logo
Шинэчлэл /Шог өгүүллэг/

Шинэчлэл /Шог өгүүллэг/

2012/01/31
Байгууллагын дарга шинээр томилогдож ирүүтээ Горбачеваас илүү “Шинэчлэлт” хийлээ.Бүтцийн өөрчлөлт нэрээр орон тооны дөчин ажилтан, ажилчидаас хорь гаруйг “бурхны цээрлэл” үзүүлж,ажилгүйчүүдийн эгнээнд “гэнэт халагдсан”-ы мөнгөн тэтгэмжээр “халамжлан” илгээв.Энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмад ажилтан “Үндсэн хөрөнгө” хочтой нягтлан Дулмаа гуай доголон нулимсаа унагаасаар ажлаа хүлээлгэн өгөхөд “Өндөр ээж” кино шиг өөрийн эрхгүй өрөвдөлтэй харагдаж билээ.Насандаа “суух” болсон хэдий ч толгой гэж “комьпютер” хөгшин.Байгууллагын санхүү тооцоо,”хар данс” хамаг сайн муу бүгдийг цээжээрээ мэднэ.Аягүй бол дор подволд хэдэн хулгана амьдардагыг ч мэдэх хүн дээ...Дэд дарга,нарийн бичигтэйгээ,санхүүгийн хэлтсийн хоёр нягтлан бодогч,төсөв төлөвлөгөөний хэлтсийн нэг ажилтан,программын инженер хоёр,үүдний гурван сахиул өвгөн,манаач, үйлчлэгч тус бүр хоёр,орчуулагч,зөөгч,гаражын  засварчин,ажилчдын автобусны жолооч,туслах тогооч,аж ахуйн ачигч,туслах аж ахуйн малчин,малын эмч,байгууллагын амралтын газрын зохион байгуулагч тус бүр нэжгээд хүн энэ байгууллагын хоол “хороох” хэрэггүй болов.Санхүүгийн хэлтэс,төсвийн хэлтэстэй нэгдэж нэг ахлах мэргэжилтэн түүнийг толгойлно.Ерөнхийнүүдийг бүгдийг нь “тэтгэвэрт” гаргаж орон тоо хэмнэв..Бүгд  интернет дээр программаа зохиож ажиллах үүргийг дарга өгөв.Даргын жолооч өдрийн цагаар жижүүр хийнэ.Шөнийн манааны оронд цагдаагийн дохиололын албыг холболоо.Албан хаагчдыг англи хэлний сургалтанд хамааруулж,өрөө бүрийг сүүлийн үеийн комьпютерээр тоноглов.

Дөрвөн цэвэрлэгчээс нас залуу, гунхсан, нуруу туруугаараа шалгарч үлдсэн хоёр залуухан үйлчлэгч “тал” өдөр “хийдэг” байсан ажлаа “бүтэн” өдөрт амжуулах гэж хөлсөө урсган,”хов” ярьж суудаг жижиг өрөөндөө орж,хүйтэн цай “залгих” завгүй болов.Тэдэнд шал угаадаг цахилгаан машин,сүүлийн үеийн автомат тоос сорогч авч өгсөн тул программын инженерүүдээс ганцаар торойн “үлдсэн” миний бие хоёр үйлчлэгчийг “техник”-ээ ажиллуулж чадахгүй “гацвал” очиж тусалдаг” засварчны ажил” нэмэгдлээ.Мөн даргын жолоочийн “жижүүрийн” ажилд тусалж,камер дурангын жигд ажиллагааг шалгаж,бичлэгийг хянах зэрэг олон “даалгавартай” болсон тул танилцаад далан хоёр цаг болж байгаа хайрт хонгор бүсгүйдээ “мэйссаж” бичих завгүй “азгүй амраг” болов.”Завтай” үедээ интернетээр “мөнгө олох” ажлаа орхиж,худалдааны төвийн хамгаалалтын албаны ажилтан шиг камерын дэлгэц ширтэн,байгууллагын хаалгаар хэн орж гарч байгаа,гараажын механик гарааждаа гадны тэрэг оруулсан үгүйг хянаж,даргад илтгэдэг “лут том” үүрэг хүлээлээ.Ерөөсөө миний “камеран” нүдэнд өртдөггүй нэг ч ажилтан,албан хаагч, ажилчин байхгүй тул даргын сиймхийг ашиглаад гадуур гарч хувийн ажлаа зохицуулдаг үл бүтэх “этгээдүүд” надад “авилгал” өгөх гэж ар өврөөр гүйлдээд, сохорсон биш завшив гэдэг шиг хайрт бүсгүйнхээ утсыг хүссэн цагт нь“цэнэглээд” өгөх “бэл бэнчин” тасрахгүй.Миний бичлэгийг устгаарай гээд хүүхнүүд нь “хөөрхөн” инээгээд,харчуул нь элэгсэгээр мөр алгадаад алга болно. Механик засварчны ажлаа өөрөө гардаж хийхийн зэрэгцээ ажилчдын автобусыг барина.Сантехникийн слесарь цахилгаанчны  “үүрэг” давхар гүйцэтгэнэ.Бас ачиж буулгах хамаг ажилд “зарцлаг”-дана.Зөөгч,туслах ажилчингүй болсон тогооч хамаг ажлаа нуруундаа үүрсэндээ тэр үү “сайн уу” гэхэд дуугарах ч үгүй болсон байна лээ.Зуу гаруй хилийн жинтэй бүдүүн авгай байсан юм.

Ганцаараа ажилладаг болсоноос хойш зөндөө туржээ.”Та ямар их тураа вэ?Турах эм ууж байна уу?” гэж асуугаад санхүүгийн тасгийн Гомбо золтой л хоолны “порц”-оороо “хэлмэгдэх” шахсангүй.Аж ахуйн даамал “бөгшөө” Данзан гуай туслах аж ахуй,амралтын газар,контор,агуулах дөрвийнхөө дунд гүйсээр байгаад бүр “бөглөрч” үхэх нь ээ.Арга ядахадаа тамхиа “хаятал” хуучнаасаа илүү бөгшиж ханиалгах ажээ.Туслах аж ахуйд нэг малчны орон тоо хассан учир адуучин Дондог гахай “хариулах” шинэ мэргэжилтэй болов.Ногоочин өвөрмонгол Улаантуяа  тахиа “тэжээх” шинэ албатай болжээ.Амралтын сахиул өдрөөр байгууллагын хонийг хариулна.Хэрэгцээ гарвал туслах аж ахуйн тракторыг барьж,аж ахуйн даамал Данзанд хань бараа болно.Амралтын эмч Цэцгээ туслах аж ахуйн хээлтүүлгийн ажлыг давхар хариуцана.Манай байгууллагад хүн бүр хоёроос гурван хүний ажлыг давхар хийх болсон ч төсөв мөнгө хэмнэж байгаа болохоор шагнал урамшил гэж байхаа больсон.Байгууллагын ойн баяраар гучин таван жил ажилласан “үндсэн хөрөнгө” Дулмаа гуайд яамны баярын бичиг,байгууллагын талархалын хуудас,хоолны халуун сав,нэг ширхэг сарнай цэцэг өгсөн юм.Аж ахуйн даамал Данзан гуайд бараг “барааны саван” өгөөгүй байх.Өгсөн ч байж магадгүй.Гоё чамин хайрцагтай,саван шиг үнэртэй зүйлийг сахлын нэг удаагийн хутгатай өгсөнийг санаж байна.Харин дарга өөрөө “Алтан гадас” одон авч,байгууллагын амралтанд хамт олноороо нэг өдөр үнэгүй амарч,шарсан тахианы мах дундаа хувааж идсэн билээ.

Хорин хүний дунд хоёр шил “Хараа” архи,таван литр айраг гаргалаа.Аманд ч үгүй хамарт ч айраг дуусчихаад байхад ахиж авчрах уу гэхийн оронд гэдсээ цүрийтэл айраг уулаа гээд дарга гүзээгээ дарсаныг яана.Уусан аяга нь архины нэг муу хятад жижигхэн шаазан тагш шүү.Пийжүүг харин ходоодны хирээр уулаа...Ийм л нарийндаа хатсан “дарга” юм бол уу гэж бодож байтал “Авилгалтай тэмцэх газар”-аас дуудаад аваад явсан чинь хөөрхий биднээс “харамлаад” байсан болохоос өөрөөсөө “харамлаагүй” байсан юм билээ.Байгууллагын “хөрөнгөөр” парлемантад суудалтай нэг намд “хандив” өргөчихсөн байжээ.Тэгээд “дээлээ нөмрөөд” явсан.Удсан ч үгүй “шинэ” дарга ирлээ.Хууль бусаар халагдсан гээд хуучин ажилчидаа буцааж авсан төдийгүй нэмж арваас илүү хүний орон тоо бөөндөв..Гараажын механик дээр гараажын дарга,хоёр засварчин,гурван жолооч нэмэгдэв.Хувийн машины засварын газар шиг тэнд байнга даргын танил, найз нөхдийн машин тэргийг засна.Шөнө болохоор гадны баахан машин тавьчихна.Сантехникч маань “хос” мэргэжлээ орхиод цахилгаанчин,салхивчын засварчин гэдэг “хос” найзтай болоод өрөөндөө “очкоов” тоглоод тамхи баагиулдаг ажилтай.Тогооч, туслах болон зөөгчөө загнаад дуу шуу орчихсон “Сайн уу” гээд хүн бүртэй мэндлээд сүйд.Таван үйлчлэгчтэй болсон тул үйлчлэгч нарын өрөөнд “сүүлийн үеийн мэдээ” байнга “дүнгэнээс”-тэй,зөгийн үүр шиг шуугилдана.

Одон медальтай жижүүр өвгөчүүл дээр шөнийн ээлжийн манаач гээд шартсан царайтай муушигчин гарууд нэмэгджээ.Туслах аж ахуйд баруун аймгаас ирсэн баахан айлыг малчин ногоочноор авч ам бүл нэмэв.Зоотехникч,агрономич,малын эмч мэргэжилтэн тэдний дунд байдаг гэсэн.Амралтын газар хамгаалагч,үйлчлэгч,зохион байгуулагч нэмж авсан сурагтай.Буруу дуулаагүй бол шүдний эмчтэй ч болсон яриа дуулдлаа.Санхүүгийн алба хүн нь ихэдсэн тул “үндсэн хөрөнгө” Дулмаа гуай “зөвлөх” мэргэжилтэн болов.Төсвийн албанд ерөнхий эдийн засагч,ахлах эдийн засагч,төсвийн эдийн засагчид,туслах ажилтан,бичээч зэрэг албан тушаал хуваарилав.Байгууллагын дэд даргаас гадна даргын туслагч гэсэн албан тушаал нарийн бичгийн даргаас тусдаа бий боллоо.Манаач жижүүрүүдийг удирдсан харуул хамгаалалтын дарга болон камер дуран хариуцсан нэг бондгор хүү шинээр ирэв.Аж ахуйн даамал Данзан гуай “арын алба-ы дарга болж “дархлагдав”.Ачааны жижиг солонгос машин унана.Ачигч гээд дор хаяхад аймгийн начин байхаар хоёр булиа залуу дагуулна.Нярав гээд “хуруугаараа” тоо боддог цыган шиг навсгар стилийн банзал цамц өмсдөг хүүхнээр “бараа бологчдын”-хоо тоог нэмжээ.Морьтны хишиг явганд гэгчээр дөнгөж сургууль төгсөж ирсэн программын мэргэжилтэн хоёр “шинэкоов”-доо би ахлах мэргэжилтэн болж “томор”-лоо.

Гэвч ажил бол ажил байдаг хойно нөгөө хоёрыгоо ажлын цагаар “чат”-луулахгүй гэж хөөрхөн“муур хулгана”-дана...Засгийн “мөнгө”-ийг шинэ дарга баруун солгойгүй “цацах” нь “галзуу сармагчин”-г “мөнгөний нярав” болгосон мэт.Одон медалийн “хур” үерлэж,манай байгууллагад данстай бүхэн “энгэрээ” цоолов.”Үндсэн хөрөнгө” Дулмаа гуай санхүүгийн гавъяат ажилтан боллоо.Түүнд гурван өрөө байр,ногооны нэг га газраар урамшуулав.Даамал Данзан гуай худалдааны гавъяат ажилтан болж,Хаймер жипээр байлуулав.Би хүртэл “тэргүүний ажилтан” цол тэмдэг,Хайнань аралд гурав хоног амрах эрхийн бичгээр шагнуулж,хоёр туслахаараа гэртээ “үүрүүлж” ирлээ.Манай байгууллагад “шинэ” ирсэн дарга бүрийн хийдэг “шинэчлэл” заримдаа зөв ч юм шиг,буруу ч юм шиг...Мань юугаа мэдэх билээ.Ажлаасаа хусуулчихалгүй амьгүй албат болоод гүйж явбал боллоо.Томилж явуулж байгаа төр засаг нь л “төлөөлөгч”-өө мэдэх байх даа...Амралтын өдөр болгон ажилчидаа амралтандаа үнэгүй амраадаг “шинэ” дарга маань хараажийн “Ардчилсан нам”-ын л хүн бололтой.Суудлаасаа “огцрох” үедээ “байгууллагын хөрөнгө шамшигдуулсан” гэдэг “нэр”-нээс суга үсэрч чаддаг бол уу яадаг бол?... Яг ингэхэд “авилгалтай тэмцэх газрын дарга” одоо аль намын хүн байнаа?Ардчилсан хүчнийх үү,Ху намынх уу?Таах гэж оролдсон нь дээр үү,тааваар нь түүнийг орхисон нь дээр үү?...Үгүй бол тагнуулын байгууллагаар “шалгуулсан” нь дээр үү,сэтгэцийн эмнэлэгт “дуудлага” өгсөн нь онох уу?...Төр барьсан намуудын “томилолт” төөрөлдсөн дарга нарт минь ээлтэй байгаасай...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш