Массачусеттс мужийн захирагч асан Мит Ромни АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх анхан шатны сунгаанд өрсөлдөөд эхлэнгүүт түүний шүтдэг Мормоны шашин буюу албан ёсоор Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдин Сүм (ЕХХҮГС) гэх Христийн нэг урсгалын шашин олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Мит Ромниг 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад түүнийг этгээд Мормоны шашин шүтдэг гэж шүүмжилж, түүний нэр хүндэд ихээхэн нөлөөлж байсан юм. Пью судалгааны төвөөс гаргасан судалгаагаар Мормоны шашин шүтдэг хүмүүс Америкийн нийгэмд гадуурхагддаг гэсэн судалгаа гарчээ. Юта мужийн Солт Лэйк хотын дарга Камерон Калдерын ярьж байгаагаар хүн болгон Мормоны шашны талаар янз бүрийн ойлголттой байдаг ч гэсэн нийгэмд Мормоны шашин шүтдэг хүмүүсийн талаар буруу ташаа ойлголт байдаг. Гэхдээ Мит Ромни Ерөнхийлөгч болоход түүний юу шүтдэг нь хамаагүй, нөлөөлөх сонгуулийн кампанит ажилд нь нөлөөлөх ёсгүй юм байна. Солт Лэйк хотын дарга асан Жеф Хорн Мормоны шашны талаар өөдрөг үзэлтэй байдаг аж. Түүнийхээр бол харин ч хүмүүс Мормоны шашинтнуудыг илүү хүндэтгэж, шашныг илүү ойлгож хүлээн авдаг болсноор барахгүй гишүүдийн тоо нь нэмэгдэж байгаа юм байна. Мормоны шашин нь 1820-иод оноос дэлгэрсэн бөгөөд тухайн үедээ Полигами буюу 1 хүн олон эхнэр авдаг байсан. Харин Мормон шашны удирдлагууд 19-р зуунд АНУ-ын Үндсэн хуулийн дагуу олон эхнэр авахыг хориглодог болсон ч одоо хүртэл хүмүүсийн дунд Мормончууд бол полигами гэсэн ташаа ойлголт байдаг гэнэ. Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Мит Ромниг түүний юу шүтдэгээр нь бус харин түүний урд нь удирдаж байсан Бэйн Капитал санхүүгийн компанийн үйл ажиллагаагаар нь шүүж, дүгнэж байгаа юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар Мит Ромни зориуд шашин шүтлэгээсээ хүмүүсийн анхаарлыг холдуулж, Бэйн Капитал компаниараа сонгуулийн кампанит ажил өрнүүлж байж магадгүй юм байна.
Shuum.mn
Shuum.mn