АНУ-ын тэнгисийн хүчний “NAVY SEAL” буюу “Далайн хав” нэртэй тусгай хүчин нэгэн эрсдэлтэй алхам хийж, Сомалид ажиллаж байгаад зэвсэгт дайчдад барьцаалагдсан тусламжийн ажилтнуудын амжилттай суллаж, амийг нь аварсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Эрсдэлтэй гэдгийн учир нь 1996 онд нэгдсэн улсын тэнгисийн хүчин иргэний дайнд болж байсан Сомали улсын зэвсэгт бүлгийн нэгэн зартай толгойлогчийг устгах цэргийн ажиллагааны үеэр “Хар Харцага” нэртэй нисдэг тэргээ устгуулж цэргийн албан хаагчдаа эрсдэлд оруулж байсан юм. Сомалид үйл ажиллагаа явуулж байсан НҮБ-ын ажилтнуудыг нутгаасаа хөөн зайлуулж байсан Сомалийн зэвсэгт бүлгийн толгойлогчийг баривчлах ажиллагааны үеээр Америкийн нисдэг тэрэг осолдож, даалгавраа биелүүлж байсан цэргийн албан хаагчид тусламж авч чадалгүй Сомалийн дайчидтай тулалдаж 19 цэрэг амь үрэгдсэн юм. Харин Сомалийн талаас мянга гаруй зэвсэгт дайчин амиа алдаж байв. Гэсэн ч энэ удаагийн тусламжийн ажилтнуудыг суллах ажиллагаа амжилттай явагджээ. Цагаан ордны тэргүүн Барак Обама цэргийн ажиллагаа амжилттай болсонд талархаж, Батлан хамгаалахын сайд Леон Панеттад баяр хүргэсэн байна. Учир нь Панетта цэргийн ажиллагааг удирдаж явуулсан юм. АНУ-ын зэвсэгт хүчин болон Холбооны Мөрдөх Товчоо сураггүй алга болоод байсан Жессика Букайнан болон Пол Фийстэд гэх тусламжийн ажилтнуудыг өнгөрсөн 10 сараас хойш хайж байсан юм. Тусламжийн ажилтнууд АНУ-ын иргэд байсан бөгөөд тэдний хаана барьцаалагдаад байгаа нь мэдэгдэхгүй байв. Осама Бин Ладенг олж устгасан “Далайн хав” нэртэй тусгай хүчний анги нэгтгэлийн 6 албан хаагч шөнө дунд шүхрээр бууж, тусламжийн ажилтнуудыг барьцаалаад байсан тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн 9 зэвсэгт дайчныг устгаж тэднийг сулласан байна. Барьцаалагдаад байсан тусламжийн ажилтнуудыг нисдэг тэргээр аюулгүй газар буюу Жибути улсад байрлах Нэгдсэн Улсын цэргийн баазад аваачсан байна. Хэдийгээр тусламжийн ажилтнууд суллагдсан ч Сомалид АНУ-ын өөр нэг иргэн болон Өмнөд Солонгос, Филлипин улсын иргэд Сомалийн өөр зэвсэгт бүлэгт баьцаалагдсан хэвээр байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn