаг нь сүйрчихээгүй. Гэхдээ АНУ-ын эдийн засаг Японыг бодвол экспортоос бага хамаардаг. Харин Японы хүчирхэг байсан эдийн засаг бараг 100 хувь экспортоос хамаардаг. Яагаад дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болж байсан Японы эдийн засгийн өсөлт буурав. Наран улсын эрх баригчид өнгөрсөн онд болсон хүчтэй газар хөдлөлт болон цунамигаас болж эдийн засгийн өсөлт удааширсан гэж тайлбарлаж байгаа. Фүкүшима АЦС-д гарсан ослоос  болж, Японы эрчим хүчний үйлдвэрлэл доголдсон. Эрчим хүчнийхээ хэрэгцээг хангахын тулд Ойрхи Дорнодоос өндөр үнээр их хэмжээний газрын тос худалдаж авахаас өөр аргагүй болсон. Гэхдээ дэлхийн эдийн засгчдын үзэж байгаагаагаар угаасаа удааширч байсан  Японы эдийн засгийн өсөлтийг байгалийн гамшиг нэмж хүндрүүлсэн болохоос байгалийн гамшгаас болж эдийн засгийн өсөлт нь гэнэт зогсчихоогүй байна. Угаасаа Япон бүтээгдэхүүн аажмаар өрсөлдөх чадвараа алдаж эхэлж байж. Арлын улс ажиллах хүчээр дутмаг болж байсан. Хөрш Хятад болон бусад Азийн улс орнууд хямд үнээр илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай болсон. Японд бараа үйлдвэрлэх өртөг нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцээд иений доллартай харьцах ханш нэмэгдэж эхэлсэн. Тоёота компаний захирал Японд үйлдвэрлэл явуулах боломжгүй болж байгааг ил тод мэдэгдсэн. Японд насжилт хурдтай явагдаж байгаатай холбогдуулан  ажиллах хүчний дутагдалд орж байгаа. 1990-2007 оны хооронд Японы ажил хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсийн тоо 86-аас 83 сая болтлоо буурсан. Харин энэ хугацаанд АНУ-ын 15-64 насны иргэдийн тоо 160 саяаас 200 сая болтлоо  нэмэгдсэн. 2001-2010 оны хооронд Японы эдийн засаг 0.7-1 хувийн өсөлттэй байсан. АНУ-ын дунджаар 1.6 хувь, Европын орнуудын эдийн засаг 1 орчим хувийн өсөлттэй байсан. ДНБ-ий өсөлтөөр Япон улс Европ болон АНУ-ыг ардаа орхисон. Өөрөөр хэлбэл Японы эдийн засаг  ажиллах хүчнээр дутаж байна. Гэсэн ч Япон хүмүүсийн амжиргаа маш дээгүүр хэвээр байна. Тиймээс иргэд эдийн засгаа өөрчлөх зэрэг нийгмийн өөрчлөлт хийхийг эрх баригчдаасаа шаардахгүй байна.  Тэгэхээр Японы эдийн засгийн өсөлт санхүү эдийн засгийн бодлогоос бус харин ажиллах хүч дутагдаж байгаа нийт хүн амаас нь шалтгаалж байна гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хийж байна.  Гэхдээ л Японы өрсөлдөх чадвар өдөр ирэх тутам буурсаар байгааг Наран улсын иргэд хүлээн зөвшөөрч, эрх баригчид Японд нээж болох үйлдвэрийг нэмж барих, ажиллах хүчийг нэмэгдүүлэхийн тулд цагаачлалыг дэмжих, гаднаас ажиллах хүч авах, өндөр настай хүмүүст зориулж зарцуулж байгаа тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн мөнгөө багасгах замаар өрөө багасгаж, эдийн засгаа эргэж хөл дээр нь босгох хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байна. Дэлхийн хамгийн хурдан аж үйлдвэржсэн Япон улсын  өрийн хэмжээ түүхэндээ хамгийн өндөр буюу ДНБ-тэй харьцуулахад 211 хувьтай тэнцэж байна. Гаднаас нэмж мөнгө зээлсээр байвал Токио илүү хүнд хямралд өртөнө гэж эдийн засагчид анхааруулж байгаа. Нэгэнт аж үйлдвэржиж баян чинээлэг болсон улсуудын хувьд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх амаргүй. Ялангуяа ардчилсан улс бол бүр ч хүнд. Амжиргааны төвшин буурах үед ард иргэд нь нийгмийн халамж үйлчилгээ тэтгэвэр тэтгэмж нэхэж эхэлдэг. Нэгэнт амьдралын хэв маяг нь өндөр болсон орны иргэд бууруулахыг хүсдэггүй. Энэ замаар АНУ орж, одоо эдийн засаг нь хүнд байгаа. 1960, 70, 80-аад онд Японы эдийн засаг дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болж байсан. Харин одоо Япончууд нэгэнт тогтсон эдийн засгийн системдээ өөрчлөлт хийж чадахгүйгээсээ болж, эдийн засгийн өсөлт нь удааширсаар байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш